Өнгөрсөн зургаадугаар сард тохиосон их халууны улмаас газар тариалангийн талбайн гуравны нэг нь ургац алдсан тул Монгол улсын засгийн газар үр тарианы экспортыг хориглохоор болсныг өчигдөр албаны хүн мэдээлжээ.
Ирэх намар үр тарианы хомсдолд орж болзошгүй тул Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам ийм арга хэмжээ авахад хүрчээ. Өнгөрсөн сарын агаарын хэм сүүлийн 56 жилийн дунджаас хамгийн өндөр байсан тухай цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.
Ялангуяа Монгол орны төв ба зүүн бус нутгаар ихээхэн гантай байжээ. Их халууны улмаас ой хээрийн түймэр олон газрыг хамраад байсан юм. Энэ нь мөн бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлж, ирэх өвлийг давахад хүндрэл учруулах нөхцөл бүрдсэн байна.
НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн судалгаагаар сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол орны агаарын хэм Цельсийн 2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас гурав дахин их байгааг харуулжээ.
Цаг уурын дулаарлын сөрөг нөлөө тус улсын хүн амын гуравны нэг орчим нь амжиргаагаа залгуулдаг нүүдлийн мал аж ахуйд хамгийн ихээр тусахаар байгаа юм.