УИХ өнгөрсөн шөнө (2017.04.13) Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурлаа.
Энэ нь нийт орлого 20 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага болон цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр тус, тус бууруулсан үзүүлэлт юм.
Урсгал зардлыг бууруулах арга хэмжээний хүрээнд энэ онд улсын төсвөөс санхүүжилт аван хэрэгжих байсан төсөл хөтөлбөрүүдийг хасчээ.
Мөн эрүүл, мэнд боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулсан байна.
Монгол Улсын 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт 132,183.7 сая төгрөг, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 206,308.3 сая төгрөг байхаар тус тус баталсан юм.
Харин 2017 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардлын нийт хэмжээг 53,013.5 сая төгрөгөөр баталлаа.
Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар тус санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 1,999,863.5 сая төгрөг, тус сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах нийт төсвийн хэмжээ 1,891,751.5 сая төгрөг байхаар зохицуулалт хийгдлээ.
УИХ-аас төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж байна. Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогдсон байгаа.
Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад эхний ээлжинд 440 сая ам.доллар орж ирнэ. Үүнийг Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана.
Мөн 5.5 тэрбум ам.долларын зээл авч ашиглах бололцоо нээгдэнэ. Энэхүү зээл нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ зэрэг хэд, хэдэн эх үүсвэрээс босно. Зээлийн хугацаа 30 жил байна.
Зарцуулалтын тухайд, Азийн хөгжлийн банкнаас авах 900 сая ам.долларын зээлийг 3 жилийн хугацаатай авна. Үүний 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэн 300 сая ам.доллар нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулна.
Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. Үүний 440 сая ам.доллар нь төсвийн алдагдал. 160 орчим сая ам.долларыг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.
Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар ярилцаж байна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
БНСУ-аас 200 сая ам.доллар авахаар тохирсон байгаа үүн дээр нэмж 500 сая ам.долларын зээл авна. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Зээлийн жилийн хүү нь 2 хувиас хэтрэхгүй, үүнийг 2018, 2019 онд авч ашиглах төлөвлөгөөтэй байна.
Тодруулж хэлбэл, эдгээр зээлийн жилийн хүү 2 хувиас хэтрэхгүй байх учраас гадаад, дотоодод босгосон бондын хүүтэй харьцуулахад хамаагүй хямд эх үүсвэр болно. Энэ нь нэг талдаа өндөр хүүтэй Засгийн газрын бондоор төсвийн алдагдлыг нөхөж байгааг зогсоож, мөн бага хүүтэй зээлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бололцоо нээгдэж буйгаараа ач холбогдолтой. Гэхдээ нөгөө талд хэд, хэдэн төрлийн татвар нэмэгдэж буйг бас мартах учиргүй.