Дэлхий цахим ертөнцөөр амьсгалж байна. Манайд ч хүн бүр онлайнаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болж. Ийм ч учраас Монгол Улс НҮБ-ын дэргэдэх “Онлайн эрх чөлөө” эвслийн гишүүн орон болсон юм. Одоогоор 23 орон уг эвсэлд нэгдээд буй. Эвсэлд нэгдэн орсон улс болгон нэг, нэг жилээр эвслийн хурлаа даргалдаг уламжлалтай. Өнгөрсөн хавар Эстони улсын нийслэл Таллинн хотноо болсон “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хурлаас дараагийн хурлыг манайхыг зохион байгуулах шийдвэр гарсан билээ. Хуралд оролцогч гишүүн орнууд санал нэгтэйгээр V бага хурлын даргаар Монгол Улсыг сонгосон гэж байгаа. Энэ эвслийн хурлыг даргалан явуулах боломж тийм ч амар олдохгүй. Өндөр шалгууртай нь мэдээжийн хэрэг.
Онлайн ертөнцөд иргэний эрх чөлөөг хэрхэн хангаж байгааг хамгийн гол шалгуураа болгодог. Интернэтийн орчин дахь эрх чөлөөг эрхэмлэдэг дэлхийд нэр хүндтэй энэ байгууллага иргэддээ цахим эрх чөлөөг өгч чадсан гэж Монгол Улсад 2014-2015 онд даргалах эрх олгосон юм. Эвслийн хүрээнд зохион байгуулагдах бүхий л ажилд манай орон манлайлан оролцож, онлайн эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаагаа олон улсын төлөөлөгчдөд тайлагнах үүрэгтэй. Харамсалтай нь жиргээч Ц.Батад тохиолдсон явдлыг харвал огт өөр дүр зураг харагдаж байна. Бид онлайн эрх чөлөөг хангах зарчмаасаа ухарч олон улсад шившгээ тарих нь байна. Монгол Улсын иргэн интернэт орчинд эрх чөлөөгөө боомилуулж, улмаар нийгэмд ажиллаж, амьдрах эрх чөлөөгөө хасуулсан тухай эвслийн гишүүн орнууд дуулбал мэл гайхах байх даа. Ингээд ч зогсохгүй олон улсад ичгэвтэр байдалд орох нь гарцаагүй. Тийм л байсан юм бол “Онлайн эвсэл”-ийг даргалах хэрэг юунд байсан юм бэ.
Иргэн Ц.Батыг интернэт ертөнцөд эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө шоронд хорьчихлоо. Хорих хорихдоо төрийн эрхийг барьж яваа Засгийн газрын гишүүнийх нь хатгаас, нөлөөгөөр ийм шийдвэр гарлаа. Зам тээврийн сайд А.Гансүх иргэн Ц.Батыг твиттерт жиргэснийх нь төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болгочихлоо. Жиргээч Ц.Бат бол нисэхийн салбарын мэргэшсэн ажилтан. Тиймээс салбартаа болж бүтэхгүй байгаа бусармаг явдлууд болон сэтгэл эмзэглүүлсэн зүйлсээ онлайн ертөнцөд чөлөөтэйгөөр олонтой хуваалцдаг байж. Үүнийхээ хариуд ажил, орлого, албан тушаалаараа хохирч, эцэст нь эрх чөлөөгөө хасууллаа.
А.Гансүх сайд түүний 5700 жиргээнд гомдож, хуулийн байгууллагад хандсанаар асуудал ингэж шийдэгдсэн юм. Харин Ц.Бат Эрүүгийн хуулиар шийтгүүлж, шоронд 100 хоног хоригдох ял аваад байна. Ардчилсан чөлөөт нийгмийн хуулийг ийнхүү АН-аас сонгогдсон Засгийн газрын гишүүн маань зөрччихлөө. Ц.Батын эгч болох Спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл энэ санаатай үзэл бодол нэг байгаа юм. Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Онлайн ертөнцөд хүмүүс ярьж байгаа шигээ л бичдэг. Хүн өдөрт 10 юм уу 20 өгүүлбэрээр яриарай, тэрнээс дээш яривал шийтгэнэ гэдэггүй биз дээ. Гэтэл дүүг маань 5700 удаа жиргэсэн байна гээд эрүүгийн ял оноолоо. Дүү маань жиргээнд А.Гансүхийг гомдоохоор тийм зүйл бараг байгаагүй. Энэ бол ардчиллаас ухарсан явдал. Ц.Батад тохиолдсон явдлыг ардчилсан орнууд маш их гайхна. Бүгд Ц.Батыг өмөөрнө, А.Гансүхийн үйлдлийг ойлгохгүй. Төрийн дархлааг иргэд хэзээ ч унагаадаггүй юм. Ц.Батаа мянга твиттерт жиргээд, түүн шиг мянган Батаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд төрийн дархлаа алга болохгүй. Төрийн дархлаа чинь иргэдийнхээ эрх чөлөөнд байдаг юм. Ц.Батаа харин шоронгоос гарсан байвал төр дархлаатай болно” гэсэн юм. Юутай ч “Онлайн эрх чөлөө” эвслийн гишүүн орнуудын төлөөлөл манай оронд ирэх нь гарцаагүй. Тэд Монгол Улсад цахим ертөнц хэрхэн оршин тогтнож байгаад дүн тавих учиртай. Уг эвслийн гол зорилго нь онлайн орчин дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих явдал. Үүнийхээ хүрээнд иргэн бүр онлайн орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Энэ эрх нь өөрийн гэсэн хэм хэмжээгээр хамгаалагдсан байхаас гадна хүний эрх онлайн байдлаар зөрчигдсөн тохиолдолд туслах зорилготой. Ардчиллыг эрхэмлэгч алсын АНУ-д гэхэд жиргээг шүүхээр авч хэлэлцэхгүй гэсэн хуультай. Ирэх оны тавдугаар сард манай улсад зохион байгуулагдах “Онлайн эрх чөлөө” эвсэлд оролцохоор гишүүн орнуудын төлөөлөгчид ирнэ. Тэднийг ирэхэд бид Ц.Батад авсан арга хэмжээгээ юу гэж тайлбарлах вэ. Уг нь эрх чөлөөг нь ханга гэж даргалуулсан болохоос онлайнд эрх чөлөөгөө хангасан хүнийг барьж хорь, тэр байтугай эрүүгийн ял хүлээлгэ гээгүй биз дээ. Бид Монголдоо онлайн хурал зохиох эрх авчихаад твиттерт жиргэж байгаа хүнийг хорьчихлоо. Хурал эхлэх тэр цагт дэлхийн цахим эрх чөлөөг эрхэмлэгчид Монгол Улсад ямар үнэлгээ өгөх бол. Монголын нэр хүндийг олон улсад унагах бас нэг том шалтгаан нь эрхэм сайд А.Гансүхийн гомдлын дагуу Монгол Улсын иргэн Ц.Батад үзэл бодлоо илэрхийлж жиргэснийх нь төлөө өгсөн эрүүгийн ял болно гэдэгт эргэлзэх юм алга.
М.МӨНХЦЭЦЭГ