Categories
мэдээ нийгэм улс-төр

​Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос өнөөг хүртэл хэрэгжиж байгааг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа онцлов.Уг төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаанд арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гарсан бөгөөд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээг өргөтгөн цар хүрээ болон ашиг хүртэгсдийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт олгохоор харилцан тохиролцоод байна. Санхүүжилтийн нөхцөлийг дурдвал эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа эхний 5 жил, зээлийн хүү1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж 0.5 хувь тус тус байна гэж байлаа.

Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд асуулт асуух, үг хэлэх гишүүд гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, үг хэлсний дарааМонгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *