Categories
мэдээ нийгэм

Монгол Улс-ОХУ-ын хооронд зорчих бүх төрлийн хөдөлгөөн хязгаарлагдахгүй

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, 01/01 дугаартай “Хилийн боомтыг түр хаах тухай” зөвлөмж гаргасан.

Хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онцгой байдлын хорооноос шинэ коронавирус (2019-nCov)-ийн халдварын тархалтын асуудлаар олон улсын хэмжээний онц байдал зарлах тухай зөвлөмж гарсан, Бүгд Нарамдах Хятад Ард улсын хөрш орнууд хилээ хааж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын орлогч, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын илтгэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны илтгэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгийн мэдээллийг хэлэлцээд Засгийн газарт Монгол Улс, БНХАУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг зогсоож, хилийн боомтыг түр хаах шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлсэн болно.

ҮАБЗ-өөс зөвлөмж гарсантай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэр гарсан болно.

Үүнд:

  1. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжиж ирэх бусад улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглов.
  2. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглов. /Ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөршөөрлийг үндэслэн хилээр гаргана./
  3. БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл бүх боомтоор нэвтрүүлнэ. Энэ өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулна.
  4. Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаав.
  5. Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй.
  6. Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм. Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.

Засгийн газрын дээрх шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улс-ОХУ-ын хооронд зорчих бүх төрлийн хөдөлгөөн хязгаарлагдахгүй, хэвийн үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *