НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун чуулганы төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгээр Ассамблейн даргаар сонгогдлоо.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр Кени Улсын Найроби хотноо эхэлсэн юм. Ассамблейн чуулганд дэлхийн 170 гаруй орны төлөөлөгч оролцож байна.
НҮБ-ын бүтцийн томоохон байгууллагыг Монгол Улс анх удаа ийнхүү даргалахаар болж буй нь олон улсын тавцан, тэр дундаа НҮБ-д манай нэр хүнд, байр суурь өндөр байгааг илэрхийлж байна. Уг сонгуульд Монгол Улс нэр дэвшин өрсөлдөх, санал, дэмжлэг авах ажлыг Гадаад харилцааны яам болон түүний удирдлага, дипломат ажилтнууд өндөр төвшинд амжилттай зохион байгуулсанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун талархаж байгаагаа уламжилсан байна.
Энэ дашрамд дурдахад, Монгол Улс НҮБ-ын хоёр том сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа юм. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2015 онд, Аюулгүй байдлын зөвлөлд 2022 онд сонгогдохоор ажиллаж буй. НҮБ-ын гишүүн 193 оронтой бүгдтэй нь дипломат харилцаа тогтоох зорилго тавин ажиллаж байгаа нь тэдгээр орнуудын санал, дэмжлэгийг хүлээх, байр сууриа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.