Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 15-нд Хятадын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны төв байранд тус бүсийн засаг захиргаа, хууль зүйн газрын дарга Чэн Хайфаньтай “БНХАУ-ын Макаогийн онцгой бүс болон Монгол Улс ялтан шилжүүлэх хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.
Энэ оны тавдугаар сард ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Засаг захиргааны онцгой бүс Макаотой Ялтан шилжүүлэх тухай болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тухайн үед Хонконгийн хууль зүйн хорооны удирдлагатай уулзаж энэ ондоо багтан дээрх хэлэлцээрүүдийг эцэслэн байгуулахаар тогтсон юм. Энэ дагуу ийнхүү манай улс Макаотай ялтан шилжүүүлэх хэлэлцээр байгууллаа.
Монгол Улс, Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хооронд 2010 онд “Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр байгуулагдсанаар эрх зүйн салбарын хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын нэг иргэн ял эдэлж байгаа бөгөөд, гэмт хэрэгт холбогдсон 19 иргэн байгаа юм. Тус хэлэлцээрийг байгуулснаар эрүүгийн хэргийн талаархи хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх чиглэлээр хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм.