Монгол Улс 2022 оны эхний улиралд дэлхийн 126 оронтой худалдаа хийж, худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 1.9 тэрбум ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.доллар болсон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 108,7 сая ам.доллароор буюу 3.1 хувиар өссөэ ба үүнээс импорт 167,0 сая ам.доллароор буюу 11.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Харин гадаад экспортын хэмжээ 58,3 сая ам.доллароор буюу 2.9 хувиар буурчээ. 2021 оны гуравдугаар сард өмнөх энэ оны гуравдугаар сарынхтай харьцуулахад экспорт 121,3 сая ам.доллароор буюу 18.9 хувь, импорт 171,8 сая ам.доллароор буюу 35.7 хувиар тус тус өссөн байна.
Монгол Улсын Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний улиралд 476,6 сая ам.долларын эерэг тэнцэлтэй байсан бол 2022 оны эхний улиралд 251,4 сая ам.долларын эерэг тэнцэлтэй гарч, өмнөх оны мөн үеэс даруй 225,3 сая ам.доллароор буурчээ.
2022 оны гуравдугаар сард гадаад худалдаанаас олох ашиг орлого өмнөх сарынхаас 50,5 сая ам.доллароор буурсан аж. 2022 оны эхний гурван сард БНХАУ-тай хийсэн гадаад худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрч, нийт бараа эргэлтийн талаас илүү буюу 56,6 хувийг эзэлж байна.
БНХАУ руу нийлүүлсэн нийт экспортын 46,5 хувийг зэсийн баяжмал, 41,0 хувийг битумэн нүүрс буюу чулуужсан түлш эзэлж байгаа бол Швейцарь руу гаргасан нийт экспортын 99,8 хувийг алт эзэлж байгаа аж.
2022 оны эхний улиралд Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 58,3 сая ам.доллароор буурсанд нүүрсний экспорт 16,7 сая ам.доллароор буурснаас болсон гэгдэж байна.
2022 оны эхний улиралд экспортын хэмжээ өмнөх сарынхаас 121,3 сая ам.доллароор өсөхөд чулуужсан түлш /нүүрс/-ний экспорт 166,4 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
2022 оны эхний улирлын байдлаар нийт импортын 32,0 хувийг ОХУ, 31,2 хувийг БНХАУ, 8.2 хувийг Япон, 4.8 хувийг БНСУ, 3.5 хувийг АНУ, 2.5 хувийг Герман улс эзэлж байгаа нь нийт импортын 82,1 хувийг эзэлж байгаа юм.
2022 оны эхний улиралд ОХУ-аас импортолсон нийт импортын 57,1 хувийг газрын тосны бүтээгдэхүүн, Японоос импортолсон нийт импортын 71,2 хувийг автомашин, 6.6 хувийг БНХАУ-ын цахилгаан эрчим хүч, 5.8 хувийг ачааны машин, 87,6 хувийг цахилгаан болон бусад бараа эзэлж байна.
Монгол Улсын импорт өмнөх оны мөн үеэс 167,0 сая ам.доллароор өсөхөд автобензины импорт 90,4 сая ам.доллар, суудлын автомашин 28,0 сая ам.доллар, дизель түлш 15.3 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нийт экспортын 97,3 хувийг нь эрдэс бүтээгдэхүүн, байгалийн болон таримал чулуу, үнэт металл, үнэт эдлэл, нэхмэлийн экспорт эзэлж байгаа аж. Мөн нийт импортын 61,8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин техник, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон түүний сэлбэг хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа ажээ.
Монгол Улс ийнхүү дэлхийн 126 улс оронтой худалдаа арилжаа хийж, тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарсан байна. Гэсэн ч Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн Монгол Улсын эдийн засгийн тоймд дурдсанаар, Монгол Улсын эдийн засгийн сэргэлт 2021 оны сүүлийн гурван улиралд зогсонги байдалд орсон ч 2022 оны хувьд эдийн засгийн өсөлтийн төлөв “нэлээд даруухан” хэвээр байх төлөвтэй гэжээ. Эл тоймд мөн 2022 онд эдийн засгийн өсөлт нь 2.5 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон нь БНХАУ-тай үргэлжилж буй хилийн маргаан болон Орос, Украины дайн нөлөөлнө гэж онцолжээ.
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих үйл явц үргэлжилж байгаа ч түүхий эдийн үнийн өсөлтийг үл харгалзан хилийн хаалт, хязгаарлалтаас үүдэн сунжирсан худалдааны тасалдал, ложистикийн хүндрэлүүд эргээд эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа юм.
Монгол Улсын ерөнхий инфляц 2022 оны гуравдугаар сар гэхэд 14,4 хувиар огцом өссөн нь бодит орлого болон өрхийн хэрэглээнд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүнээс гадна, Орос, Украины дайн гэх мэт гадаад хүчин зүйл эрсдэлийг улам нэмэгдүүлж, гадаад валютынх нь эрэлт нэмэгдэж, олон улсын нөөц улам бүр багассан гэж Дэлхийн банкны тайланд мөн дурджээ.
2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбараас гадна уул уурхайн салбар богино хугацаанд сэргэсэн нь эдийн засаг нь өсөх гол хөдөлгөгч хүч болсон гэж тайланд тэмдэглэжээ. Эрэлтийн талаас нь авч үзвэл, дотоодын хөрөнгө оруулалт ашигт малтмалын нөөц их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсныг ч онцолж. Гэсэн хэдий ч, Засгийн газрын зүгээс нь эдийн засгаа дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч ард иргэдийнх нь хувийн хэрэглээ 2021 онд дөрвөн хувиар буурчээ.
2021 онд БНХАУ-тай хийсэн хоёр талын худалдаа тасалдсан нь уул уурхайн экспорт болон дотоодын үйлдвэрлэлийг явуулахад амин чухал эх үүсвэрүүдийн импортод саад учруулсныг ч тэмдэглэжээ.
Монгол Улсын хамгийн том зэсийн уурхай болох “Оюутолгой” төслийн далд уурхайн үе шат 2023 оны хоёрдугаар хагаст ашиглалтад орох төлөвтэй байгаа учир дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг 2023-2024 онд зургаан хувиас дээш байхаар тус тайланд тусгасан байна.
Хоёр жил үргэлжилсэн төсвийн тэнцвэргүй байдал нь урт хугацааны тогтвортой хөгжилд заналхийлж байгаагийн улмаас бодлогын орон зай улам бүр хязгаарлагдмал болж байна гэж тайланд онцолжээ. 2021 онд төсвийн зарлага нь өссөнд голчлон “өгөөмөр” боловч байгаа олоогүй зорилтот бус халамжийн хөтөлбөрүүд нөлөөлсөн гэжээ. Үүний зэрэгцээ, улсын өр, тэр тусмаа Төв банкны своп хэлцэл 2021 онд ДНБ-ий 92 орчим хувьд хүрч огцом өсөж, эдийн засгийг дэмжих зорилгоор “КОВИД-19”-тай холбоотой төсвийн томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэсэн байна.
Харин татварын өрийг нэг удаа чөлөөлснөөр төсвийн нийт алдагдал ДНБ-ий 3.1 хувь болж буурсан, мөн “Ирээдүйн өв” сангаас Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг санхүүжүүлснээр төсвийн үндсэн алдагдал ДНБ-ий 3.1 хувьд хүрч, төсвийн хүрээ, урт хугацааны тогтвортой байдлыг сулруулсан гэж тайланд дүгнэжээ.
Одоогийн байдлаар Монгол Улсын эдийн засаг удаашралтай, инфляц ч өндөр, төсвийн болоод гадаад тэнцвэргүй байдал нэмэгдэж, өрийн дарамт зэрэг “хүчтэй салхи шуургатай” тулгарч байна хэмээн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.
Андрей Михев: “Тогтворгүй байдал өсөж, эрсдэл нэмэгдэж байгаа нь макро-эдийн засгийн бодлогод зохицуулалт хийх, тухайлбал инфляцын найдвартай “зангуунд” эргэн орохын тулд мөнгөний бодлогодоо зохицуулалт хийж, Төв банкны үйл ажиллагааны бие даасан байдлыг бэхжүүлэн, өрийг тогтворжуулахын тулд төсвөө нэгтгэж, халамжийн хөтөлбөрүүдийг илүү оновчтой болгох шаардлагатай. Түүнчлэн, Монгол Улс дунд хугацаанд илүү төрөлжсөн, тогтвортой өсөлтийг бий болгох үндэс суурийг тавихад туслах бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна”.
Басхүү, мөнгөний бодлогыг найдвартай инфляцын “зангуунд” оруулж, зээлийн хүүг цаашид өсгөж, ерөнхийдөө санхүүгийн үйл ажиллагаагаа хумих шаардлагатайг тайланд онцлон тэмдэглэжээ. Хамгийн чухал нь ядуу зүдүү иргэд рүүгээ чиглэсэн төсвийн арга хэмжээ авах нь төсвийн тэнцвэргүй байдлыг тогтоон барьж, хүн амын хамгийн эмзэг бүлэг гэсэн тодотголтой тэдгээр айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусална. Мөн эл тайланд, дунд хугацаанд өсөлтийг бэхжүүлэхэд туслах худалдаа, тээврийн зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дотоодын бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг ч чухалчилжээ.