Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс Чех рүү хагас жилийн байдлаар 140 сая ам.долларын экспорт хийжээ

Монгол Улсаас БНЧУ руу 2016 оны эхний хагас жилийн байдлаар 140 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин импортын дүн тайлант хугацаанд 44 сая ам.доллар байсан гэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол, Чехийн бизнес форумын үеэр мэдээллээ. Энэхүү бизнес форумд БНЧУ-аас 20 гаруй харин Монголын талаас 70 бизнес эрхлэгч оролцож хамтран ажиллах ямар боломж, бололцоо байгаа талаар ярилцлаа. Монгол Улсын хувьд Чех рүү гол төлөв ноос, ноолуур, сүлжмэл хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн экспортолдог байна. Цаашид газар тариалан, мал аж ахуйн салбар болон аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад Чехийн талаас байгальд ээлтэй тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх шаардлагатай байгааг МҮХАҮТ онцолсон. Өнгөрсөн хугацаанд Чехийн Засгийн газрын тусламжийн хүрээнд Монголд 50 гаруй сая еврогийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Чехийн бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Мөн Монгол хоёр том улстай хиллэн оршдог нь эдийн засгийн хувьд томоохон боломж гэж харж байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл Монголд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, ОХУ болон Хятадын зах зээлд гаргах сонирхолтой байгаа гэсэн юм. Үүнээс гадна Монгол, Чехийн бизнес форумын үеэр хоёр улсын Худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *