Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНФУ-ын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов DNN.mn

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яам хоорондын улс төрийн 8 дугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, францын талаас Европ, гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын газрын Ерөнхий захирал Б.Лартолари нар тэргүүлэв.

Уулзалтаар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар зөвлөлдөж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн асуудлаар санал солилцов.

Тухайлбал, өндөр дээш түвшний айлчлал хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа талууд нотолж, харилцааны түвшинг ахиулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ соёл, боловсрол, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай зэрэг тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангах чиглэлд хоёр талын харилцааг өргөжүүлэх алхамуудыг хэлэлцэв.

Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй механизм бөгөөд уулзалтаар хэлэлцэж, тохиролцсон олон чухал асуудлыг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэхээ талууд илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *