Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн /BEPS/ гишүүнээр элслээ. Европын Холбооноос энэ сарын 05-ны өдөр Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсан юм.
Өмнө нь “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”/BEPS/-өөс дэлхийн улс орнуудад уриалга гаргаж, 120 орчим улс уг жагсаалтад нэгдэхээ илэрхийлсэн байдаг. Харин манай улс өнгөрөгч наймдугаар сард татгалзсан хариу явуулснаар ийнхүү асуудалд ороод байсан билээ.
Засгийн газрын зүгээс Европын Холбооны мэдэгдлийн дараа холбогдох байгууллагад бичиг явуулж нааштай хариу авсан нь энэ юм. Улмаар хар жагсаалтаас гаргах ажлыг хариуцах шинэ тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилон ажиллуулж байна. Монгол Улс нэн тэргүүнд татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай дэлхийн форумд элсэх, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид нэгдэх зэрэг ажлын ард гарах шаардлагатай байгаа юм.
Мөн ил тод байдлыг хангах зорилгоор татварын ерөнхий хууль, хүн амын орлогын албан татварын тухай хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Сангийн яам ажиллаж байна. Ингэснээр арилжааны банкнууд дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл, дансны хуулгыг татварын байгууллагаар дамжуулж ил болгоно гэж Сангийн сайд онцолсон билээ.