Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс “АСЕМ-11”-ийг сайн зохион байгуулж, дэлхийн анхаарлын төвд байлаа

Ази, Европын эдийн засгийн 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалт энэ өдрүүдэд манай улсад болж, өнөөдөр албан ёсоор хаалтын үйл ажиллагаа явагдан, эрхэмсэг зочид маань нутаг буцацгааж байна.

Ази, Европын орнуудыг нэгтгэсэн АСЕМ-ын дээд хэмжээний 10 дугаар уулзалт Итали улсын Милан хотноо өнгөрсөн 2014 онд болж өндөрлөсөн билээ. Тус байгууллагын 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардан авч байсан юм. 53 улс орныг эгнээндээ нэгтгэсэн, хоёр жилд нэг удаа болдог АСЕМ-ын уулзалтыг манай улс нэр төртэй, амжилттай сайн зохион байгууллаа.

Ирсэн зочид төлөөлөгчид ч ингэж дүгнэв. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Би ирэхдээ төлөвлөснөөсөө илүү хоёр талын уулзалтууд хийгээд амжлаа. Танай орон сайн зохион байгуулж чадлаа” хэмээснийг Гадаад хэргийн сайд дуулгаад авна лээ. Мөн энэ удаагийн АСЕМ-д дээд түвшний төлөөлөгчид олноороо хүрэлцэн ирсэн нь ямар хэмжээнд зохион байгуулж байгаагийн илэрхийлэл шүү хэмээн ирсэн зочид онцлоод буцжээ.

Мэдээж, энэ хоёр өдөр Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байлаа. Зочдод зориулсан “Бэсрэг наадам” хийсэн нь бүр чиг өнгө нэмлээ. Наадмын үеэр морь уралдуулж, бөх барилдуулахын зэрэгцээ уртын дуу, морин хуур, үндэсний бүжиг зэрэг тоглолт үзүүлж, өв уламжлал, ёс заншил юугаан давхар сурталчилсан нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон юм. Өндөр дээд түвшний зочид монгол зоны найрсаг, зочломтгой байдал, агуу их түүх соёлыг гайхан биширснээ уулзалтын төгсгөлд эшлэн хэлцгээж байсан билээ. Ялангуяа Европын холбооны ерөнхийлөгч Жон Клод Юнкер монголчуудын баялаг түүхээр бахархсанаа онцолсон юм. Мөн олон улсын хэвлэлүүд, Монголын ёс заншил, давтагдашгүй соёлыг бичиж, гаднын иргэд ч АСЕМ-ын сонирхолтой гэрэл зургуудыг хараад Монголд ирж үзэхийг хүсэж байгаа тухай мэдээлэл цахим орчид түгж эхэлжээ. “АСЕМ-11” Монголын тухай олон улсад эерэг сэтгэгдэл төрүүлж чадлаа.

АСЕМ-ын уулзалтын үеэр өндөр хөгжилтэй улс орнуудын төрийн тэргүүнүүд дэлхийн дулаарал, харилцаа хамтын ажиллагаа, эдийн засаг, цаашдын хөгжлийн бодлого зэрэг асуудлыг хөндөн ярилцаж, санал нэгдсэн нь ахиц дэвшил байлаа. АСЕМ-ын дээд түвшний уулзалтын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийхдээ “18 сарын турш бэлтгэж байж энэ уулзалтын ард амжилттай гарлаа. Энэ нь дээд түвшний уулзалт зохион байгуулах маш том туршлага боллоо. Мөн амжилттай зохион байгууллаа. Уулзалтын зохион байгуулах багт оролцож ажилласан төрийн байгууллагынхан болон төрийн бус байгууллага, сайн дурынхандаа маш их баярлалаа. Мөн ус, ундаа бензин зэрэг өөр, өөрийн бараа бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэж, хандив өргөсөн байгууллагууддаа талархсанаа илэрхийлье. Уулзалтыг зохион байгуулахад нийтдээ 21 тэрбум төгрөг зарцуулсан. Тус мөнгөөр бид цагдаагийн машин, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарын сургалт зэрэгт зарцуулж, зарим төлөөлөгч нарын зардал, буудлын төлбөр зэрэгт зарцуулсан байгаа” гэлээ. Түүнчлэн АСЕМ-ийн төвийг Монголд байгуулах саналаа илэрхийлсэн гэдгийг дуулгасан юм.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *