Монгол Улс энэ оны эхний арван сарын байдлаар 32.3 сая тонн нүүрс экспортлосон тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд төлөвлөлтөө биелүүлэхэд 9.7 тонн нүүрс экспортлох шаардлагатай болж байна.
Манай улс оны эхний арван сарын байдлаар 2.75 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 309.2 сая ам.доллараар буюу тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор их байгаа юм. Өнгөрсөн оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өссөн бөгөөд нийт нүүрснийхээ 98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна.
Дашрамд дурдахад, Монгол Улс ирэх онд мөн 42 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгаад буй. Ингэснээр 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн юм.