УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ 2007 оны нэгдүгээр сард “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийг баталснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд Төв, Дархан-Уул, Өмнөговь аймагт нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станц ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбожээ. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Эдгээр эх үүсгүүрийг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбосон тохиолдолд, сүлжээний горим, ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Тиймээс төвийн сүлжээнд холбох сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг зохистой хэмжээнд байлгах асуудлыг хуульд тусгасан хэмээн хууль санаачлагч Д.Дамба-Очир гишүүн танилцуулав.
Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэж, тусгай зөвшөөрөл авах хүсэлт олноор ирэх болсон. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байгуулах тусгай зөвшөөрөл авчихаад түүнийгээ бусдад худалдаж, ашиг олох асуудал ч гарч эхэлсэн. Иймд хуулийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхитай байх ёстой гэсэн заалтыг оруулсан. Мөн бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байгуулсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нэгжид олгох урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай байна” гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Сэргээгдэх эрчим хүч тэр дундаа нарны эх үүсгүүрийн зөвшөөрлийг олноор олгох нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, наргүй өдөр эрчим хүч унах эрсдэлтэй. Бусад улс оронд бол наргүй өдөр цөмийн цахилгаан станциуд нь нөхөж ажилладаг. Харин манай нүүрсний станциуд нөхөж ажиллахад хүндрэлтэй юм” гэв.
Харин Ц.Мөнх-Оргил гишүүн энэхүү хуулийн төслийг Засгийн газар боловсруулан өргөн барих ёстой хэмээсэн юм. Тэрбээр, “Эдийн засгийн тэр дундаа эрчим хүчний салбарын хөгжил, үнэ тарифыг нарийн судалдаг төрийн байгууллагууд бий. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын судалгаа, саналд тулгуурлан Засгийн газар өргөн барих хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр Багануурын цахилгаан станци барих төслийн явцын талаар тодрууллаа. Түүнчлэн Монгол Улс хэдэн онд эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах боломжтой болохыг асуув.
Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга А.Тлейхан, “Тавантолгой болон бусад эрчим хүчний эх үүсгүүрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулсан тохиолдолд 2023 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой гэдгийг онцлов.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Багануурын цахилгаан станцийн төсөлд Монгол Улсын эрчим хүчний системийн горимд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай эх үүсгүүр тавихаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 350 МВт-ын эх үүсгүүр гэнэт зогсвол түүнийг нь нөхөж ажиллах боломж манайд байхгүй. Эрчим хүчний үүсгээр гэнэт зогссон тохиолдолд түүнийг нөхөх ганц эх үүсгүүр нь ОХУ-аас авч байгаа 245 МВт-ын генератор юм. Тиймээс 150 МВт-аас илүү хүчин чадалтай генератор манайд ажиллах боломж хомс. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай уулзаж байгаа” хэмээв.
Мөн Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж буйг УИХ-ын гишүүд тодруулж байлаа.
ЭХЗХ-ны дарга А.Тлейхан, “Монгол Улс одоогоор нийт хэрэглээнийхээ 17 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. Удахгүй хоёр нарны эх үүсгүүр ашиглалтад орох юм. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2020 онд 20 хувьд хүргэх зорилтоо биелүүлэх юм” гэлээ.
Мөн Ё.Баатарбилэг гишүүн агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах ямар боломж байгааг тодруулав.
Эрчим хүчний яамнаас “Нарны дээвэр” төсөл хэрэгжүүлэх судалгааны ажил эхлүүлсэн гэдгийг Ц.Даваасүрэн сайд хэллээ. Тэрбээр, “Гэр хорооллын айл, өрхүүд байшингийн дээврээ нарны хавтангаар хийж эрчим хүч хуримтлуулж, гэрээ халаах юм. Мөн эрчим хүч хуримтлуулах батеррейгаа 21.00 цагаас хойш төвийн эрчим хүчний системд холбож, мөн гэрээ халаах боломжтой. Ингэснээр шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэх юм” гэлээ.
Ийнхүү 13.00 цаг болсон тул чуулганыг түр завсарлуулж, 15.00 цагаас дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.