Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс 20 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ

Монгол Улс оны эхний найман сард 20.4 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Үүнээс хамгийн их буюу 15.4 сая ам.долларын үнэ бүхий ноолуурыг Итали улсад экспортолжээ. Энэ нь Нийт экспортын 76 хувийг бүрдүүлж байна. Харин 10.7 хувь буюу 2.2 сая ам.долларын ноолуурыг Их Британид, 8.1 хувь буюу 1.6 сая ам.долларын самнасан ноолуурыг БНХАУ-д экспортолжээ. Монгол Улсын хувьд боловсруулсан ноолуурын гол зах зээл нь Итали, Их Британи зэрэг Европын орнууд байгаа ба “Ханбогд кашмер”, “Говь” зэрэг компани бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа аж. Харин Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монголоос Японд экспортлох ноолуур, ноолууран бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн байна. 2016 оны эхний найман сард нийт 293.1 мянган ам.долларын самнасан ноолуур Японд экспортолсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 3.7 дахин өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлж бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүсэлтэй 20 гаруй компани МҮХАҮТ-аас 100 гаруй төрлийн гарал үүслийн гэрчилгээ аваад байгаа аж. Ялангуяа ноолууран бүтээгдэхүүн голлох хувийг эзэлж, “Говь”, “Буян” компаниуд бүтээгдэхүүнээ экспортлоод байна. “Говь” компанийн хувьд Европоос гадна ОХУ-ын зах зээлд гаргах экспорт нь нэлээд жин дардаг. Самнасан ноолуурын экспорт биет дүнгээрээ 308.8 тоннд хүрсэн нь 2015 оны эхний найман сартай харьцуулахад 2.8 хувиар буурсан дүн болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *