Categories
мэдээ цаг-үе

Монгол угсаатны зүйн арван мянган цуглуулгатай гэр музейн эзэн О.Маш-Эрдэнийнх

Тэртээ 1974-1983 онд тухайн үеийн Монгол ардын хувьсгалт намын Төв хороонд, Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМаУ-ын ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Юмжаагийн Цэдэнбалын туслахаар ажиллаж байсан дипломатч, монгол угсаатны зүйн гэр музейн эзэн Очирын Маш-Эрдэнийнхээс энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Өдгөө далан насыг ардаа үлдээсэн О.Маш-Эрдэнэ гуай гэргийн хамт гуравдугаар хороололд байх дөрвөн өрөө байрандаа биднийг угтан авсан юм. Гэрийнх нь үүдээр ороод л түүхийн музейд орчиховуу гэлтэй энд тэндгүй эртний эдлэл өрөөстэй байх. Монгол түмний үнэтэй өв соёл болсон морин хуур хөгжим эртнээс эдүгээ цагийн хийцээрээ ялгагдан өрөө бүрийн хананд өлгөөстэй харагдана. Бурхан шашны эд зүйл, судар номыг ч хоймортоо хүндэтгэлтэйгээр залжээ.

Зун, намартаа агаар устайг нь бодож Яармаг дахь хашаа байшиндаа амарч үр хүүхэд, ач зээ нартайгаа наадан өнгөрүүлдэг байна. Харин хүйтрэхээр хороолол дахь энэхүү байрандаа өвөлждөг ажээ. О.Маш-Эрдэнэ гуайн гэргий д.Оюун гуай бидэнд цай аягалж, тавгийн идээ барив.

Хана, ширээн дээр байх эртний ваар, авдар, модон сийлбэр, баримал, судар, бурхан, ташуур, эмээл, хазаар, уран зураг гэх мэтийн сонин содон эд зүйлийг гайхан харж суусаар чухам ямар цай, идээ ундааг идэж ууснаа мартаж. Ийн суутал О.Маш-Эрдэнэ гуай “Хэдүүлээ манай Яармаг дахь гэрт очъё. Тэнд манай гэр музей бий. Түүнийг очиж сонирх” гэлээ. Ингээд хороолол дахь гэрээс нь гарч Яармаг дахь Монгол угсаатны зүйн гэр музей рүү нь явлаа. Бид замдаа О.Маш-Эрдэнэ гуайгаас зарим зүйлийг асууж, түүний түүх намтраас сонирхов. Тэрбээр 1949 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төржээ. Түүнийг таван настай байхад нь Улаанбаатарт ирж, суурьшсан байна. 1967 онд тэрбээр ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, 1973 онд хуучин ЗХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны дээд сургууль буюу тагнуулчдыг бэлтгэдэг алдартай сургуулийг гадаад хэл, хууль эрх зүйн мэргэжлээр сурч, төгсжээ. Улмаар эх орондоо ирж Нийгмийг аюулаас хамгаалах яамд ажиллаж байгаад МАХН-ын Төв хороонд хариуцлагатай албан тушаал хашиж байсан аж. Түүнээс тагнуулчийнх нь талаар сонирхон асуусан боловч дорвитой хариулт авсан ч үгүй, инээгээд л өнгөрсөн юм. Тагнуулч хүн ийм л байдаг даа гэлтэй. Тэрбээр хожим 1983-1987 онд Афганистан улс дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд үүрэг гүйцэтгэсэн дипломатч байснаа буцаад НАХЯ-д ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарчээ. Тэр цагаас хойш өдий хүртэл Монгол угсаатны зүйн эд зүйлийг цуглуулж, өдгөө хувийн музей байгуулах хэмжээнд хүрсэн байна. О.Маш-Эрдэнэ гуай хууль эрх зүйч мэргэжилтэйгээс гадна орос, англи, франц, герман, перс хэл эзэмшжээ. Тэрбээр эцэг, эхээс зургуулаа. Түүний хамгийн том ах О.Бат-Эрдэнэ гуай олон жил телевизийн салбарт ажилласан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хүн юм. О.Маш-Эрдэнэ гуайн дүү О.Машбатыг манай уншигчид “Жинжиймаа” буюу гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн хань гэдгээр нь илүү мэдэх биз. Монголын кино урлагийн нэрт найруулагч, зохиолч О.Машбат агсны найруулсан “Жинжиймаа”, “Сийлэн бөөр”, “Хэенхуар”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг олон кино нь монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн уран бүтээлүүд билээ. О.Маш-Эрдэнийн гэргий Дашнямын Оюун гуай 1949 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр урлагийн хүн юм. Хуучин Хөгжим бүжгийн дунд сургууль, Багшийн сургуулийн соёлын ангийг тус тус төгссөн байна. Гэр бүлийн хоёр маань тэртээ жаран найман онд хувь заяагаа холбосноос хойш 50 гаруй жил хамт амьдарч буй. Таван хүүхэдтэй, хамгийн бага нь дөч хүрч яваа бол хамгийн том нь 50 настай гэнэ. Хоёр бага хүүхэд нь Америк улсад 10 гаруй жил гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа бол ах, эгч нар нь эх орондоо хувийн ажил, ахуйгаа эрхлэн аж төрдөг байна. Ач, зээ хэдийнэ арав гарсан өнөр өтгөн сайхан амьдарч байна даа хэмээн О.Маш-Эрдэнэ гуай сэтгэл өег ярьж явав.


Монгол угсаатны зүйн эртний эд зүйлс. 200 жилийн настай дархад бөөгийн хувцас

МОНГОЛ ТУУРГАТАН ДУНДАА ХАМГИЙН ОЛОН АВДАРНЫ ЦУГЛУУЛГАТАЙ ХҮН

Ийн явсаар түүний Яармаг дахь Монгол угсаатны зүйн гэр музейд нь ирлээ. Хоёр давхар, өндөр дээвэртэй модон байшингийн орой дээр төрийн далбааг байрлуулсан нь хаанаас ч харагдахаар юм. Биднийг очиход тосч авсан залуу бол түүний хүү М.Золбаяр. Энэ залуу мөн л аав шигээ англи, орос, герман, япон хэлтэй, түүх соёлоо дээдэлдэг нэгэн аж. Эднийх хашаан дотроо жимсний мод, төрөл бүрийн ургамлыг битүү тарьжээ. Урин дулаан цаг учир эдгээр тарьсан модны зарим нь жимсэлж, ургамал бүрээс нь өнгө өнгийн цэцэг дэлбээлсэн байна. Үнэхээр ч агаар устай, ойн төгөл мэт цэвэр цэмцгэр хашаа хороотой. Байшингийн хажууханд том саравч барьжээ. Түүний цаана таван ханатай монгол гэр харагдана. Энэ гэр дотор нөгөө Монгол угсаатны зүйн эд зүйлс байгаа нь тодорхой. О.Маш-Эрдэнэ гуайн энэхүү байшинд мөн л эртний эдлэл, түүх соёлын үнэтэй олдвор, урлагийн бүтээл энд тэндгүй харагдана. Хувь хүнд ийм содон сонин олон гайхам эд зүйлийн цуглуулга байна гэдэг гайхамшиг. Тэрбээр 1990 онд тэтгэвэртээ гарснаас хойш өдийг хүртэл эдгээр эд зүйлсийг цуглуулж эхэлж. Өдгөө арван мянган эд цуглуулгатай болсон гэнэ. Ингээд түүнтэй хамт гэр музей рүү нь орлоо. 2005 оноос угсаатны зүйн гэр музей болгож хүмүүст сонирхуулж эхэлсэн байна. Хуучны сархинаг тоонотой дөрвөн ханатай гэрт тийм ч олон эд зүйл багтахгүй болохоор таван ханат болгож томсгон эд зүйлсээ байрлуулж гэр музейгээ байгуулжээ. Эдний музейд 300 гаруй эд зүйлс бий. 30 гаруй жил цуглуулсан модон авдар, хайрцаг, сав суулга, төмөр тогоо, мод, зэс, гууль, төмрөөр хийсэн шанага, хувин сав, таваг, гуулин данх, айргийн хөхүүр, ширээ, сандал, малгай, ууж, дээл хувцас, эмээл, хазаараас эхлээд тэмээнд тохож хүүхдээ дүүрдэг “өөжин”, нохойны идүүр, морин хуур, хөгжмийн зэмсэг, бурхан шашны эд зүйл гээд нүүдэлчин монголчуудын ахуйн соёлыг эндээс харах боломжтой болгож. Тухайлбал, нэг ч хадаас ороогүй углуургатай модон авдар гэхэд 200 гаруй, номын сан хөмрөгт нь Алтангэрэл, Жадамба, Их хөлгөний болон уншлагын судрууд, Чойрын номууд гээд 3000 гаруй судар тэвхийтэл хураасан байх. 100 гаруй жилийн настай XIX зуунд хамаарах бэлтэй айлын хүүхдийн уужтай дээл. Монголын ЮНЕСКО-гийн номд орсон хуучны айргийн хөхүүр байдгийг ч тэрбээр тайлбарлав. Гэр музейн баруун хатавчинд дөрвөн эвэртэй хонины толгойд модоор их бие хийгээд байрлуулжээ. Энэ ямар учиртай болохыг лавлахад, “Хөвсгөл аймгийн мянгат малчны хотонд төрсөн дөрвөн эвэртэй хонины толгой юм. Энэ бол тэр айлын сэтэртэй хонь. Монголчууд хайртай малаа сэтэрлэж заазлахгүй, тахин шүтээд байгалийн жамаар нь наслуулж нүд аниулдаг уламжлалт зан үйл байдаг. 7-8 жилийн өмнө шүтээн болсон хонины толгойг авч ирж өгчээ. Мөн 1800-аад оны үед томоохон ламын хэрэглэж байсан үнсэн самбар энд байна. Үүнийгээ ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгүүлэхээр хүсэлт тавьсан гэж байв. Түүний цуглуулгад байх нэг төрлийн хамгийн олон эд байсан нь авдар юм. Тэрбээр өдгөө 400 гаруй авдарны цуглуулгатай болжээ. Энэ нь Монгол туургатан дундаа хамгийн олон авдарны цуглуулгатайд тооцогдох аж. Авдарнууд нь жижиг том, өргөн, нарийнаас эхлээд сийлбэртэй, эртний, орчин цагийнх гэдгээрээ ялгагдана. Түүний цуглуулгуудаас хамгийн эртнийх нь 1640-оод онд Бээжинд хэвлэгдсэн шашны судар номууд. Эрдэмтэд О.Маш-Эрдэнэ гуайд байх энэхүү эртний судар номыг үзээд ийн дүгнэсэн гэнэ. Харин угсаатны эд зүйлээс нь 300 гаруй жилийн настай хөхүүр, 200 жилийн настай эртний бөөгийн хувцас зэрэг эд зүйлс байдаг 200 жилийн настай Хөвсгөлийн бөөгийн нэлээд эртний иж бүрэн өмсгөл гэрийн хойморт байлаа. Японы Киотогийн Их сургуулийн нэг эрдэмтэн модон сав суулганы гарал үүслийн талаар 27 жил судалгаа хийсэн судлаач дөрвөн жилийн өмнө Монголд гурав хоногийн хугацаатай ирээд Түүхийн музейд байдаг нэг гэрт модон эдлэл буйг хараад ихэд сонирхон зургийг нь авах гэхэд музейн ажилтнууд зөвшөөрөөгүй аж. Тэгээд мань судлаач урамгүйхэн нутаг буцах гэж байтал түүний хэлмэрч охины ээж нь О.Маш-Эрдэнэ гуайтай холбож өгснөөр модон сав суулганы үзмэрийг нь хараад нүд нь сэргэж ихэд олзуурхаж байжээ. Судалгааны ховор материалуудаас гадна О.Маш-Эрдэнэ гуайн цуглуулгаас авч түүхэн кинонд ашиглах тохиолдол олон гэнэ. Хамгийн сүүлд “Солиот эх” кинонд орсон түүхэн цаг үеийг харуулсан эртний эд зүйлсийг О.Маш-Эрдэнэ гуайн цуглуулгаас авчээ. Нүүдэлчин монголчуудын эдлэл хэрэглэлийн нэг онцлог нь нүүдлийн ахуй, соёл, сэтгэлгээтэйгээ уялдсан авсаархан, олон хувилбараар ашиглаж болдог, зай бага эзэлдэг, эвхэгддэг, аяны зориулалттай, бөх бат бөгөөд ур хийц нь өвөрмөц байдаг билээ. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн монголчуудын нүүдэлчин сэтгэлгээ шингэсэн ахуй, соёлыг сав, суулга, хувцас, хэрэглэл, шашны эд зүйлс байрлуулсан нь сонирхогчид, гадаадын жуулчдын анхаарлыг татахаас аргагүй юм. О.Маш-Эрдэнэ гуай арав гаруй жил Европын орнуудаар аялж, амьдарч явсан хүн. Ийн явахдаа орон бүрт уран зургийн үзэсгэлэн зохион байгуулж, Монголын залуу зураачдын үзэсгэлэн гаргаж, язгуур урлагийн хамтлагуудыг урьж тоглуулдаг байжээ. Ер нь Монголын уламжлалт соёл, урлагийг сурталчлах чиглэлийн ажлуудыг голдуу хийдэг байсан гэв. Үүний хажуугаар гаднын орны иргэдийн тэрхүү түүх соёлын үнэт өв, эдлэлээ хэрхэн хайрлан хамгаалж, хадгалж байгааг хараад эх орондоо угсаатны зүйн музей байгуулах хүсэл нь төрсөн байна.

Зүүн гар талаас Үнэн сонины эрхлэгч Ц.Намсрай, I орлогч эрхлэгч Цэрэндагва, Юмжаагийн Цэдэнбал нарын хамт. 1981 он.

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ ДАРГЫН ТУСЛАХ О.МАШ-ЭРДЭНЭ

О.Маш-Эрдэнэ гуайн аав Ц.Очир хэмээх хүн 1912 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд мэндэлжээ. Хуучин Дотоод яаманд ажилд орж, сүүлдээ офицер болсон байна. Харамсалтай нь 1954 онд эрүүл мэндийн шалтгаанаар цэргээс халагдаж, улс төрийн албанаас чөлөөлөгдсөн аж. Улмаар Утга зохиолын салбарт орж, янз бүрийн түүхэн, адал явдалт, хилийн цэрэг, тагнуулын тухай роман бичиж эхэлсэн байна. О.Маш-Эрдэнэ гуай өнгөрсөн 2012 онд аавынхаа бичсэн “Амь насны хөлс”, “Бага дарга” хэмээх романыг нь хэвлүүлжээ. Харин монгол бичгээр бичсэн шүлэглэсэн романыг нь хуучин МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажав гуайгаар эхний долоон бүлгийг нь кирилл үсэг дээр буулгуулсан байна. Монголд шүлэглэсэн роман ховор байдаг. Аавынхаа энэхүү оюуны өв соёлыг хойч үедээ хадгалан үлдээхийн тулд идэвхтэй ажиллаж буй талаараа О.Маш-Эрдэнэ гуай хэлж байв. Тэрбээр өөрөө түүхэн үнэнийг гаргаж ирэх зорилгоор нэгэн ном бүтээхээр ажиллаж байгаа юм байна. О.Маш-Эрдэнэ гуай БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд Ю.Цэдэнбал даргын туслахаар зургаан жил ажиллажээ. Тиймээс Ю.Цэдэнбал гэж хэн бэ, түүхэнд ямар ул мөрөө үлдээсэн хүн бэ гэдэг талаас нь ном бичиж байгаа гэлээ. Энэ талаараа “Ю.Цэдэнбал даргыг би мэднэ. Түүнтэй зургаан жил хамт ажилласан. Төв хорооны бүх нууцыг хадгалж, Улс төрийн товчооны бүх хурлын протоколыг хөтөлдөг байсан хүнийхээ хувьд энэ талаараа түүхэн үнэнийг гаргаж ирсэн ном бүтээхээр ажиллаж байна. Үндсэндээ номоо бичээд дууссан. Бал даргын 100 жилийн ойгоор хэвлэх санаатай байсан боловч бүтсэнгүй. Энэхүү номоо “Хөшигний ар дахь амьдрал” гээд нэрлэчихсэн байгаа. Түүхэн баримт, зураг хөрөгтэй хийхээр төлөвлөсөн. Ер нь Бал даргын тухай яриад байвал барагдахгүй. XX зуны монголчуудын манлай удирдагч хүн байсан. Би бол Их удирдагч гэж хэлнэ. Монгол Улс 1940 онд ямар байсан, үүнийг нь 24-хөн настай хүн хүлээж аваад өдгөө ямар болгов. Бичиг соёлтой, эрүүл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хөгжсөн улс болголоо. Хуучин нийгмийн үзэл суртлын талаар яригдах асуудал байгаа. Гэхдээ ард түмэн, улсынхаа хувьд түүхэн чухал зүйл бүтээсэн хүн юм аа. Хүнийхээ хувьд их зөөлөн, ямар нэгэн асуудал тавиад өрөөнд нь орохоор шууд шийдэж өгдөг. Хүнийг ялгаж харьцана гэсэн ойлголт ер гаргадаггүй хүн байсан. Энэ мэт Бал даргын талаар болоод тухайн үеийн улс төр, нийгмийн амьдралын талаар баримттай түүхэн үнэнийг гаргасан номоо удахгүй гаргана” гэж байлаа.

Монголчуудын бичгийн их соёлыг хадгалсан үнсэн самбар

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *