Өнөөдөр 19:00 цагт “Corporate Hotel”-ын “Convention Center”-т “Монгол туургатны мисс” тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох юм. Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны мисс-2016″ наадам энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ы 20 мисс оролцож буй бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө “Фото мисс”, “Мисс авьяас”, “Мисс модель” номинацид өрсөлдсөн билээ.
Олон улсын миссийн тэмцээний дагуу долоон номинацид шилдгүүдээ тодруулж, оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд “Мисс гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив цуглуулсан билээ. Ороолцогч охид Монголын үндэсний шилдэг үйлдвэр “Говь”, “Наран косметик”, “Intercharm”, “Best Shoes”, “Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ.
Энэхүү хандивын мөнгийг бүхэлд нь “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулж байгаагаа дуулгасан билээ. Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж, энэхүү аяныг өрнүүлсэн тухай зохион байгуулагчид нь онцолсон юм. Финалын тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд эрэлт ихтэй байгаа аж.
Нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна
Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх хандлагатай байна. Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-ын “Дундад Ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсний улмаас хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Тиймээс иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
-Хашаандаа нохойтой тохиолдолд өдрийн цагаар нохойг сул тавихгүй байх
-Хаалга, хашаандаа анхааруулсан таних тэмдэг заавал байршуулах
-Мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах
-Зохих хамгаалалт буюу хошуувч, хүзүүвчтэй байлгах шаардлагатайг анхааруулж байна.
Монгол Улсын Иргэний хуулиас
501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах
501.1. Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.
Монгол Улсын Эрүүгийн хуулиас
201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
201. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
201. 2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.