Өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулан Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүд ёслолын жагсаал хийж , төрийн гурван өндөрлөг, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “ Монгол Улсын төрийн далбааны өдөр долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг 2008 онд оруулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигт Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсонТөрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсан юм.
Өнөөдрийн энэхүү ёслолыг Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээн үг хэлснээр цагдаа, онцгой байдал, агаарын цэрэг, явган цэрэг, нийслэлийн цэргийн ангиудын сүр жавхаатай хүндэтгэлийн жагсаал төв талбайг нар зөв тойрон алхсан юм.
Мөн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ёслолд оролцож буй нийт цэргүүдэд Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэн, баяр хүргэв. Дараа нь Монгол Улсын төрийн далбааг мандуулан, төрийн дууллыг цэргийн найрал дуучид дууллаа.
Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн сонсогчид, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрэээлэнгийн эрдэмтэд, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн бүрэлдэхүүн, эмэгтэй цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчний ангиуд, ахмад дайчид, шүхэрчид, энхийг сахиулагчид буюу цэнхэр дуулгатнууд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид оролцож байна. Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцдог юм. Хошууч генерал Раднаабазарын Сүхбат цэргийн ёслолын ажиллагаанд командлагчаар ажиллаж байв.
Э.МӨНХ