Монгол төрийн сайд хүн азын дугаарыг жорлонгийн машинд зүүлгэж, монголчуудын бэлгэ дэмбэрэл боддог уламжлалт сэтгэлгээгээр тохуурхаж байна. Азын дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгох шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ гаргалаа. Иргэдийн сонирхдог, азын гэх онцгой тоотой дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоож, тэдгээр дугааруудаа зөвхөн жорлонгийн, хогны, мөн моргийн машинд хүртэл зүүлгэхээр болов. Монголчууд тооны бэлгэдэл зүй гэх том ойлголттой учир тоог ихэд дээдэлдэг. Тулгын гурван чулуу, эрийн гурван наадам, дөрвөн бэрх, найман шарга, найман тахил, эр хоёр загал, таван хошуу мал, зургаан тив, долоон гариг, есөн эрдэнэ, арван цагаан буян гэх мэтээр тоотой холбоотой эд зүйлсийг эрхэмлэж, давхардсан ижил тоог бэлгэшээж, тэгш, сондгой тоонд ач холбогдол өгдөг. Тэр уламжлалаараа өөрсдийнхөө төмөр хүлэг болох машиндаа аль л болох бэлгэ дэмбэрэлтэй дугаар сонгохыг хүсдэг. 99-99, 88-88, 55-55, 05-05, 01-01, 45-54, 68-86, 11-00, 80-80, 00-01, 02-02 12-34, 56-78 гэх мэт тоотой дугааруудыг онцлон бэлгэшээж, хүнд машин тэрэг бэлэглэхээр болвол аз дууддаг гэх дээрхтэй төстэй дугааруудыг сонгодог.
Ийм том бэлгэдэл зүй, тоог дагасан соёл, уламжлал явсаар байтал аль л бохир заваан ажил хийдэг тэргэнд азын дугааруудыг зүүж байгаа нь монголчуудын бэлгэдлийн сэтгэлзүй, сэтгэлгээгээр тохуурхаж, зориуд гутааж байгаа үйлдэл юм.
Аль нэг үндэстний уламжлалт сэтгэлгээ, бэлгэдэл, бэлгэ тэмдгийг илтэд гутааж, доромжилдог ажлыг хуучин бол колони орны удирдагчид л хийдэг байсан. Манжууд монголчуудын ёс заншлаар хэрхэн яаж тохуурхдаг байлаа. Дараа нь оросууд монголчуудын ёс заншлыг 70, 80 жил хангалттай доромжилсон. Гэтэл одоо Монголын төрийн дэд сайд гэх хүн ард түмний бэлгэ дэмбэрэл бодож, аз дууддаг гэж итгэдэг тоотой дугааруудыг хогны машинд зүүж тохуурхаж байна. Монгол үндэстний, монгол хүмүүсийн ёс заншлаар тохуурхах нь та нарт хүндэднэ шүү. Ухаангүй энэ шийдвэрээ даруй цуцал.
Азын дугааруудыг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийнхөн дамлаж зарж, идэж уудаг гэсэн шуугиан дэгдэж АТГ, цагдаа сэргийлэх болж хэл ам таталж байсан удаатай. Гэтэл тус яамнаас “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэжээ. Өөрсдөд нь дугаар дамлах боломж олдохоо байж, жаахан л эвгүй хөдөлбөл АТГ-ынхан хүрээд ирэх учир өнөөх “наймаа” нь ашиггүй болонгуут “Тэгж хэл ам татлаад байгаа бол наад муу азын гэх дугааруудыг чинь хогны машинд чинь зүүгээд өгье л дөө. Тэгээд та нар тэр АТГ-таа мат” гэсэн хонзогносон шийдвэр гаргачихаж байна гэж харагдаж байна. Авлига авч, ашиг сонирхлын зөрчил хийхээс айгаад, өөрсдөдөө итгэхгүй байгаа юм бол азын болон сонирхолтой дугааруудаа нээлттэй, дуудлага худалдаагаар зарж, олсон тэрбум тэрбум төгрөгөө зам засвар, хот тохижилтдоо зориул л даа. Азын дугааруудыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулж, борлуулахыг захын л хүн заагаад өгч байна билээ. Өөрсдөд нь ашиг өгөхгүй болонгуут ингэж ашиг олж болох юмыг хорон сэтгэлээр үнэгүйдүүлж, бүхэл бүтэн үндэстний бэлгэдэл зүйг доромжлох хэрэг байна уу. Бэлгэдлийг хог дээр гаргаж байгаа наад ажлаа зогсоо. 4410 гэсэн аятайхан “азын” дугаартай тоот шийдвэрээ цуцал л даа, дэд сайд аа.