Categories
мэдээ цаг-үе

“МОНГОЛ ТОГЛООМ” төслийн санаачлагч Х.ГАНБААТАР: Хүүхдийнхээ ой тогтоолтыг хөгжүүлэхээс илүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлага байна

“Монгол тоглоом” төслийн санаачлагч, “Оюуны хүрээ” ХХК-ийн захирал Х.Ганбаатартай ярилцлаа.


Монгол тоглоом төслөөс яриагаа эхэлье. Монголд тоглоомын үйлдвэртэй болж байгаа юм байна гэсэн таамаг бодол төрж байна. Төслийн зорилго цар хүрээ юу вэ?

-Аливаа улс үндэстэн бусад улс үндэстнээс хэл соёлоороо ялгардаг. Монгол хэл, монгол соёл нь Монгол Улс оршиж буйн баталгаа болно. Монголчууд бол эрт цагаас эхлээд олон төрлийн тоглоом наадгайгаар дамжуулан үр хойчдоо хэл соёлоо өвлүүлж ирсэн баялаг уламжлалтай ард түмэн. Аман наадгай гэхэд л оньсого, түргэн хэллэгээс эхлээд олон төрөл болдог. Биднийг багад эмээ өвөө маань янз бүрийн оньсого таалгадаг, оньсого таах гэж оролдох явцдаа л монгол хэлэндээ суралцаж байж. Гэтэл өнөөдөр уламжлалт тоглоом наадгай мартагдаж байна. Монгол хэл маань ч устаж буй хэлний жагсаалтад орчихсон явж байх юм. Хоног хугацаа өнгөрөх бүрт бид монгол соёл, монгол хэлнээсээ хөндийрч өөр орны хэл соёл руу татагдаж байна. Эндээс манай төслийн зорилго ойлгогдох байх. Монгол тоглоом төслийн зорилго нь Монгол хэл, соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал. Үүний тулд Монгол өв соёлоо агуулсан тоглоом наадгайг зохион бүтээж Монгол хүүхдүүдийнхээ хэрэгцээнд хүргэе гэж байгаа юм. Төслийн зорилго маань нэлээн эх оронч, бараг улс төрийн хандлагатай сонсогдох байх. Гэвч төслийн гүйцэтгэл бол тэр чигээрээ бизнесийн үйл ажиллагаа. Орчин үеийн бизнест шаардлагатай менежмент, маркетинг, төлөвлөлт, удирлага, судалгаа бүгд шаардагдаж байгаа.

Монгол хэл, соёлоо тоглоомоор дамжуулан хамгаална гэдгийг төдийлөн сонсоогүй юм байна. Тухайлбал ямар тоглоомоор яаж вэ гэдэг асуулт байна?

-МОНГОЛ ГЭР тоглоомоо худалдаанд гаргаад нэг сар ч болоогүй байна. Монгол гэр бол монгол хэл, соёлын үнэт өв. Нүүдэлч улс орнуудын хувьд гэр сууц нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Монгол гэрийн хувьд уламжлалт мал аж ахуйдаа дасан зохицсон, барьж буулгахад хурдан, бүтэц бүрэлдэхүүн болгон нь өөрийн гэсэн утга илэрхийлдэг, маш сонирхолтой орон сууц. Иймд монгол гэрээ байгаа чигээр нь багасгаад хийхэд угсардаг тоглоом болчихож байгаа юм. Ханаа дугуйлж, хошлонгоо гүйлгэн хаалгатайгаа уяж бэхлэх нь гэхэд л нэг төрлийн тоглоом.Тооноо босгоод эргүүлгэнийхээ дөрвөн унийг өлгөх нь бас нэг даалгавар. Униа өлгөж дуусаад эргүүлгээ зөрүүлэх үйлдэл нь яагаад гэдэг асуултыг дагуулна. Монгол гэрийн бусад сууцнаас ялгарах онцлог бол уяагаар хүлэгдэн баглагдаж баригддаг явдал. Монгол гэр тэр чигээрээ монгол ухаан. Үүнийг задалж шинжилж ойлгох боломжийг Монгол гэр тоглоом олгоно. Монгол гэрээ буулгаж барьж үзэх боломж орон сууцанд амьдардаг хүмүүст өдөр бүр байтугай, жилдээ ч олдохгүй. Гэр барих үйл явц нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ. Дотуур хошлонг хэт чангалахад багана газраас хөндийрч буйг физик үзэгдлээр тайлбарлаж ойлгуулж болно. Унины тоог нэмэгдүүлэхэд ханын нүдний тоо хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг тооцоолоход математикийн тооцоолол шаардагдана. Энэ мэт монгол гэрээ шинжлэх ухаанчаар судлах боломжийг Монгол гэр тоглоом олгоно. Монгол гэр тоглоомоос монгол хэлээ сурна. Гэрийн бүтцийг нэрлэж мэдэхгүй хүүхэд битгий хэл томчууд олон байдгийг мэднэ.Тоононы цамхраа гэж алийг нь хэлдэг вэ гэдгийг энэ тоглоомоос сурна. Монгол гэртэй холбоотой оньсого, хэлц үг, ерөөл, ёс заншил, цээрлэх ёс зэргийг багтаасан, Монгол гэрээ барих заавар бүхий гарын авлага ном дагалдана. Энэ номонд өдөр тутмын хэрэглээнээс хасагдсан олон монгол үг бий. Гэрийн тавилгыг хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхүйц байдлаар шийдсэн. Өгөгдсөн царс модон бэлдцүүдийгзүлгэж, будаж, хээлэх ажлыг хүүхдүүд өөрсдөө хийнэ. Модон бэлдцүүд, зүлгүүр, усан суурьт будаг, бийр, хээний загваруудыг ашиглан гэрийнхээ авдар, ор, ширээ, сандал гээд бүх тавилгаа хүүхдүүд өөрсдөө бүтээнэ. Үүгээр тогтохгүй гэрийнхээ цагаан бүрээсэн дээр угалз хээ тавьж гэрээ чимэглэж, гэрийн модыг эрээлж, өнгө дизайныг өөрчилж болно.

-Сайн ажил хийж байгаа юм байна. Дараагийн бүтээгдэхүүнүүд хэзээ гарах вэ?

-Цагаан сард зориулаад Алаг мэлхий шагайн наадгайнууд гаргалаа. Монгол тоглоомын чухал төлөөлөгч гэвэл шагайн наадгай байдаг. Монгол гэрээ бариад сурчихвал өвөл зун гэлтгүй, жилийн дөрвөн улиралд гэртээ юугаар тоглож нааддаг байсныг эргэн сануулж байгаа хэрэг. Өнөөдөр хотод байтугай, хөдөөд ч шагайгаар тоглох нь ховор болсон. Гадныхан шагайн наадгайг сонирхдог боловч биологийн гаралтай гэх шалтгаанаар хэрэглэхээс болгоомжилдог. Нөгөө талаас шагай цуглуулж олж авах гэдэг хүнд ажил байдаг. Ийм учраас бид шагайг үйлдвэрийн аргаар тунгалаг өнгөт материалаар үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр эрүүл ахуйн шаардлага хангасан Монгол уламжлалт тоглоомуудыг зах зээлд гаргах боломж нээгдэж байгаа юм. Алаг мэлхий, дуугүй долоо, хомборой гээд гурван төрлийн тоглоом худалдаанд гаргаж байгаа. Цаашид логик шагай, хулангийн гацаа, мазаалай, тооно тушаа, тэхийн зогсоол, тамга, цамхаг, гарьд магнай, тод магнай, болдоггүй бор өвгөн зэрэг тоглоомууд хийхээр зохион бүтээх ажил явагдаж байгаа. Монгол гэр тоглоомоо цогц тоглоом болгон хөгжүүлэх шаардлага бас бий.Хүүхдүүд өөрсөө бариад дотор нь ороод тоглодог жижиг гэрийн зураг төслийн ажил мөн явагдаж байна. Саяхан гурван настай хүүхдэд шатрын анхан шатны мэдлэг олгох шинэ тоглоомын санаа орж ирсэн. Энэ тоглоомоо хүүхдийн баяраас өмнө гаргачих санаатай судалгааг нь хийгээд эхэлсэн. Шатрын мастеруудаас, багш нараас зөвлөгөө, судалгаа авах ажил явагдаж байна. Монголд ой тогтоолтын спортоос илүү шатрын спортыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үздэг. Аливаа асуудлыг шийдэхдээ олдсон мэдээллүүдээ задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, голчийг нь олж шийдвэрээ гаргадаг дадлыг шатраар дамжуулан суулгаж болно. Тиймдээ ч зарим улс орнууд шатрыг сургалтын хөтөлбөртөө оруулдаг болов уу. Шатрын анхан шатны мэдлэг олгох тоглоом амжилттай хийгдвэл зөвхөн Монголд гэлтгүй гадаад зах зээлд гарах брэнд тоглоом ч болж магадгүй.

Тоглоомоо экспортод гаргах төлөвлөгөө бий юу?

-Тухайн орныхоо хэрэглэгчийн судалгааг хийж байж экспортыг төлөвлөх шаардлагатай. Жишээ нь Монгол гэр тоглоомыг экспортод гаргахын тулд гэр барих зарчмыг хялбаршуулах шаардлага тулгарч таарна. Тэгээд гаргалаа гэхэд гадныхан сонирхож авах эсэхийг мэдэхгүй. Судалгаагүй зүйл дээр экспортод гаргана гэж хэлэх боломжгүй юм. Жилдээ 100 орчим тэрбум төгрөгийн борлуулалттай дотоодын тоглоомын зах зээл дээр байр сууриа эзлэх нь бидний тэргүүн зорилт. Монгол соёлоо уламжлан үлдээх үндсэн зорилгодоо хүрэх нь хамгаас чухал. Гадаадад амьдарч буй монголчууддаа Монгол гэр тоглоомоо хүргэхэд анхаарна. Энэ бол экспорт биш л дээ. Өвөрмонголчууд Монгол гэр тоглоомыг олноор нь авч урагшаа гаргаж байгаа. Өвөрмонголчуудынхаа санал шүүмжийг тусган бүтээгдэхүүнээ Өвөрмонголын зах зээлд зориулан өөрчлөх шаардлага гарч магадгүй гэж бодож байгаа. Энэ тохиолдолд экспортын асуудал бодитоор яригдах байх.

Өнөөдөр Монгол хүүхдүүд Хятадаас орж ирсэн чанаргүй хямд тоглоомоор л тоглодог. Гэтэл танайх Хятад руу гаргаад эхэлсэн байна.Танай тоглоомын үнэ ямар байх вэ?

-Бид тоглоомынхоо үнийг эхлээд тогтоодог. Жишээ нь Монгол гэр тоглоомоо тавин мянган төгрөгнөөс илүү үнэтэй байж болохгүй гээд үнээ эхлээд тогтоосон. Үнэ өртөгтөө тааруулж загвараа гаргасан. Гэр маань 25 уньтай. Нэг унь нэмэхэд л ханын толгой нэмэгдэнэ, өртөг өснө. Анх 48 уньтай гэрийн загвар гаргаад өртгийг нь тооцоход төлөвлөсөн үнээс өндөр болоод ирсэн. Униныхаа тоог багасгасаар хорин тав дээр тогтсон. Түүнээс цөөн болговол тоглоом биш сувинер болно. Гэрийнхээ загварыг гаргахад хагас жил зарцуулсан. Загвар гаргаснаас хойш 11 сарын дараа худалдаанд гаргаж байна. Үнийн хувьд аль болох хямд үнээр зах зээлд гаргах бодлогыг барьж байгаа.185000 төгрөгөөр1000 тоглоом борлуулснаас, 18500 төгрөгөөр 10000 тоглоом борлуулахыг илүүд үзнэ. Тоглоом маань хямд үнэтэй байж л олон хүүхэд тоглох боломжтой болно. Олон хүүхэд манай тоглоомоор тогловол бид Монгол хэл, соёлоо хамгаалах зорилгодоо хүрнэ. Монгол соёлоор халхавч хийж, богино хугацаанд их орлого олох нь бидний зарчим биш. Манай бүтээгдэхүүн чанартай байх ёстой, хямд байх ёстой. Хямд байна гэдэг нь ашиггүй ажиллана гэсэн үг биш. Хямд үнээр их хэмжээний борлуулалт хийх нь бидний гол стратеги. Өнөөдөр МОНГОЛ ГЭР тоглоомондоо цагаан сарын хямдрал зарлаад 45000 төгрөгөөр борлуулж байгаа.

-Зөв зөв. Загвар гарснаас хойш 11 сар гэдэг их хугацаа байна. Удсан шалтгаан юу вэ?

-Нэгдүгээрт үйлдвэрлэлийн зардал өндөр учир хөрөнгө оруулалтын асуудалтай тулгарсан. Хоёрдугаарт манайхыг загвараа гаргаснаас хоёр сар орчмын дараа мимо гэр гэдэг бүтээгдэхүүн гараад ирсэн. Нэгэнт хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байсан тул мимо гэрийн борлуулалтын төлөв, хүмүүсийн хүсэл сонирхолд хэрхэн нийцэж буйг хэсэг хугацаанд ажиглая гэж шийдсэн. Худалдаж авч өөрийнхөө гэртэй харьцуулж харсан. Монголчууд мимо гэрийг маш сайхан хүлээж авсан ч хэт үнэтэй байна гэдгийг бараг ерэн хувь нь хэлж байсан. Энэ мэдээллийг мимо гэрийн пэйж хуудаснаас л авчихаж байгаа юм. Бидний үнээ эхэлж тогтоож загвараа гаргаж ирсэн нь зөвдсөн байна, жинхэнэ Монгол гэрээ эргүүлэг чагтагатай нь, дотуур хошлонтой нь баглаа хүлээтэй нь хийх шийдэл маань гол давуу тал болох нь гэх дүгнэлтийг хийчихээд байж байтал “Монгол HD” ТВ шарк танк нэвтрүүлгийг Монголдоо хийхээр боллоо гэх зар явсан. Үүнийг боломж гэж хараад орохоор шийдэн Монгол тоглоом төслөө өгсөн. Гэвч Монгол тоглоом төсөл маань шаркуудаас санхүүжилт авч чадаагүй. Шарк танк нэвтрүүлэгт нэлээд хугацаа алдсан. Нэвтрүүлэг телевизээр гарах хүртэл бүтээгдэхүүний сурталчилгаа хийх эрхгүй болсон учир гурван сар орчим хугацаанд төслийнхөө шинэ тоглоомын судалгаан дээр л ажилласан. Гэтэл нэвтрүүлэг гарсны маргааш MMG ББСБ-аас холбогдож төслийг чинь дэмжье, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоё гэснээр 10 сарын сүүлээр МОНГОЛ ГЭР тоглоомынхоо үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн. Үйлдвэрлэл хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж худалдаанд гарч байна.

-Монгол гэр тоглоомын борлуулалт ямар байна. Хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байна?

-Худалдаанд гаргахаасаа өмнө 1000 гэрийг урьдчилсан захиалгаар борлуулсан. Үйлдвэрлэлийн явцад зардал өсч 25 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Энэ санхүүжилтыг 1000 шарк хөдөлгөөн өрнүүлэх аргаар босгосон. Өнгөрөгч оны 12 сарын 23-25-ны хооронд 55 цагийн дотор 1000 гэрийг 25000 төгрөгөөр борлуулсан. Зураг үзүүлээд 25 сая төгрөгийн борлуулалт хийнэ гэдэгт итгэмээргүй зүйл болсон. 1000 шарк хөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийн ихэнх нь миний фэйсбүүк найзууд байсан. Тэд Монгол гэр тоглоомын загварыг гаргахаас эхлээд бүхнийг мэдэж байсан учраас захиалга өгч намайг дэмжсэн байх.1000 гэрийн захиалга авсан цагаас хойш миний хувьд хийж бүтээх хүсэл эрмэлзэл улам ихээр бадарсан. Энэ хугацаанд маш их ажлыг амжуулсан. 2018 оныг их л бүтээлч байдлаар эхлүүлж байна.

Мимо гэр түрүүлж зах зээлд байршсан том давуу тал үүсгэсэн. Танай компаний өрсөлдөгчдөөсөө ялгарах гол давуу тал юу вэ?

-Бид Монгол хүүхэд бүр манай тоглоомоор тоглоосой, Монгол хүүхэд бүр өв соёлоо таньж мэдээсэй гэдэг хүслээр ажилладаг. Энэ хүслээ бүтээгдэхүүндээ шингээдэг. Бидний давуу тал манай бүтээгдэхүүнээс харагдах байхаа л гэж бодож байна. Аливаа зүйлд өрсөлдөх зарчим нь зөв байх нь чухал. Мимо гарч ирснээр бид улам их хичээж ажиллах шаардлагатай тулгарсан. Өрсөлдөөн гэдэг утгаараа өөр нэг гэр үйлдвэрлэгч байгаа нь бидний хувьд ашигтай. Гэхдээ төслийн зорилго маань өөр учраас нэг зах зээл дээр учиргүй өрсөлдөөд байхгүй. Бид худалдан авагчдын оюун санаанд тун ухаалгаар байршиж чадсан гэж бодож байна. Жинхэнэ монгол гэрийг монголчууддаа зориулж гаргая гэдэг зорилгыг нэгдүгээрт тавьсан. Энэ зорилгодоо хүрч байгаа гэж бодож байна.

Тоглоомын бизнесийг хэзээнээс эрхэлж эхэлсэн бэ?

-Анх 2008 оны өвөл Бээжингийн ванфүжин номын дэлгүүрт явж байгаад нэг сонин тоглоомоор хятад хүүхдүүд тоглохыг харсан. Тэр үед манай том хүү 3 настай байсан юм. Сонин сонин хэлбэртэй дүрснүүдийг эвлүүлээд пирамид үүсгээд байсан. Би түүнийг эхлүүлэх гээд чадаагүй. Үнийг нь асуусан чинь 500 юань. Одоогийн ханшаар бараг хоёр зуун мянган төгрөг. Авах гэснээ арай ч үнэтэй юмуу гээд орхиод гарсан. Гэтэл энэ хятад хүүхдүүд тоглож байгаа тоглоомоор миний хүү яагаад тоглож болдоггүй юм гэх шар хөдлөөд эргэж ороод авсан. Гэртээ ирээд хүүтэйгээ тоглосон. Анхандаа сонирхохгүй байснаа нэг мэдэхэд 10 гаруй хувилбараар пирамид эвлүүлдэг болчихсон байсан. Тэр үнэхээр гайхамшигтай тоглоом байсан. Тоглоомын ач холбогдол илт мэдэгдсэн учраас тэр тоглоомыг 1000 ширхгийг оруулж ирээд сарын дотор борлуулсан. Түүнээс улбаалаад оюуны тоглоомын дэлгүүрээ

2010 оны дөрөвдүгээр сард нээсэн. Дэлгүүртээ орчин үеийн оюун ухаан, сэтгэх чадвар, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх тоглоомуудыг авчирч борлуулдаг. Шинэ тоглоомуудаар үргэлж сэлбэж байдаг. Хамгийн сүүлд гэхэд гурван тоорой, улаан малгайт үлгэрүүдээр сэдэвлэсэн 3-6 насны хүүхдүүдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом ирсэн. Маш сайн борлуулалтай байгаа. Гадны орнууд оюуны тоглоом зохион бүтээхэд маш их хөрөнгө оруулалт хийдэг. Сайн ч тоглоомууд зохион бүтээгддэг. Тэдний үндсэн зорилго нь хүүхдүүдээ багаас нь сэтгэн бодох, дүгнэн шинжлэх, нэгтгэн дүгнэх цогц чадварыг нь хөгжүүлэх явдал байдаг. Бид тэднээс хоцорч болохгүй. Манай Оюуны төв тоглоомын дэлгүүрийн анхны үйлчлүүлэгчдээс амьдрал дээр гараад эхэлсэн. Ихэнх нь оюутан болсон. Зарим нь одоо ч манай үйлчлүүлэгч хэвээрээ. Манай үйлчлүүлэгч тэтгэврийн насны эгч байдаг. Тэднийд манай ихэнх тоглоом бий. Танай тоглоомыг тоглосноор манай зээ охины хичээл сурлага сайжирсан, би танай тоглоомоор охиноо тоглуулах биш хичээллүүлсэн. Үр дүнд нь зээ охины маань оюуны чадвар сайжирч, хичээлээ хурдан ойлгодог болсон. Та нарт их баярлаж явдаг гэж хэлж байсан. Ийм сэтгэлийн үг сонсоод Монголынхоо ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Асуултыг таны танилцуулгаар өндөрлөе.Та өөрийгөө танилцуулж эцэг эхчүүдэд хандаж нэг уриалга хэлэхийг хүсье.

-Би Дундговь аймагт төрж өссөн. Хэрэглээний физикч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. Гурван хүүхдийн аав. Хүүхдүүддээ сайн бизнес өвлүүлж үлдээх эрмэлзэлтэй жирийн л нэг бизнес эрхлэгч. Бүтээлч, хөдөлмөрч, оюунлаг иргэд Монгол орноо хөгжүүлнэ гэдэгт итгэдэг хүн. Хүүхдийнхээ ой тогтоолтыг хөгжүүлэхээс илүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлага тулгарч буйг нийт эцэг эхчүүддээ хандаж хэлэхийг хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *