Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол тэмээг аяллын брэнд болгох ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯРААС DNN.mn

Бэлчээрийн даац хэтрэхийн зэрэгцээ усны хомстолын аюул нүүрлэсэн ийм цаг үед малчид тэмээн сүргийг түлхүү өсгөх сонирхолтой болжээ. Говийн малчид гол төлөв тэмээн сүргийг өсгөж амьжаргаагаа залгуулж байна. Цаг уурын эрс тэс уур амьсгалыг дасан зохицож даван туулах дархлаатай тэмээн сүрэг жилийн дөрвөн улиралд ашиг шимээ өгдөг. Тэмээний тоо толгойг өсгөх уриатай Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент болох “Түмэн Тэмээний Баяр” 24 дэх жилдээ энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болов.

Говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой эл үйл ажиллагаа “Нээлттэй Өмнөговь” Монголд зочлох жилийн хүрээнд өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм.

1997 оноос эхлэн зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр” өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан “Монгол тэмээ-999” тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.Тус арга хэмжээнд энэ жил Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь зэрэг таван аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчид, 3000 гаруй зочид төлөөлөгч, аялагч, жуулчид оролцлоо. Тэдний 100 гаруй нь гадаадын жуулчин, 500 гаруй нь Улаанбаатар хот, бусад аймаг, 2500 гаруй нь орон нутгийн иргэд байсан юм. Өмнөговь аймагт өнгөрсөн жил хур бороо багатай, гантай байснаас шалтгаалан 6000 гаруй малчин өрхийн 1500 орчим нь алсын оторт явсан тул энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-ын оролцогчид шингэн байгааг наадмын зохион байгуулагчид хэлж байлаа.Монгол Улс нийт 460 мянган хоёр бөхт тэмээтэй, тэдний 164 мянга гаруй нь Өмнөговь аймагт байдаг. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймаг бол тэмээний эх орон. Өмнөговь аймгийн 15 сум тус бүр тэмээгээ өсгөж, уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг байна.

“Түмэн тэмээний баяр-2023” арга хэмжээг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болох “Түмэн тэмээний баяр”-ыг олон жил тогтвортой зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа дөрвөн яамны эрхлэх асуудалд хамрагддаг, өргөн цар хүрээтэй. Соёлын өв талаасаа Соёлын яам, спорт талаасаа Спортын сайдын эрхлэх асуудал гээд дөрвөн яамны төлөөлөл ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэнд баяртай байна. Мөн энэ өдрийн үйл ажиллагааг Польш улсын Элчин сайдын яамнаас дэмжин оролцож, хүрэлцэн ирсэн эрхэм сайдад талархал илэрхийллээ.

Тэмээ уяж, уралдуулж байгаа хүмүүсийг улсын цолтой болгох асуудлыг гурван ч Ерөнхийлөгчид илэрхийлсэн. Энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нааштай шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэмээн уралдаан, соёлыг төр дэмжиж байж тоо толгой нэмэгдэнэ. Тэр хэрээр дэлхий дахинд тэмээний соёлоо сурталчлах юм. Цаашид “Түмэн тэмээний баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулах талаар ярилцаж байна. Ингэснээр гадаад, дотоодын жуулчид илүү их ирэх боломж бүрдэхийг онцолсон юм.

Монголыг дэлхийд сурталчлах, Монголд зочлох жил буюу “Welсome to Mon­golia” хөтөлбөрт энэхүү аялал жуулчлалын эвент албан ёсоор багтсан гэдгийг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Б.Сэргэлэн хэллээ.

Алтай нурууны үргэлжлэл Говьгурвансайхан уулын зүүн хормойд алаг майхан дэрвэж, танан гэр эгнүүлэн барьсан нь түмэн тэмээний баярын үйл ажиллагаа аль хэдийнэ эхэлснийг илтгэнэ. Хар шил зүүж том камер барьсан жуулчид энд олуулаа цуглажээ. Тэмээний бөхнөөс тас зуурчихаад хоёр хөлөөрөө давирч, ташуураар ороолгож ухасхийх жаахан хүүгийн зүг зургийн аппаратны хурц гэрэл тал талаас нь гялсхийх аж. Жуулчид ийм агшныг л дэргэдээс нь харж, зургийн хальснаа буулгахаар хэдэн мянган бээрийг туулж энд чуулжээ. Хүссэн зургаа буулгасан тэд говийн шороотой ширүүн салхийг тоож байгаа шинж алга. Дараагийн зургаа буулгахаар тэмээн полоны тэмцээний зүг гүйлдлээ.

Тэмээн пологын нэг баг 4-5 хүнтэй. Тэмээн дээрээс бөмбөг цохиж эсрэг багийнхаа хаалганд оруулахын төлөө хоорондоо тэмцэлддэг энэ тэмцээн гадна, дотны жуулчдын анхаарлыг гойд татах юм билээ. Тэмцээн зохион байгуулагчдад нэмэлт мөнгө төлж мандат авсан гэрэл зурагчид тэмээ унаж ширүүн тэмцэлдэх залуусын хажуухан талд нь л тайван суугаад зургаа дарж байна лээ. Монгол гэрийн багана шиг урт хөлтэй атнаас айж байгаа шинж тэдэнд алга. Өмнөхөн талаар нь амнаасаа хөөс сахруулсан тэмээ эрчээрээ давхиж өнгөрөхөд ч тэд суун тусаад зургаа л дарж байх. Гишгүүлчих вий гэж өмнөөс нь санаа зовохоор.

Анзаарахад жуулчдын олонх нь АНУ, Голланд, Франц зэрэг улсаас иржээ. Тэдний ойлголтоор бол улсын хөгжлийн түүхэн явцад тэмээний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их гэнэ. Жуулчид Хонгорын элс, Ёлын ам зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа тэмээ хөлөглөх сонирхолтой байгаагаа хэлж байна лээ. Малчид тэмээгээ жуулчдад унуулж таван төгрөгийг нь аваад байж болох нь.

Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-ын поло тэмцээнд арван баг оролцсоноос хамгийн өрсөлдөөнтэй “гал гарсан” тоглолт Өмнөговь аймгийн Манлай сумын баг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн I баг хооронд өрнөлөө. Туршлага, чадварын хувьд эн тэнцүү хоёр багийн тоглолтын үеэр үзэгчдийн дуу ч чангарч, хашхирч, цовхорч, үглэж өөр өөрийнхөөрөө тамирчдадаа хүч өгөн дэмжиж байлаа. Тухайн өдрийн цаг агаар дулаан ч шороо хийссэн, салхитай байсан юм. Хүчтэй салхитай үед тэмээн дээрээс бөмбөг онож цохино гэдэг амаргүй ажил шиг харагдана. Гэсэн хэдий ч баг тамирчид хурд, хүч, ур чадвараа уралдуулан үд гэхэд поло тэмцээн өндөрлөв.

Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тэмээн полог олон хүн сонирхдогийг хэлж байв. Энэ тэмцээн удахгүй олимпийн их наадмын нэг төрөл болж нэмэгдэх талаар хэлсэн нь анхаарал татлаа. Лавлаж асуувал тэмээн полоны спорт Арабад өндөр хөгжсөн гэнэ. Тэд тэмээн полоны спортыг олимпийн төрөл болгох талаараа олон улсын чуулгануудын үеэр тогтмол ярих болсон гэнэ. Олон улсын олимпийн хорооны гол санхүүжүүлэгч нь мөнгө үрэх аргаа олж ядсан баян арабууд билээ. Энэ ч утгаараа ойрын хэдэн жилд олимпийн дэвжээнд хоёр бөхт монгол тэмээний мөр гарна гэдгийг полоны спортын шүүгчид ярьж байв.Баян арабууд хүслээ гүйцэлдүүлэх нь цаг хугацааны асуудал биз.

Тэмээн полоны тэмцээний тэргүүн байрын эзэн Манлай сумын багийн ахлагч Н.Доржчулуун хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн гэнэ. Поло тэмцээнд унах тэмээгээ харин гурван сарын өмнөөс сойж хөнгөрүүлсэн талаараа хэлж байна лээ. Тэмээн пологоор олон улсын тэмцээнд оролцоод үзчих хүсэл түүний дотор байдаг аж. Хар багаасаа л тэмээний бөхөнд зүүгдэж өссөн Доржчулуун пологоор бол хаанахын хэний ч өмнө амар боорцог биш гэдгээ ам бардам хэлж байна лээ. Өмнөд Монголд болсон тэмээн полоны тэмцээнд түрүүлж хэдэн юань халааслаад ирсэн нь бүр ч хорхойг нь хүргэсэн бололтой. Полоны тэмцээний сураг л дуулбал очиж байж л сая нэг санаа нь амардаг болсон гэнэ. Говийн малчид энэ жишгээр тэмээний соёлоо тээж сэтгэлийн цэнгэл эдэлж хатуу хаврыг давах сэтгэлийн дархлаагаа тогтоож явна.

Түмэн тэмээний баярын бас нэг чимэг нь тэмээний уралдаан. Ат, тором, тайлагны ангиллын уралдаанууд энэ үеэр болдог. Атан тэмээг насанд хүрсэн хүн унадаг бол тормыг 16 нас хүрсэн хүүхэд даатгал хийлгээд унаж болно. Энд харин хүүхдийн эрх зөрчиж байгаа тухай хэрүүл гардаггүй юм байна. Өвөл, хаврын цагт морьны уралдаан гэхээс илүү малчид тэмээгээ уралдуулж цэнгэдэг болоод удаж байгаа гэнэ. Энэ нь өвөл, хаврын цагт хурдан морины уралдааныг хориглосон Засгийн газрын шийдвэртэй холбоотой юм байна. Түмэн тэмээний баярын тэмээний уралдаан ч онц сонирхолтой юм. Хоёр метр хэрийн өндөр тэмээг нас биед хүрсэн хүн унахад уртдаад байх нь гайгүй. Их насны дээр дэрвэх жаахан хүү шиг л харагдана. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн зүгээс тэмээний уяачдад төрийн цол олгох хүсэлтийг Ерөнхийлөгчид уламжлаад байгаа гэнэ. Нааштай хариу хүлээж байгаа талаараа ч хэлж байна.

Ингээд тайлаг тэмээний уралдааны тэргүүн магнайд Гурвантэс сумын уяач Батзаяагийн хөх, аман хүзүүнд мөн сумын тэргүүн уяач Т.Амарбаярын хар, гуравдугаар байрт Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн бор, дөрөвдүгээр байрт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэргүүн уяач У.Мөнхжаргалын хонгор, тавдугаар байрт Баян-Овоо сумын уяач Д.Буянхишигийн хүрэн оров.

Баяндалай сумын тэмээчин М.Мөнхбаян: Уул уурхайн бүснутагтөсгөхөд хамгийн тохиромжтой мал нь тэмээ


Энэ үеэр Баяндалай сумын тэмээчин М.Мөнхбаянтай ярилцлаа.

-Түмэн тэмээний баярт хаанаас зорьж ирэв, хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Би Өмнөговь аймгийн Баяндалай сумаас ирлээ. 2003 оноос хойш энэ баярт оролцож байна. Энэ том баярт тэмээгээ тогтмол уралдуулдаг юм. Ижил сонирхолтой тэмээчидтэйгээ уулзалдаж буу халаад буцах сайхан шүү. Тэмээ өсгөж байгаа туршлагаа хоорондоо солилцоно. За тэгээд тэмээ айрагдвал бүр гоё.

-Баяндалай сумаар хаваржилт ямар болж байна?

-Говь талаараа гандуу байсан болохоор амар биш байна. Бусдаар бол дажгүй. Тэгж их цаг муудсан нь гайгүй, ядруухан мал цөөн байна.

-Тэмээний баярын ач холбогдлын тухайд тодруулахгүй юу?

-Баярын үйл ажиллагаа тэмээн сүргийг өсгөж үржүүлэхэд чиглэдэг нь чухал. Жилээс жилд цар хүрээ нь өргөжиж баярыг улсын хэмжээнд зохион байгуулдаг болсон байна. Монгол орны өнцөг булан бүрээс л хүмүүс ирдэг болж. Жил ирэх бүр цаг хэцүү болж байгаа, ийм үед тэмээн сүрэг өсгөхөд хамгийн тохиромжтой гэж боддог. Баргийн цас зудтай өвөлд тэмээ дасан зохицоод л даваад гардаг тэвчээртэй амьтан.

-Тэмээний ашиг шим их биз?

-Хэлээд юу гэх вэ. Тэмээг жилийн дөрвөн улиралд саадаг. Ингэний хоормог одоогоор хамгийн эрэлттэй ундаа болоод байна. Өнөөдөр тэмээгээ саагаад литр хоормогийг л арван мянган төгрөгөөр борлуулж байх жишээний.Тэмээний мах ч арвин, шимтэй байдаг. Гол нь тэмээ тийм их арчилгаа шаардахгүй, ашиг шимээ өгдөг амьтан.

-Говийн бүс нутаг, тэр дундаа уул уурхайн бүсэд үржүүлэхэд хэр тохиромжтой юм бэ?

-Уул уурхайн бүс нутагт өсгөхөд хамгийн тохиромжтой амьтан бол тэмээ. Бэлчээр нь хол. Эдийн засаг талаасаа уул уурхай ашигтай ч ус татрахаас авахуулаад сөрөг үр дагавар бий. Ийм орчинд тэмээ л өсгөхөд тохиромжтой мал. Малчид уурхайчдадаа хоормогоо гар дээрээсээ борлуулчихна. Ийм жишгээр бие биеэ түшээд хөгжих боломж говь нутагт бий. Гол нь тэмээний тоо толгойг өсгөх хэрэгтэй. Амьдын үнэлэмж нь цаг ирэх тусам өсч байна.

Тэмээний баярын үеэр малчидтай уузахад мал өсгөхөд тулгамдаж байгаа гол хүндрэл нь уул уурхайтай холбоотойгоор усны гарц татарч буй явдал гэнэ. Уул уурхай эдийн засагт ач холбогдолтой ч нөгөө талдаа хариуцлагатай байх шаардлагатайг малчид онцолж байна. Хариуцлагагүй уул уурхайтай холбоотойгоор Гурвантэс сумын орчимд бог мал цөөрснийг ч малчид хэлж байлаа. Цаашид хангайгаас говийн бүс рүү ус татах ажлыг зохион байгуулах зайлшгүй хэрэгтэйг ярьж байв.

Тэмээний баярын үеэр явагддаг бас нэг арга хэмжээ нь сайхан хос шалгаруулах үйл ажиллагаа. Торго тонжоор гоёсон хосууд ат унаад өдөржин зогсох нь жуулчдын сонирхлыг хачин ихээр татна. Тэмээтэй хосуудын зарим нь нялх хүүхдээ өмнөө суулгасныг хараад жуулчдын зарим нь алмайрч зогсоно лээ.

Сайхан хос Б.Баянсүх: Тэмээ бол говийн бидний амьжиргааны гол эх үүсвэр


-Та бүхэн хаанаас ирэв?

-Би Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багаас ирлээ. Сайхан хосын тэмцээнд анх удаа оролцож байна. Эхнэр маань энэ тэмцээнд зориулж дээл урласан юм. Урласан дээлээр нь гоёод том наадамд орж байгаадаа сэтгэл өндөр байна. Өв уламжлалаа хойч үедээ таниулж үлдээхэд чухал ач холбогдолтой тэмцээн болж байна. Энэ ч утгаараа сайхан хосын тэмцээнийг зорьж ирлээ. Энэ соёлоороо бид ондоошдог улс. Алга болгочихгүйн тулд л өөрийн хувь нэмрээ оруулж байгаа минь энэ.

-Тэмээ өсгөж байна уу. Таны хувьд тэмээний ашиг шим нь юу байна?

-Ашиг шим их шүү. Хамгийн наад зах нь нь мах, ноос байна. Жилийн дөрвөн улиралд саагаад хоормог зараад байж болно. Ер нь говийн айлуудын амьжиргааны гол эх үүсвэр нь тэмээ гэж хэлж болно доо. Энэ бүс нутагт өсгөхөд хамгийн тохиромжтой мал.

-Тэмээний баярын ач холбогдлыг та яаж харж байна вэ?

-Тэмээчдийн амьжиргаанд хэрэгтэй л дээ. Жуулчдад тэмээгээ унуулаад мөнгө авчихна. Гар урлалын эд зүйлсээ ч энэ үеэр борлуулдаг. Манай говьд гарын уртай хүмүүс олон бий. Тэдний бүтээлийг жуулчид ч өргөнөөр сонирхдог. Тэмээний баяр жуулчдыг татаж байгаа нь бидэнд том боломж нээж байна. Энэ баяраа аялал жуулчлалын замаар хөгжүүлэх нь бидэнд л хэрэгтэй. Говийн бүс нутагт тэмээтэй яваад үзэх газар олон бий. Өдөржин тэмээ унаж явах чинь жуулчдад сонин шүү дээ. Тэдэнд сонирхолтой адал явдал байх нь ойлгомжтой. Уул уурхайгаас бусдаар хөрөнгө оруулалт татах боломж тэмээн сүрэгт байна гэж хувьдаа харж байгаа.

Энд цугласан жуулчид бүгд номхон тэмээ унаж зориулалтын замаар явж зургаа даруулна. Ингэхдээ 5000 төгрөг төлнө. Жуулчид унахад зориулсан номхон тэмээг малчид ч бэлдээд ирдэг юм билээ. Говийн тэмээчид энэ мэтээр л жуулчдаас хөөрхөн хэдэн төгрөг зулгаачихдаг юм байна. Дотоодын жуулчдад зориулж Өмнөговьд үйлдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүний худалдааг явуулж байна лээ. Түмэн тэмээний баярын үеэр орон нутагт 500 орчим сая төгрөгийн орлого ордог талаар аймгийн Засаг дарга Р.Сэддорж онцолж байна лээ. Ирсэн жуулчид хонох буудал, шатахууны мөнгөнөөс авахуулаад тэр бүгд Өмнөговь аймагт л орлого болж үлдэнэ. Цаашид энэ арга хэмжээ цар хүрээгээ тэлэх тусам орон нутагт л илүү ашигтай.

Ц.Оюунбаатар: Монгол тэмээгаяллын брэнд болгон хөгжүүлнэ

Тэмээний баярыг илүү дэлгэрүүлэх, аялал жуулчлалын байдлаар хөгжүүлэхэд Соёлын яам, Байгаль орчин аялалжуулчлалын яам хамтарч оролцож байгаа юм байна. Энэ үеэр “Монголын тэмээн поло уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Түмэн тэмээний баяр говийн зон олонд эдийн засаг талаасаа ихээхэн ач холбогдолтой байх шиг?

-Хоёр бөхт тэмээ бол өндөр ашиг шимтэй заан шиг амьтан. Хоёр жилд нэг удаа төллөдөг. Спорт, уналга эдэлгээний зориулалтаар ашиглах боломжтой. Хоёр бөхтэй тэмээг өсгөх, аялал жуулчлалын брэнд болгох үйл ажиллагаа говьчуудын анхаарлын төвд байх ёстой. Эдийн засгийн ач холбогдол талаас хэлэхэд тэмээний фестивалийн үр дүнд аялал жуулчлал Монголд татагдана.

-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу. Яаж татах юм бэ?

-Говьд айл болгоны гадаа тэмээ бий. Айл бүр л жуулчдыг хүлээн авч тэмээний ундаа хийж борлуулж болно. Жуулчид тэмээ унаад л говийн үзэсгэлэнт газруудаар аялах боломж байна. Цаашлаад тэмээний сүүг дэлхийн зах зээлд гаргаж болно. Тэмээний сүүгээр хийсэн кофений сүү олон улсын зах зээлд маш эрэлттэй байдаг. Бид энэ зах зээлд гол өрсөлдөгч байх боломжтой.Үүнээс гадна тэмээний ноосыг олон улсын зах зээлд гаргах боломжтой. Энэ мэтээр тэмээний ашиг шимийг үнэлж баршгүй.

-Тэмээн полог олимпийн спортын төрөлд оруулах талаар та онцолж байсан. Энэ хэр боломжтой юм бэ?

-Би 2016 онд Рио Де жанейрогийн олимпийн үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзах үеэрээ тэмээн полог олимпийн хөтөлбөрт оруулах талаар ярьсан юм. Тэмээн поло бол элитүүдийн спорт. Энэ талаараа боломжтой гэж харж байгаа. Морин спорт ч олимпийн төрөлд багтсан байдаг. Тэмээ багтах нь цаг хугацааны асуудал байх. Энэ утгаараа тэмээг аялал жуулчлалын гол брэнд болгохын тулд цаашид хийх ажил их байна. Ирэх жил Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын заагт тэмээний их наадмыг хийхээр төлөвлөсөн. Бүр хэтдээ тэмээний цэнгэлдэх хүрээлэн барих төлөвлөгөө бий.

Олон улсын жуулчдыг нүүр бардам хүлээж авах газар бол Өмнөговь аймаг юм билээ. Байгалийн түүхийн музей, Хөгжимт жүжгийн театр гээд үзүүлж харуулах бүтээн байгуулалтаас авахуулаад тансаг зочид буудал, амтат хоол, худалдаа үйлчилгээний төвүүдтэй. Жил бүр улсад төсөв бүрдүүлэхээс гадна орон нутгийн төсвөөрөө өргөжин тэлсээр байна.

Эл аймаг өнгөрсөн оны байдлаар гэхэд боловсролын салбартаа сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлд нийт 7,3 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн салбар Технологийн дээд сургуулийг ч аймгийн төвдөө байгуулсан байна. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 405 оюутан хамрагджээ. Эрүүл мэндийн салбартаа 10.2 тэрбум төгрөг, 10 суманд өрхийн үйлдвэр байгуулсан, 232 хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгосон, 40-өөс дээш насны 76 иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орон нутгийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр авто замын нөхөөс, хүчитгэл, хурд сааруулагч, авто зогсоол,замыг сайжруулах ажлыг хийжээ. Мөн энэ оны эхээс иргэдийнхээ цалин хөлсийг 100 хувь нэмсэн билээ. Өмнөговь аймгийг хөдөөгийн хөгжлийн загвар хэмээх нь ч бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *