ЭХЭМҮТ болон Тайваний Чангэнг мемориал эмнэлэг, Ноордхоффын сангийн хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 21-23-нд Монголын уруул тагнайн эмгэгтэй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй мэс засал хийж байна.
Энэхүү хамтарсан төсөл нь анх 2010 онд хэрэгжиж эхэлсэн төдийгүй эдүгээг хүртэл 170 гаруй Монгол орны хүүхэд багачуудыг анагааж, инээмсэглэл бэлэглэсэн юм.
Энэ удаагийн эмнэлгийн багийг ахлан ирсэн Тайваний Лин Коумемориал эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Луо Лунь Жоу хэлсэн үгэндээ, “Тайванийн Чангэнг мемориал эмнэлэг нь олон улсын хамтын ажиллагааныхүрээнд эмчилгээний арга технологийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажилласаар ирсэн төдийгүй өнгөрсөн 9 жилийн хугацаанд хичээл чармайлт гарган ажилласан. Үүний үр дүнд Монголын ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн чадварлаг баг өдгөө 450 өвчтөнд уруул тагнайн эмгэгийн мэс заслыг амжилттай хийж, шүдний гажиг засах, хэл заслын эмчилгээ зэрэг мэргэжлийн цогц баг бүрдсэн юм. Уруул тагнайн эмгэг бол хамгийн элбэг тохиолддог төрөлхийн эмгэг боловч цогц эмчилгээг мэргэжлийн багаар хийлгэж чадвал бусад хүмүүсийн нэгэн адил эдгэрэх бүрэн боломжтой” хэмээв.
Ноордхофф сангийн олон улсын хамтын ажиллагааны сангийн дэд дарга Ли Шанг Лин, “Төрөлхийн уруул тагнай эмгэгтэй өвчтөнүүдэд хамгийн сайн эмчилгээ үзүүлэх зорилгоор сан байгуулсан. Бид төрөлхийн уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүд ч бурхнаас эцэг эхдээ ирсэн онцгой бэлэг гэж үздэг. Яагаад гэвэл “Онцгой хайр өгч чадах эцэг эхэд, Онцгой хүүхэд заяадаг” тул бид эцэг эхтэй нь хамтран хүчин зүтгэхийг хүсдэг” гэв.
Монголын эмч эмнэлгийн ажилтнууд Тайванийн Чангэнг мемориал эмнэлэгт уруул тагнайн эмгэгийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээний арга барилаас суралцаж өдгөө 13 эмч хамрагдсан байна. Ноордхофф сан 1989 үүсгэн байгуулагдсан бөгөөд Вьетнам, Камбодж, Монгол зэрэг 9 оронд 80 гаруй удаа эмчилгээний багаа илгээж 2000 орчим хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, 19 оронд сургалт явуулж, 160 гаруй эмнэлгийн ажилтныг сургалтад хамруулжээ.