Categories
мэдээ нийгэм

Монгол судлаачдын зуны сургалтад 13 орны 30 судлаач, оюутнууд хамрагдаж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээр боллоо.

Залуу монгол судлаачдын 2019 оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцари, Япон, Энэтхэг, Герман, Унгар, Турк, Польш, Ардчилсан Лаос, Солонгос улс зэрэг 13 орны 22 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд монгол хэлийг тодорхой хэмжээгээр мэдэх боловч илүү сайн сурч, Монголын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Зуны сургалт 1988 оноос эхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд илүү далайцтай зохион байгуулж, олон орныг хамруулдаг болсон. Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах зорилготой энэ сургалтын үр дүнд монгол судлалын залгамж холбоо бэхжиж, монголыг дэлхий дахинд таниулах зорилгод ахиц дэвшил гарна гэдгийг Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар тодотгож байна.

Монгол судлаачид нь монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог. Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна гэдгийг БСШУС-ын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат онцоллоо.

Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид Булган аймгийн Сайхан суманд малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол нүүдлийн уламжлалт соёл, ёс заншил, ахуйтай танилцана. Тухайлбал, гэр барих буулгах, морь унах, мал хариулах, үнээ, гүү сааж, хонь хяргах, ямаа самнах, хуруудах, дэмбээдэх, сур элдэх, дээс томох арга, ахуйд суралцах юм.

Мөн Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн монгол судлаач, эрдэмтдийн лекцийг сонсоно.

Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *