Тогтвортой хөгжлийн тулгуур болох газрын нөөцийг баталгаажуулахад шинжлэх ухааны хамтын ажиллагааг Монгол-Солонгосын эрдэмтэд эхлүүлж байна. Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр жил бүрийн зургадугаар сарын 17-нд тохиодог. НҮБ-аас энэ жилийг “Бидний газар, бидний гэр, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү өдрийг угтаад БОАЖЯ болон холбогдох байгууллага, БНСУ-ын Ойн хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Ногоон хэрэм төслийнхөн “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд Шангри-Ла Баллрүүмд зохион байгуулж байна.
Өнөөдөр болж байгаа хурлын гол зорилго нь өнгөрсөн хугацаанд Ногоон хэрэм төслөөс олж авсан мэдлэг, сургамжийг хэлэлцэж цаашид тогтвортой хөгжлийг хангахад газрын менежменттэй уялдсан асуудлыг хэрхэн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх тал дээр БНСУ-ын туршлага хуваалцахад оршино. Өнөөдрийн байдлаар Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа гэж тооцогдож байгаа бөгөөд цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ойн тогтолцоог бий болгох замаар ган хуурайшил, газрын доройтлыг бууруулахад зөвхөн ой ургуулаад зогсохгүй тэрхүү ойн талбайгаас тогтвортой орлого бүрдүүлэхийг чухалчилж байгаа билээ. Иймд гандуу бүс нутагт ойжуулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн ард иргэдэд орлогын эх үүсвэрээ тэлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулан ойлгуулах нь 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх бодлогын чухал асуудал болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 сарын 9-ны 44-р тогтоолоор Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийг 2005-2035 онд хэрэгжүүлэхээр баталсан. Манай улсын энэхүү санаачилгыг БНСУ-ын Ойн хороо сайшаан хүлээн авч хоёр орны Засгийн газрын хэмжээний хамтын ажиллагааны гэрээний үндсэн хэсэг болсон байдаг. 2007 оноос энэхүү гэрээгээр хэрэгжүүлж буй Ногоон хэрэм төсөл нь өнгөрсөн хугацаанд гандуу бүс нутгийн нийт 3050 га-д ойжуулалт хийжээ.
Энэ хамтын ажиллагааны гол хэрэгсэл нь шинжлэх ухаан байсан бөгөөд төслийн амжилттай хэрэгжилтэд Монголын талаас ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Ойн тэнхимийн эрдэмтэн судлаачид, Солонгосын талаас Ой Судалгааны хүрээлэн, Донкукийн их сургууль зэрэг 5 их сургуулийн эрдэмтдийн оролцоо чухал нөлөө үзүүлж ирсэн байна.