Өнөөдөр монгол шар зурхай баримтлагчид хаврын тэргүүн сарын шинийн 1-нээ тэмдэглэж байна. Манай зурхайчид сар шинийн баярыг нэгдүгээр сарын 28, хоёрдугаар сарын 27-нд болно гэж мэтгэлцэж байгаа. Тэгвэл энэ өдөр цагаан сараа тэмдэглэн уул овоондоо гарч сүү, сэржмээ өргөн цагаалж байгаа хүмүүс багагүй байна.
Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрай “Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр ингэж хэлсэн шалтгаанаа “Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг. Үүнээс хойш Монголын гэх нэр нь гээгдэж, дэлхийн даяар “Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна.
Харин Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн. Энэ зурхайг одоо зөвхөн Монгол, Түвд хоёрт л хэрэглэж байна” гэв. Мөрөө олох гэсэн ард түмэн маань ингэж өөр өөр өдөр мөрөө гаргасаар байх уу…
О.ӨНӨР