Categories
мэдээ нийгэм

Монгол руу автобус нийлүүлэхэд бэлэн гэв

Беларусийн автомашин үйлдвэрлэлийн “MAZ” компани Монгол руу олон нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэхэд бэлэн болсон байна гэж “ONT” телевиз мэдээлэв.

Беларусийн “MAZ” компанийн тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын экологийн нөхцөл байдлыг сайжруулах боломжтой юм. Өвлийн улиралд Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл болон хувирдаг билээ.

Сүүлийн жилүүдэд тус хотын удирдлагууд хот төлөвлөлтийн шинэ шийдлүүд дээр ажиллаж, байгаль орчинд ээлтэй нийтийн тээвэр ашиглах тухай хэлэлцэж байна.

“Улаанбаатар хотын удирдлагууд зөвхөн дизель хөдөлгүүртэй автобус гэлтгүй цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автобусыг нийтийн тээвэрт явуулах асуудлыг хэлэлцэж байгаа. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс боломжит саналаа дэвшүүлсэн” гэж Монгол дахь “MAZ” компанийн салбарын тэргүүн Николай Кравченко хэллээ.

Дашрамд дурдахад тус компанийн үйлдвэрлэсэн автобус нэлээд хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод үйлчилгээнд явж эхэлсэн байна. Эн тэргүүний ажил бол аль аль талдаа ашигтай шийдэлд хүрэх явдал юм. Одоогийн байдлаар тус компани Монгол руу тээврийн хэрэгсэл экспортлох санхүүгийн асуудлаа зохицуулах хэрэгтэй байгаа бөгөөд Беларусийн Хөгжлийн банк энэхүү санхүүжилтийг хийхэд бэлэн байгаа ажээ.

“Энэ нь туршилтын төсөл байх болно. Экспортын зээлийн схемийг ашиглан энэхүү төслийг хэрэгжүүлснээр Беларусийн техник технологийг Монголд нийлүүлээд зогсохгүй Монгол дахь Беларусийн мэргэжилтнүүд тэдгээрийн үйлчилгээг давхар хийхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх үүд хаалга нээгдэх юм” гэж Беларусиас Монголд суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Станислав Чепурной мэдэгджээ.

Беларусь-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын хоёрдугаар хагаст болно гэж “ONT” телевиз мэдээллээ. Хуралдааны үеэр зээлийн шугамыг нээх асуудлыг хэлэлцэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *