Өнөөдөр Монгол Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, тус сургуулийн багш, ажилтнууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй шуурхай хуралджээ.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэр, тус сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөллийн хүсэлтийг тус тус танилцуулсан байна. Улмаар энэ асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтжээ.
Монгол Оросын хамтарсан Гуравдугаар дунд сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны Лхагва гарагт танилцуулсан. Тэрбээр ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг тайлбарлахдаа “Үндсэн хууль дахь иргэний үндсэн эрхийг зөрчсөнтэй холбоотой. Ж.Соронзон захирал ялгаварлан гадуурхалтыг олон нийтэд бодитоор харууллаа. Мөн арга барилын хоцрогдлыг бодитоор харуулсан. Төр иргэдтэйгээ 21-р зууны арга барилаар харилцаж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой юм. Үүний эсрэг үйлдэл гаргасан учраас хариуцлага тооцож байна” гэсэн юм.
Мөн “НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг. Энэ шугамаараа Оросын талтай зөвшилцөж, ойлголцоно гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, Монгол хүүхдүүдийг сургадаг сургууль учраас Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж үйл ажиллагаагаа явуулах ёстой” гэсэн билээ.