Categories
булангууд мэдээ томилолт

Монгол оронд ургацын далай долгиолж байна

Намар. Уужим тал шаргалтан, усны шувууд зэллэн, ертөнц солонгын өнгөөр гоёх богинохон үе. Бас бүх юм боловсорч амт шим нь гүйцэх  алтан үе. Сум, тосгоны хүмүүс  хадлан тариаландаа гарч, талд ургасан тариан дунд трактор, комбайн сэлсэн хөдөлмөр үнэртсэн ажлын цаг. Намрын улирлыг дэлхийн олон яруу найрагч өгөөмөр баян эхийн сэтгэлтэй зүйрлэн “Ижий улирал” гэж бахдан дуулцгаадаг.

Шив шинэхэн талх амттай. Захыг нь  шажигнуулан хазах бүр янзтай. Шинэхэн талхны үнэр амьдралын үнэр мэт санагдах нь бий.

Дэлхийн яруу найрагт газар ээж, түүний үр шим болох тарианы тухай шүлэглэн дуулаагүй нь ховор. Түүнээс талх, давсаар хүндэт зочноо угтдаг тариан эх орон болсон Оросын яруу найрагчид дунд намрыг дүрслээгүй, магтан дуулаагүй, хөг хэмнэлийг нь шүлэглээгүй нь хэд билээ.

 Оросын утга уран зохиолын очир эрдэнийн шигтгээ Сергей Есенин намрын тухай, тарианы тухай олонтаа бичиж “Тариан талбай-Орос орон минь ээ” хэмээн бахдаж, “Орос орон” шүлэгтээ

…Тариан талбай, шан татсан газар минь

Таны минь уйтайхан бараа цаанаа л нэг л энхрий

… Аяа, миний орон нутаг-энхрийхэн эх орон минь 

Амин хайраа тандаа л гэж гамнана билээ гэж сэтгэл зүрхээ шингээн байж бичин үлдээжээ. 

Монголчуудын хувьд тариа өсч дэвжихийн, өөдөлж сайжрахын бэлгэдэл буюу. Манай судар бичгүүдэд тариа, буудайн тухай эртнээс өгүүлж, түүнтэй холбоотой ёс уламжлалууд хадгалагдан үлдсээр өнөө бидний цагт ирсэн сэн. Монгол Улсын хувьд тариалангийн бүс нутгуудтай болж, гурил, буудайныхаа хэрэгцээг өөрсдөө хангадаг болсон баян, ажилсаг орон. Тийм болохоор бид тариан тухай зөндөө дуулж, шүлэглэх, бас түүгээрээ бахархах гавьяатай. 

Өнөө жил манай улс 430 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 293 мянган га-д улаан буудай тариалсан бөгөөд энэ талбайгаас нийтдээ 439 мянган тонн улаан буудай хураан авах төлөвлөгөөтэй.Нэг га газраас дунджаар 15.2 центнер буудай хураан авахаар төлөвлөсөн бол Сэлэнгэ аймгийн Ерөө сум улсын хэмжээнд хамгийн их буюу нэг га-гаас 17.5 центнер буудай хурааж авахаар ажиллаж байна. Энэ сумынхан 12 мянган га-д буудай тарьжээ. Үүгээр нь энэ нутгийнхныг ургацын далайд хөлөг онгоцоо сэлүүрдэн яваа далайчид гэхэд болно. 

Ерөө сумын төв Жавхлантын хөндийд байр¬лана. Жавхлантын хөндий рүү уруудаад орлоо. Сайжруулсан замын хоёр талд зүлэг ногоо зунаараа. Сумын төвийн хэдэн байшин, хашааны үүдний мандалд цэцэгс зай завсаргүй алаглана. Сумын Захиргааны байшингийн довжоон дээрээс ойр орчмоо хараачилбал тариан талбай хаа сайгүй шаргалтаж, зах хязгааргүй том талбайд  комбайн тоос татуулан ажиллана.  Өндөр ургасан тариан дундаас комбайны орой  дөнгөж цухуйн бункер дээрх шар гэрэл нь манас манас хийх нь өдрийн гэрэлд үл мэдэг харагдана.

Сумын төв нам гүм. Харин захиргааны байшинд хадлан, тариалан, цаг агаарын төлөв ярьж, төлөвлөгөө норм, бичиг цаас барьсан хүмүүс л ийш тийш завгүй гүйлдэх. “Цаг агаар муудах нь. Хүйтэн бороо орно”, “Хадланд гарсан хэд рүүгээ явъя”, “Өнөө бригадынхан маань наад талбайгаа дуусгаад цаашлах гэж байна” гэцгээж, ургац хураалт, хадлан, явцын мэдээгээ боловсруулцгаана. Ерөө сумын төвийнхөн төрийн далбаа намируулсан Захиргааны цагаан байр, тариалангийн талбай гэсэн хоёр газарт хуваагдаад бужигнаж байгаа гэлтэй. 

Сумын төвөөс зүүнтээд уртаас урт үргэлжлэх уудам талыг Энх тал гэх. Энэ талд “Улсын ургацын аварга хамт олон” өргөмжлөлтэй “Ачит оргил” компанийн тариаланчид ажиллаж байлаа. Ерөө сумын Хөдөө аж ахуйн Тасгийн дарга Я.Баярсэдийг дагаад Энх тал руу гарав. Тасгийн дарга шалмаг гэж дэндүү, яриа хөөрөө нь эрс шийдмэг эмэгтэй. Ажлаа мэддэг хүн ийм л байдаг байх гэсэн бодол төрнө. Талбайд ажиллаж  бүх л эд анги нь хөдөлж самардах нь самардаж няцлах нь няцалж байгаа бололтой. Хүн сүрдмээр хүнгэнэх том комбайныг угтаж очно. Тариан талбайд байдаг чадлаараа зүтгэх комбайнаас босох  их тоосон дунд ер нь тээршаах шинжгүй, ийш тийш түргэн гүйх. Тэрээр тариаланчидтайгаа ажлын халуун яриа өрнүүлж, гараараа юу ч юм зааж зааварлана. 

Тогоруун сүрэг тариа хураа­сан намхан талбай дээ¬гүүр нисэн өнгөрлөө. Газ¬раас хэдхэн алдын өндөрт ниссээр талбайн дунд буугаад хормын дараа нисээд явчихав. Борооны бараан үүлс алсаас нүүдлийн цуваа адил зугуухан айсуй. Тэр үүл зангиран харанхуйлж  тэнгэр тугалган өнгөөр бүүдийн бүрхэж  яах нь үл мэдэгдэн дүнсийнэ. Тариаланчид тариагаа хурдхан хураагаад дараагийн талбай руу яарч “Бороо гайгүй өнгөрөөсэй дээ” гэцгээнэ. Борооны өмнөх салхи тариан талбайг дайран өнгөрөхөд дөлгөөхөн байсан тэнгис долгилох адил тариан толгой бөхөлзөж  нэгэн хэмнэлээр хөвсөлзөн, салхин тариа болгонд жимбүүрдэн ямархан нэгэн аясыг тоглох мэт ээ. Гэвч энэ тоглосон аяс бодвол яарлын нэгэн  аялгуу байсан биз ээ. 

…Хүн төрөлхтний бишрэн шүтэж, зураг бүхнийг нь гай­хам­шиг гэж үнэлдэг алдарт зураач Ван Гог намрын тухай, тариан талбай, тариа­ланч, хадланчдын амьд¬ралыг тусгасан олон бүтээл туурвисан. Голландад аав, ээжийнхээ гэрт хэсэг зуур амьдарч байхдаа тосгоны ахуй байдал, тэр нутаг усны хүмүүсийн аж ахуйг дүрсэлсэн алдартай бүтээлүүдээ тариан талбайн зах, хадлангийн дэргэд, ойр орчмын өндөрлөг дээрээс зурсан нь одоо дэлхийн уран зургийн шилдэг бүтээлүүдийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзэлсээр. 

Түүний намрын тухай өгүүлсэн бүтээлүүдэд, шаргал тал дунд тариан түрүү найгана. Нар, салхи, бороонд элж хуучирсан сийрсэн малгайтай тариачин эр хаана нь ч юм шаргуу ажиллана. Тариачны гар нүцгэн бөгөөд гартаа ямар ч зэр зэвсэг, хүрз бариагүй байх. Тариан талбайн цаана тосгоны байшингууд ганц хоёроор бөөр нийлүүлэн нойрмоглох агаад дэргэд нь өнчин эсхүл хоёр гурван мод ногоорон зогсоно. Намрын шаргал нар шижир туяа сацруулан дугуйрна. Тэнгэр нь хүртэл шаргалтдаг.

Энх талыг дүүртэл тарьсан тариа борооны өмнөх салхинд хүчтэй ганхан найгаснаа хөдөлгөөнгүй болсон мэт ишин дээрээ үл мэдэг эргэлдэв. Тэнгэр бүрхэж, юу юугүй л бороо асгах нь уу даа. Шөнөжин орох нь дээ гэсэн бодол төрөх ч шаргалтах тариаг анзаарвал ер хур орох шинжгүй ч юм шиг, ноёлог байдлаа алдаагүй байсан нь Ван Гогийн “Үүлтэй тэнгэрийн доорх тариан талбай” хэмээх алдартай бүтээлийг санагдуулна.

Тариачин хүний хөдөлмөрч гарын хүчинд л хүн төрөлхтөн талхтайгаа залгаж, өглөөг цатгалан угтдаг. Хэдий сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт дэвшилтэт машин техник, төхөөрөмж эрчимтэй нэвтэрч, орчин үеийн арга барилыг ашиглах болсон ч тариачин хүний гар, сэтгэл хэзээд тэргүүнд байдаг нь ойлгомжтой. Ерөө сум 24 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 15 аж ахуйн нэгж энэ салбарт нь ажиллаж байгаа аж. Тэд тариалангийн эргэлтийн талбайгаа бүрэн ашиглаж, техникээ 95 хувьд нь шинэчилж чаджээ.

Энх талд комбайнаас урсах буудайг машиныхаа тэвшин дээр овоолж зогссон жолооч Н.Алтай алтартах тариаг алгандаа сул асгаруулан инээмсэглэн зогсонгоо “Тариа чинь хамгийн сайхан эрдэнэ. Тариачин хүн буман эрдэнийг дөрөвхөн сарын дотор тарьдаг гэдэг шүү. Би үр тарианы компанид тээвэр хийдгээрээ бахархдаг юм. Газар эхийн шим барагдах биш дээ” гэж комбайны моторын жигдхэн хүнгэнэх дуунаас даван гарах гэж хэрэндээ чанга ярилаа. Тариачид ийн буудайгаа хурааж авах гэж, жавраас өмнө, бороо, цас, цочир хүйтрэлээс урьтаж шаргуу ажиллаж байна. 

Ерөө сумын Засаг даргын орлогч Б.Нармандах тариачид голдуу амьдардаг сумыг удирдахын жаргалыг түлхүү өгүүлнэ. Мөрөөр нь татахуйц өндөр ургасан тариан дундаа ороод зогссон тариачин хүний сэтгэл юугаар ч хэмжигдэшгүй сайхан байдаг гэнэ. Аварга том техник дотроо суугаад талбай дундуур явж байгаа тариаланчдын харц хамгийн их аз жаргалтай байдаг гэлээ. 

Ерөө хадлангийн арвин их нөөцтэй бөгөөд хадлангийн гарц сайн байгаа аж. Өнөө жил сумынхаа хэмжээнд 26 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс хориод мянгыг нь хадчихаад байгаа юм байна. Хадлангийн олон бригад шижигнэтэл ажиллаж байхад зэрэгцээд тариалангийн талбайд комбайн, трактор, ачааны машинууд нүрэглэнэ. Тэртээд уул уурхайн компанийн хүчит том машин техник сүлжилдэх. Малчид ч малаа хариулах нь үзэгдэнэ. Сумын төвийн айлууд хашаандаа тарьсан төмс ногоо, хүлэмжиндээ ургуулсан өргөст хэмх, улаан лоолио хураацгаана. Намрын жинхэнэ дүр зураг гэж бас намрын нижгэнэсэн симфони гэж  үүнийг л хэлэх байх гэмээр ажил өрнөж байна, Ерөөд.

Тариан талбай, сумын захиргаа дунд хэдэнтээ холхитол хөнгөн тэрэг тоосонд дарагдав. Өмдний шуумгаа гөвбөл буудай болон ишнийх нь хальс салхинд хийсч, намар үнэртэн дэргэд тариан талбай шуурна. Шуурна гэснээс яруу найрагч, уянгын их дууч  Д.Урианхай гуайн “Эх орны тухай бодол” шүлэгт, 

…Намрын тарианы шар шуурга-Миний эх орон

Намуухан зуны ойн ногоон аялгуу-Миний эх орон хэмээсэн нь сэтгэлд зурсхийв. 

Бараан үүлс холуур өнгөрч, бороо чигээ өөрчлөв. Энх талд үүлэн чөлөөний наран тусч, талын өнгийг улам нэмлээ. 

Түрүүхэн л борооны үүлнээс болгоомжилж байсан тариаланчдын магнай тэнийв бололтой тариан талбай дундуур комбайнууд хөвөрнө. 

Буудай ачсан том улаан тэрэгний жолооч  бүхээгтээ хөгжим тавьчихаж. “Алтан намар”, “Ургацын далай” болон дуучин С.Ганзоригийн дуутай хуурцаг эгшиглүүлнэ. 

1964 онд Монголын радио “Ургацын далай” гэх нэвтрүүлэгтэй болж байсан түүхтэй. Нэвтрүүлгийн утга санаанд бүрэн нийцсэн хэмээн Б.Дэндэвийн үг, Т.Чимэддоржийн хөгжмөөр бүтсэн “Ургацын далай” дууг сонгож эгшиглүүлсэн нь Монголын тариаланч, энэ салбарт ажилладаг хүмүүсийн сүлд дуу болсон билээ. Энэ дууны утга агуулга өнөөдөр ч алдагдсангүй, дуулагдсаар байна. Хагас зуун жилийн турш дуулагдаж байгаа энэ дуунд гардаг үйл явдал яг одоо тариалангийн нутагт, Ерөөд өрнөж байна.

Ургацын далай, ургацын далай

Намрын салхинд үелзсэн

Найгал сайхан долгиотой

Нар хурын шим юм аа хө

Навч ногооны дээж юм аа хө…

Ургацын далай, ургацын далай

Алгаа тосоод авахад минь

Ариун сүүний үнэртэй

Атар хөрсний амт юм аа хө

Амуу будааны сан юм аа хө…

Тариа хураалттай зэрэг­цээд буудайны үнэтэй холбоо¬той асуудал энэ салбарынхны анхаарлыг татаад байгаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас улаанбуудайг тонныг нь 500 мянгаас дээш төгрөгөөр борлуулсан тохиолдолд тонн тутамд нь олгодог 100 мянган төгрөгийн урамшууллыг олгохгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь тариаланчдад хүндээр тусчээ. Тийм ээ, энэ их ажлыг чухам юуны төлөө хийж байгаа гэж та бүхэн бодож байна. Мөнгө олж  амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л шороон нүүрлэчихээд нойр, хоолоо умартан зүтгэж байгаа шүү. Хамгийн эрсдэлтэй салбарт төрийн дэмжлэг хамгийн чухал.

Гэтэл хувийн нэгэн компанийн эрх ашигтай уялдуулан олон мянган тариаланчдын эрхийг зөрчиж байгаа нь ёсзүйгүй гэдгийг Ерөөгийн тариаланчид хэлж байна. Тариаланчид их ажлынхаа хажуугаар ийн санал сэтгэгдлээ өгүүлчихээд ажлаа үргэлжлүүлнэ. Түрүүхэн л нь тарианы үнийн талаар бухимдангуй өгүүлж байснаа талбайнхаа захад очоод бүх бэрхшээлээ мартсан юм шиг тариан түрүүг хуруугаараа имэрч зогсох юм. 

Үүлэн чөлөөний наран жаргах нарнаар солигдох эгшинд тариан түрүү улам л өнгөжиж алтан шаргал туяа гялбуулан найгана. 

…Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж

Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ гэдэг нь энэ ажгуу. 

Тэртээд бороо хувингаар цутгах мэт орж байгаа бололтой. Борооны хормой дайраад өнгөрөх учир яаралгүй бол болохгүй гэцгээнэ. Ашгүй энэ удаа ажил зогсохгүй нь бололтой. Бороо, цас, мөндөр, салхи шуурга бас дээр нь мал талбайд орж сүйтгэх энэ бүхнээс өрсөх гэж манай тариаланчид бүхнээ зориулан зүтгэж байгаа.

Нар жаргасан ч тариа хураалтын ажил зогсохгүй шөнөжин үргэлжилнэ. Жаахан л алгуурвал бүтэн жил хөдөлмөрлөсөн ажлаа юу ч үгүй болгож мэднэ. 

Хээр талыг харанхуй бүчив. Тал дундуур гарсан хээрийн нууцхан замаар сумын төвөөс холдлоо. Тэртээд нүдний үзүүрт тод шар гэрэл анивалзана. Сүүлт од лугаа анивалзах тэр гэрэл  тариан талбай дундах  комбайны гэрэл ажээ. Бункер нь дүүрсэн биз. Дүүрээд бүр халин асгарч байгаа байлгүй. Тэр шар гэрэл рүү нэг цагаан гэрэл ширүүхэн очиж байгаа нь харагдана. Бодвол тариа ачих машин байж таараа. Хав харанхуй шөнийн тэнгэр дор ийнхүү одод бужигнах мэт гэрэл гялалзан тариа хураах ажил үл зогсоно. Ай даа, алтан намар аа гэж…

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *