Сая Путин ирээд явахдаа Монголоос мах авч болох юм гэсэн. Сибириэс нааш арав гаруй сая хүн амьдарч байгаа. Энэ бүс нутгийн иргэд бүгд мах иддэг. -45-50
хэм хүртэл хүйтэрдэг. Зарим тохиолдолд -60 хүрэх нь ч бий. Тэр их хүйтэнд мах идэхгүй гээд ч яахав дээ. Бас хахир хүйтэнд дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Тэгэхээр Сибирийнхэнд дулаан хувцас, ноос ноолуур, нэхий, малын мах амин чухал. Манайх Сибирь рүү эдгээрийг гаргах боломжтой. Хүргэх унаа болох хагас зуун жил ажилласан Орос Монголын хамтарсан төмөр зам бэлэн байж байна. Тээвэрлэлт асуудалгүй гэсэн үг. Путины хэлснээр бол Монголоос Орос руу мах гаргах улс төрийн тохироо бүрдсэн гэж хэлж болно. Ингэхээр тээвэр бэлэн, бид махаа Орос руу гаргая. Гэхдээ өнөөдөр мах нь алга, мал аж ахуй нь алга.
60 сая малтай, эртнээс мал маллаж ирсэн малчин ард түмнийг мал аж ахуйгүй гэж хэллээ гэж хэлэх хүн олон л байх биз. Бэлчээрийн 60 сая малын махыг оросууд турж үхэж байсан ч авахгүй. Путин ч авч болох юм гэснээс шууд авчихгүй байгаа нь учиртай. Дэлхийн стандартад монгол малын мах нийцэхгүй байна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Ерөөсөө монгол малын мах дэлхийд гарч чадахгүй байгаагийн гол шалтгаан энэ. Бүгд л өвчтэй малын мах идэхгүй гэдэг. Яаж ч рекламдаад, амт сайхныг яриад тэд хүлээж авахгүй. Хэн өвчтэй малын мах идэж өвчинд тарчилж үхэхийг хүсэхэв. Оросын мэргэжлийн байгууллагууд “Манай ерөнхийлөгч тэгж хэлсэн. Гэхдээ Оросын Ерөнхийлөгч хуулиа дагах ёстой, Оросын иргэд эрүүл байх ёстой, эрүүл малын мах идэх ёстой. Тэгэхээр танайх мал эрүүлжүүл, дэлхийн стандартад нийцүүл” гэдэг шаардлагаа хэлсээр байгаа. Ганцхан Орос ч биш, өөр улсын зах зээлд гаргах гэхээр яг л ижил шаардлага тавьдаг.
Азербайжан, Афганистан,
Казахстан, Балбад бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Дээр нь манайх нэмэгдэнэ. Нэрийг нь харахад л ямар улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа нь тодорхой. Харин хөгжилтэй орнууд бүгд эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна. Эндээс харахад бид өөрсдийн хүслийг тулгах бус, дэлхийн шаардлагад нийцмээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөдөө аж ахуйн салбарт шинэ эрин үе эхэллээ, эрчимжсэн мал аж ахуй буюу газар тариаланг хослуулъя” гэж Монголын хөдөө аж ахуйн ирээдүйг тодорхойлсон үг хэлнэ лээ.
Австралийн хонь гэж ирээд л ярьцгаадаг. Нэг айл 10-20 мянган хоньтой, хоёр хүн таван нохой л мал хариулах үүрэг гүйцэтгэнэ. Тэгээд тусгай бэлчээр тусгай саванд ноос ноолуур, мах, сүү, арьсыг нь авахын тулд чиглэл чиглэлээр нь үржүүлж байна. Арьс нь ганц нүхгүй, ноос нь шивтэр шивхэггүй, мах нь өвчингүй. Бүх мал нь хүн шиг эрүүл ахуйн бүртгэлтэй,
эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь хангасан байх жишээтэй. Манайх хориод мянган малыг хориод өрх буюу дунджаар нэг айлыг гурван хүнтэйгээр тооцвол хөдөлмөрийн насны 60 хүн дээрх тооны мал хариулж байна. Тэгээд эдийн засгийн үр өгөөжийг нь тооцох юм бол үр дүн нь талийгаад өгнө биз дээ. Мөн бэлчээр булаацалдаж хэрүүл тэмцэл хийхгүй. Дорж гуайн хонь эрүүл байлаа ч Балдангийн өвчтэй хоньтой нэг бэлчээрт бэлчиж л явдаг энэ байдлыг халах цаг болж.
Манайд суурьшсан нэг канад нөхөр фермерийн аж ахуй эрхэлж хэдэн жил болоод хотын томоохон ресторанууд Австралиас мах захиалахгүй эднийхээс үхрийн мах авдаг болсон байна лээ. Малаар баян гэх Монгол гаднаас мах авахгүй болж. Гэхдээ гадаад хүн Монголд ирээд эрүүл малын мах өндөр үнээр зараад сүлжээ үүсгэчихсэн сууж байна шүү дээ. Монгол хүн яагаад ингэж чадахгүй гэж.
Бразилийн хөндийд хэдэн арван мянган үхэр битүү бэлчдэг. Калифорнийн хөндийд хар тарлан үхэр хэдэн мянгаараа бэлчиж байдаг. Шоргоолжны үүрэнд орсон мэт л их. Гэвч өөрийн эзэмшил газраас нь ганц үхэр гарахгүй, гаднаас хэн нэгэн Жоны үхэр энд ирж бэлчихгүй. Тэгээд мах сүүний фабрик. Нэг үхрээс авах ашиг шим хамаагүй их. Монгол үнээнээс жилд
800-1200 орчим литр сүү авдаг бол эрчимжсэн мал аж ахуйн сүүний чиглэлийн
үнээнээс жилд дунджаар
8000-12000 литр сүү авч байна. Монгол шүдлэн үхрийн гулууз 150кг орчим байхад ижил насны махны чиглэлийн лимузин, ангус үхрийн гулууз нь 300-400
кг байх жишээтэй. Эрчимжүүлсэн аж ахуйн 24-30 сартай махны чиглэлийн үхрийг нядлахад арьс шир, дайвар бүтээгдэхүүнүүд ороод дор хаяж 10 мянган ам.долларын ашигтай.
Ийм эрүүл малын махыг шүүрхийгээр нь дөнгөж гадна талаас нь борлуулах төдий л болгоод иддэг. Манайд бүрэн болгож л идэхгүй бол бруцеллёз өвчин тусчих хамаг үе мөч нь хавдаж сүйд болно. Ийм махыг хэн авахав
Нэг айлын малд шинжилгээ хийхэд зарим нь эрүүл байлаа гэхэд нэлээдгүй нь өвчтэй гардаг гэж мэргэжлийн хүн хэлнэ лээ. Тэгэхээр бидний хэлээд байгаа бэлчээрийн, нүүдлийн мал маллах арга бол мал аж ахуй биш юм. Үүнийг зарим хүмүүс их эсэргүүцдэг. Монгол ахуй соёлыг өөрчлөх гэлээ, бэлчээрийн малын мах илүү амттай, нүүдэлчин ахуйгаараа байя гэцгээдэг. Дэлхий биднийг бүдүүлэг гэж л үүнийг нь сонирхдог болохоос үнэхээр сонирхдог
бол монгол малын махыг авах л байсан шүү дээ.
Харин бид ёс журмаар нь дэлхийн жишигт нийцсэн мал аж ахуй байгуулах бүрэн боломжтой. Сибирийн тэр цас мөсөн дунд мал үржүүлэх амаргүй. Хятадад ч Өвөр Монголоос бусад газар мал үржүүлэхэд амар биш. Бусад улс орон үхрийн бааснаас сэжиглээд малд хавьтдаггүй. Монголд ингэж сэжиглэх хүн бараг байхгүй. Ямар сайндаа л морин уралдааныг спорт болгосон япончууд монгол хүмүүсээр уралдааны морьдоо сургаж, хомоолыг нь цэвэрлүүлэхээр аваачиж байхав дээ. Тэгэхээр хүний газар очиж зарагдаж суухаар Монголдоо мал аж ахуйгаа хөгжүүлэх бүрэн боломжтой. Монголд мал өсөх хамгийн таатай орчин. Цаг уурын хувьд ч дөрвөн улиралтай, халуун орныг бодвол чийглэг биш. Хуурай, хүйтэн, халуун ээлжилж байдаг. Хангалттай газар нутагтай. Тэгэхээр сумын төвийн дайтай том, том фермерийн аж ахуйтай болчихвол болоод явчихаж байгаа юм. Ингэж чадвал Монгол Улс уул уурхайгаас илүү малаасаа ашиг олж болно. Одоо манай мянгат малчид чинь фермерийн аж ахуйтай гадныхны хажууд гайхуулаад байх ч юм биш. Нэг айл арван мянган үхэртэй, хорин мянган хоньтой байж л байдаг. Ийм болоход хэцүү юм ер байхгүй. Сүүлийн үеийнхэн суурин амьдрах дуртай болсон. Сайхан цэлгэр тал байна. Нийтээрээ улс төрийг хоол болгож хэрэлдэн тэмцэлдэж байхаар эртнээс нааш хийж ирсэн ажлаа арай өөр арга барилаар л хийж сураад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлбэл боломж бидэнд байна.