Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Монголын генетик нөөцийн мэдээллийн нэгдсэн сан болон мэдээлэл солилцох нэгдсэн систем бий болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлыг 2018 онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Манай улс асар их генетик нөөцтэй, түүнийг ашиглаж ирсэн арвин баялаг уламжлалт мэдлэгтэй ч судлаач эрдэмтэдийн хэвлүүлсэн бүтээл, судар шастирт бичигдэн үлдсэн цөөн мэдээллийг эс тооцвол өнөөдрийг хүртэл генетик нөөцийн мэдээлийн нэгдсэн сан байхгүй, үүний улмаас генетик нөөцөөс олох асар их үр шимийг гадаад улс орон руу алдаж байна. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гарвалтай үнэ цэнэ бүхий генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх мэдээллийн санг бий болгох ажлыг эхлүүлсэн юм.
Мэдээллийн сангийн бүтэц, агуулгыг хэлэлцэх ажлын хэсгийн хурал 2018 оны 03-р сарын 27-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болж мэдээллийн сангийн хөгжүүлэлтийг хийж буй “Нью Мэдиа” групп хөгжүүлэлтийн ажлын явцыг танилцуулан хэлэлцүүллээ.
Ажлын хэсгийн уулзалтыг нээж БОАЖЯ-ны газрын дарга Т.Булган хэлсэн үгэндээ “Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр Байгаль орчин аялал жуулчлалын яам хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлоод хуулийг хэрэгжүүлэх үндэс суурь болох генетик нөөц, уламжлалт мэдлэгийн мэдээллийн санг бий болгох ажлыг эхлүүлэн ажиллаж байна” гээд мэдээллийн сан нь Монгол орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэлллээ.
Мэдээлийн сангийн хэрэглэгчид нь жирийн иргэд, эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн байгууллага, шийдвэр гаргагчид байх бөгөөд хандаж мэдээлэл олж авах эрх нь өөр хоорондоо ялгаатай байх юм. Тухайлбал энэ мэдээллийн сангаас иргэд манай орны нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гарвалтай генетик нөөцийн суурь мэдээлэл,түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгүүд, энэ мэдлэгт суурилж гаргаж авсан бүтээгдэхүүний жагсаалтыг харах боломжтой болох юм.
Мэдээллийн сангийн хөгжүүлэлтийн ажлын зэрэгцээ НҮБХХ-ийн төслийн санхүүжилгийн дэмжлэгээр тус сангийн агуулгыг буюу Монгол оронд байгаа амьтан, ургамал, бичил биетний гарвалтай генетик нөөцийн мэдээллийг нэгтгэж бэлэн болгох мэргэжлийн баг ажиллаж эхэллээ. Ийнхүү Монгол Улс анх удаагаа генетик нөөцийн нэгдсэн мэдээллийн сантай болох гэж байна.