Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)- гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 24 дүгээр чуулган болон Ардчиллын Форумд оролцож, Монгол Улс Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргалах ажлыг тус Зөвлөлийг 2015 онд даргалсан ШХУ-ын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтераас албан ёсоор хүлээн авав.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчиллын Форумд оролцож үг хэлэв. Тэрбээр Монгол Улс тус олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Киргиз, Мьянмарт амжилттай болж өнгөрсөн сонгуулийн бэлтгэлийг хангахад монголын талаас үзүүлсэн туслалцаа зэрэг олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр манай улсаас хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтын талаар танилцуулав.
Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермтэй албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улс 2016 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. Чингэхдээ Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Монгол Улстай хамтран зохион байгуулах арга хэмжээнд олон улсад танигдсан нэр хүндтэй улс төрчдийг урьж оролцуулах чиглэлээр ажиллах, монголын талаас санаачилсан сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх төвийг Улаанбаатар хотноо нээх, үүнтэй холбогдуулан ЕАБХАБ, АОХН, Европын зөвлөлөөс тусламж дэмжлэг авах чиглэлээр тус олон улсын хүрээлэнтэй нягт хамтран ажиллах талаар ярилцав.