Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын түүхэн харилцааг харуулах үзэсгэлэн маргааш нээнэ

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өдөр маргааш тохионо. Монголын үндэсний музей энэ өдрийг тохиолдуулан “Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэн нээхээр төлөвлөжээ.

Тус музей нь БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран дээрх үзэсгэлэнг зохион байгуулна. Ингэхдээ тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хоёр орны харилцаа, түүх соёлын хэлхээг харуулсан үзмэрүүдийг үзэгчдэд толилуулах юм. Энэхүү үзэсгэлэнгээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайгаас маршал Х.Чойбалсанд дурсгасан Хунань нутгийн үзэмж бүхий модон хаалт, ваар, Ардын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан маршал Х.Чойбалсанд БНХАУ-ын удирдлагаас дурсгасан цайны бүрэн хэрэглэл зэрэг тухайн цагийн найрамдалт харилцааны яруу тод илэрхийлэл болсон ховор чухал, онц сонирхолтой үзмэрүүдтэй танилцах боломжтой аж. Үзэсгэлэнг 10 дугаар сарын 16-ны өдөр 11 цагт Монголын Үндэсний музейд нээнэ.

Ташрамд дурдахад, Манай хоёр улсын музейн салбарын хамтын ажиллагаа баялаг түүхэн замналтай. 1952 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны гурван жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний хүрээнд Хятадын ард түмний соёл уламжлал, тухайн цагийн хөгжлийн өнгө төрхийг олон салбараар харуулсан тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байжээ. Улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийг БНХАУ-ын Элчин сайд Заяат бүгдийг нь БНМАУ-ын Засгийн Газарт бэлэглэсэн нь зохих журмын дагуу музейдэд хуваарилагдан ирснийг тус музейд хадгалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *