Categories
мэдээ цаг-үе

Монгол, Хятадын чөлөөт худалдааг дэмжсэн ЭКСПО

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 2020 онд арван тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгасан билээ. Үүнийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болсон “Монгол, Хятадын анхдугаар экспо” энэ сарын 23-27-ны өдрүүдэд Хөх хотноо болов. Зохион байгуулагч БНХАУ-ын зүгээс энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч буй нь алхам тутамд мэдрэгдэж байлаа. Хөх хотын нисэх онгоцны буудлын танхимаас өгсүүлээд хотын гудамж, талбай, автозам дагасан сурталчилгааны самбар гээд энд тэндгүй хоёр улсын туг, экспогийн таних тэмдэг, лого зэргийг монгол, хятад хэлээр бичиж байрлуулсан нь нүдэнд тусна.

Монголоос 800 гаруй, Хятадын талаас 7500 төлөөлөл оролцсон экспо олон арга хэмжээгээр үргэлжилсэн. Хоёр орны эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх гарцыг эрэлхийлсэн форумаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, аж үйлдвэр, дэд бүтцийн салбар дахь ололтоосоо харилцан туршлага солилцож, танилцуулан сурталчиллаа. Энэ нь оролцогчдод худалдаа, бизнесийн харилцаа тогтоох, шинэ түншлэлийг бий болгож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шийдэл болж чадсан юм.

БНХАУ “Талынзам” төслийг дэмжив

Хөх хотоос зайдуу “Хөх тал” хэмээх хөдөө хээр нутагт арга хэмжээний зөвхөн нээлтэд зориулж цогцолбор байгуулжээ. Монгол гэрийн загвар бүхий асар танхим тэнд хэд хэд харагдав. “Монгол, Хятадын анхдугаар экспо”-гийн нээлтийн ёслолд хоёр улсын Төрийн тэргүүний мэндчилгээг дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ, Монгол-БНХАУ-ын стратегийн иж бүрэн түншлэл болон хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаанд энэ үзэсгэлэн худалдаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Мөн БНХАУ-ын дарга Си Жиньпин “БНХАУ-Монголын харилцааг илүү өндөр түвшинд хүргэж, Зүүн Хойд Азийн орнуудын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулна. БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгыг Монголын “Талын зам” төсөлтэй нэгтгэхэд бэлэн байна” гэсэн үгийг дайжээ.

Экспогийн нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “2000 жилийн тэртээгээс эхлэлтэй Хятадын эртний Хан улсын нийслэл Сияань хотоос гараалан эхэлж Евро Азийг дорно, өрнө, өмнө, умардыг холбосон “Торгоны их зам” XIII зуунд манай их эзэн Чингис хаанаас улбаалагдан түүчээлж, түүний ач хүү Юань улсыг үндэслэгч Их хаан Хубилайн чөлөөт худалдаа усан тээврийн замаар үргэлжлэн өнөөдрийн XXI зуунд БНХАУ-ын санаачилгаар “Шинэ торгоны зам” хэмээх тив дамжсан дэлхийн үндэстний дөрөвний гурвыг хамарсан нийгэм, соёл, эдийн засгийн хамтын ажиллагаа болон идэвхжиж байна. Энэхүү үйл явцад Монгол Улс “Талын зам”, БНХАУ-Монгол Улс-ОХУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсон нь хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэлээ.

Манай улсын санаачилсан “Талын зам” төсөл бол ОХУ, Европоор дамжуулаад БНХАУ-ын зах зээлийг холбох юм. Ингэхдээ худалдаа Монгол Улсаар дамжих юм бол хөрш зэргэлдээ орших манай гурван улсын хувьд хамгийн ашигтай гэсэн саналыг Хятадын талд тавьжээ. Ерөнхийдөө экспод оролцох гол зорилго нь энэ гэж хэлж болно. Иймд Хятадын тал “Талын зам” төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид Евро Азийн худалдаа Монгол Улсаар дамжин өнгөрөхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэйг ч онцлон тэмдэглэж байлаа.

Монгол Хятадын чөлөөт худалдааг хөгжүүлэх боломж

Экспо зохион байгуулагдсан эхний хоёр өдрийн байдлаар Монгол, Хятадын тал 100-гаад санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулалтын чиглэлээр 40 гаруй хэлэлцээр байгуулав. Экспод оролцсон УИХ, Засгийн газрын төлөөлөгчид өөрийн орны хөрөнгө оруулалтын орчин, ямар хуулийн нөхцөл боломж байгааг нээлттэй танилцуулж байсан. Ингэхдээ гадаадын төлөөлөгчдөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин бол хүнд сурталгүй, ил тод, тогтвортой бизнесийн орчинтой болохыг тодотгож байлаа. Арга хэмжээнд Хятадаас гадна БНСУ, ОХУ тэргүүтэй 20 орчим улсын бизнесмэн оролцсон бөгөөд манай улсын хөрөнгө оруулалтын орчинг ихэд сонирхож байсан юм.

“Монгол, Хятадын анхдугаар экспо” дээр яригдсан гол асуудлын нэг чөлөөт худалдаа байв. Ялангуяа хил залгаа Өвөр Монголын өөртөө засах орон, Монгол Улс хоорондын худалдаа эдийн засгийн тухай байлаа. Эдийн засгийн чөлөөт худалдааг хөгжүүлэхэд бүс нутгийн асуудлаас эхлэх хэрэгтэйг чухалчлав. Ингэхдээ хил гааль, худалдааныхаа бүх сүлжээ, тарифийг чөлөөлөх тухай энд хөндөгдсөн юм. Татварын болон татварын бус дарамтуудаа багасгах, аль болох худалдааг чөлөөтэй хийх эхний алхмыг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдана лээ.

Манай улс урд хөрштэйгөө чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажлын хэсгийн түвшинд явж байгаа. Харин бид эдийн засгийн ямар тулгуур үндэс болгож үүн дээр ажиллах ёстой вэ гэдэг асуулт эндээс ургах юм. Одоо эдийн засгийн коридорын асуудал яригдаж байна. Хоёр хөрш бол тээврийг хөнгөвчлөх, хурдасгах, бараа эргэлтийг сайжруулах чиглэл рүү анхаарч байгаа нь мэдээж. Монгол Улс тээврийн дэд бүтцийн манаач байхыг хүсэхгүй нь ойлгомжтой болохоор энд ямар хэмжээгээр оролцох вэ гэдгээ тодорхойлох ёстойг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолж байсан. Хэрэв чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийх юм бол Монгол Улс аж үйлдвэржилтийн орон болох алхам руугаа найдвартай шилжсэн байх ёстойг ч тэмдэглэв. Тэгвэл Хятадын зүгээс манай улсын энэхүү зорилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улс ашигт малтмал, хөдөө аж ахуйн арвин нөөцтэй болохоор үүнд тулгуурласан боловсруулах үйлдвэр, үйлдвэржилтийн асуудлыг зэрэгцүүлэн тавихаар яригдсан юм.

Ер нь манай зах зээл жижиг учраас хичнээн үйлдвэрлэгч орон болсон ч борлуулалт нь хангалтгүй байна. Тиймээс манайх өөрсдөө чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал хоёр хөршийнхөө том зах зээлд гаргах боломж байгаа нь экспогоос харагдаж байлаа.

Монголын бүтээгдэхүүн эрэлттэй байв

“Монгол Хятадын анхдугаар экспо”-д үндэсний 230 компанийн 350 гаруй бизнес эрхлэгч өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн байв. Тэд 600 гаруй нэр төрлийн хоёр тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй очжээ. Худалдаа эрхлэгчдийн хувьд зөвхөн ачаа тээшийнхээ зардлыг хариуцсан байна. Харин хил гаалиар нэвтрэх татварын асуудалд толгой өвдөөгүй аж.

Монголын талаас үзэсгэлэн худалдаанд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хивс, үндэсний дээл хувцас, гар урлал, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг дотоодын гэсэн тодотголтой бүхэн харагдав. Хүнснээс мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, чихэр шоколад, гурилан бүтээгдэхүүн, архи, пиво үйлдвэрлэгчид оролцож байсан. Монголын чингэлгүүд хөл гишгэх зайгүй хүн ихтэй байв. Эндээс Хятадын зах зээлд манай бүтээгдэхүүн ямар их эрэлттэй байгаа нь харагдаж байлаа. Борлуулалт сайн байсан болохоор үзэсгэлэн худалдааны хоёр дахь өдөр лангуун дээрх бараа нэлээд шингэрсэн байна лээ.

Олны анхаарлыг татаж байсан нэг бараа бол монгол шаазан аяга. Үндэсний бөхийн барилдааны зураг бүхий цагаан шаазан аягыг өмнөд монголчууд хэдэн арваар нь бөөндөн авч байв. Учир нь энэ аяга халаад байдаггүй, бат бөхийн хувьд чанартай болохоор хамгийн сайн борлуулалттай байгааг худалдагч бүсгүй ярьж байсан. Тэрбээр “Аяга тээвэрлэхэд хүндрэлтэй болохоор тийм ч олныг авчраагүй. Гэтэл эндхийн хүмүүс маш ихээр сонирхдог юм байна. Дахин энэ үзэсгэлэн худалдаанд оролцохдоо ахиухан авчрах хэрэгтэй юм байна” гэж байлаа.

Ерөнхийдөө манай бүтээгдэхүүнүүдийн чанарыг урд хөршийн хэрэглэгчид аль хэдийнэ таньсан бололтой. Гэхдээ тэд сонгосон бараагаа хэзээ ч худалдагчийн хэлсэн үнээр худалдаж авахгүй, хэд дахин буулгаж байж авснаар санаа нь амардаг болохыг үйлдвэрлэгчид ярьж байлаа. Иймд нэлээд өндөр ханш хэлж байж, борлуулах үнэ дээрээ тогтдог хятад худалдаачдын аргыг хэрэглэж байгаагаа нуугаагүй юм. Үзэсгэлэн худалдаанд тавигдсан бараануудын хувьд Монголд борлуулдаг ханштайгаа ойролцоо байсан.

Харин хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн их борлуулалттай нь хиам байлаа. Цагаан идээг ч бас ихэд сонирхож, амт, чанарыг нь таашааж байв. Мөн хонины сүүл, чацарганаар хийсэн гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт ч сайн байсан.

Үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж байхад Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах эрмэлзэлтэй байдгаа хэлж байна лээ. Гол нь татварын орчин, хил гаалийн шалган нэвтрүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх боломж олгож өгөхийг хүсч байсан.

Монгол, Хятадын хооронд энэхүү арга хэмжээг хоёр жил тутамд зохион байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан юм.

ХӨХ ХОТООС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТСАН ТЭМДЭГЛЭЛ

– Нийт 100 тэрбум юаниар хэмжигдэх гэрээ, хэлэлцээрүүд байгуулсан өдрүүдийн үйл явдал –

Хөх хотноо тав хоногийн турш үргэлжилсэн “Монгол, Хятадын анхдугаар экспо” өчигдөр албан ёсоор өндөрлөлөө. Хоёр орны улс төр, бизнесийн болоод салбар бүрийн нийтдээ 8000 орчим төлөөллийг хамруулсан энэхүү арга хэмжээгээр олон асуудлын гарцыг эрэлхийлж, бас шийдэж чадлаа. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд дэлхийн долоон тэрбум хүний 20-иод хувийг эзэлдэг урд хөршийн асар том зах зээлд Монголын үйлдвэр эрхлэгчид хөл тавих хаалганы оньсыг тайлав. Өөр бас нэг сайн мэдээ нь манайд ус агаар шиг дутагдаж буй гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг аж үйлдвэрийн салбар руу татаж чадсан юм.

Тухайлбал, Монголд хөрөнгө оруулж, үйлдвэр байгуулаад ажлын байр бий болгох саналыг манай зүгээс тавина лээ. Ялангуяа малын гаралтай арьс, шир, ноос, ноолуур гээд түүхий эдийг боловсруулах чиглэлд боломж нээлттэй байгааг сонирхуулав. Эндээс үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ Хятад руу татваргүй экспортолбол бид тэндээс ашиг орлого олох таатай боломж бий гэж харжээ. Манайх малын гаралтай болон уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг дандаа түүхийгээр нь хил гардаг. Тэгэхээр нэмүү өртөг шингээсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгож экспортлох шаардлага бий. Ямартай ч Хөх хотод болсон хоёр улсын форум энэ мэтчилэн олон салбарын асуудлыг ажил хэрэг болгох уулзалтуудаар амжилттай өрнөсөн. Экспод Монголын талаас түншээ олохоор 60 гаруй компани ирсэн байв. Тэдний дийлэнх нь бизнесээ өргөжүүлэх хөрөнгө оруулалтын түлхүүрийг атгацгааж, зорилгоо биелүүлсэн юм. Ялангуяа хөнгөн үйлдвэр, хувцас, барилгын материал үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлалын төслүүдэд мөнгө босгов.

“Эрдэнэс Таван толгой” компани гэхэд Хятадын компанитай хамтраад нүүрсийг угааж, баяжуулаад экспортлох гэрээнд гарын үсэг зурсан. Тус компани “Ганц мод”-оос “Халиут”-ын боомт хүртэлх Өмнөд Монголын харьяа нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн холбоотой хамтарч ажиллах юм байна. Тэд олборлолтоо 28 сая тн нүүрс хүртэл нэмэгдүүлэх боломжтой хэмээн ярив.

Мах махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниудад ч том боломж олдсон. Энэ салбарт Монголын нийт 12 компани хятад түнштэйгээ гэрээ байгууллаа. Хятадууд адууны мах, махан бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн их сонирхож байна лээ. Эхний ээлжинд туршилтаар 1000 хүртэлх тн мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор талууд тохиролцож чадсан юм.

Тяньжинаас Улаан-Үүд хүрэх бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатараар дамжин өнгөрүүлнэ

Монгол Улс өнөөдөр Европын холбооны улс руу 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн татваргүй гаргадаг. Мөн Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсны үр дүнд 5700 нэр төрлийн бараа, таваарыг нэн бага татвартайгаар экспортлох боломж бүрдсэн. БНХАУ бол хөнгөн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбар өндөр хөгжсөн орон. Тиймээс Хятадын зах зээлд гарах гэсэн аль ч улс орны бараа бүтээгдэхүүн нэлээд татвар төлдөг. Татвараас гадна, хил гаалийн хяналт шалгалт гээд түмэн бэрхшээл манай худалдаачдад учирдаг. Хил залгаа хөршилдөг Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, хөгжүүлэх тал дээр хоёр улсын дээд түвшинд асуудал сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж байгаа. Саяын форумын үеэр ч хил дамнасан чөлөөт худалдааг хөгжүүлэх тухай нухацтай хөндөв. Монгол, Хятадын нутагт тус бүр 900 га газарт хил дамнасан чөлөөт худалдааны бүс байгуулахаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах төслийн сонгон шалгаруулалтад 23 компани тэнцжээ. Ихэвчлэн мах боловсруулах, тээвэр ложистикийн чиглэлийн компаниуд оролцсон гэнэ. Харин үйлдвэр байгуулах саналтай компани хараахан ирээгүй байна. Ер нь хил дамнасан чөлөөт худалдааны бүсийг байгуулахад зөвхөн Хятад, Монгол гэлтгүй дэлхийн бусад улс орнуудын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатайг урд хөршийн зүгээс онцолж байлаа. Мөн “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор” байгуулах асуудлын хүрээнд Тяньжинаас бараа бүтээгдэхүүнийг авто замаар тээвэрлээд Улаанбаатараар өртөөлөн Улаан-Үүдэд хүргэх туршилтын анхны тээврийг хийхээр форумын үеэр тохирч, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Сүүлийн арваад жил яригдаж буй дамжин өнгөрүүлэх тээврийн энэхүү асуудал гурван улсын хооронд дэд бүтэц, зам тээврийн салбарын хүрээнд бодитой харилцаа нэвтрүүлэх эхний алхам болохыг эрдэмтэд олзуурхаж байв.

Монголчуудын хувьд Хятадын зах зээл нээлттэй болохыг мөнхийн хөрш маань тодотгоно лээ. Тиймээс Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн худалдааны чиглэлээр 10 павильон, 60 лангууг эхний жилд үнэ төлбөргүй ашиглах боломж олгов. Тэнд манай үндэсний үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахад нэг шат ахиж байна гэсэн үг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ Шилийн гол аймгийн Олон улсын худалдаа, аялал жуулчлалын төвтэй санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Японы машин үйлдвэрлэгчдийн сонирхож байгаа шинэ технологийг Монголоор овоглуулах хүсэлтэй өмнөдмонгол эрдэмтэн

“Монгол Хятадын анхдугаар экспо” эрдэм шинжилгээ, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр зэрэг олон салбарт өгөөжтэй арга хэмжээ болов. Форумын үеэр шинэ технологи, инновацийн тухай яриа хэлэлцээр ч өрнөлөө. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг арчлахад амаргүй. Тэгээд ч тансаг хэрэглээ гэдэг утгаараа зах зээлд харьцангуй үнэтэй барааны жагсаалтад багтдаг. Манайд малын гаралтай түүхий эдийн боловсруулалт хангалттай биш болохоор бэлэн бүтээгдэхүүн болсныхоо дараа ч эвгүй үнэр нь салдаггүй шүү дээ. Ялангуяа норж, чийг авсан савхин эдлэл, ноос, ноолууран хувцаснаас таагүй үнэр ханхалдаг тал бий. Тэгвэл энэ асуудлыг монгол залуу арилгаж нано технологиор шинэ бодис гаргаж авсан тухайгаа арга хэмжээний үеэр сонирхууллаа. Хуруун чинээхэн шилтэй уусмалыг нэг тн усанд уусгаж, ноос, ноолууран хувцсаа угааснаар үнэр нь алга болдог байна. Мөн монголчуудын анхаарлыг татаж байсан өөр нэг дэвшилтэт технологи бол өмнөд монгол эрдэмтэн Чулуун гуайн бүтээл байв. Тэрбээр Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотын Үзэмчин хошууны харьяат, Бээжингийн их сургуулийн профессор аж. БНХАУ-ын дарга Си Жиньпинд зөвлөдөг есөн эрдэмтний нэг юм билээ. Чулуун гуай автомашины утааг шингэрүүлж, агаарын бохирдлыг бууруулах шинэ технологи нээжээ. Японы цахилгаан машин үйлдвэрлэгчид энэхүү байгальд ээлтэй технологийг асар их сонирхож байгаа гэсэн. Харин мань хүн өөрийнхөө бүтээлийг дэлхийн зах зээлд Монгол Улсын нэрээр гаргах сонирхолтой байгаа гэнэ. Тэрбээр “Миний төслийг Монгол Улс дэмжиж, худалдан авч, улмаар дэлхийн зах зээлд өөрийн улсаараа овоглон гаргах боломжтой” гэж хэлсэн юм.

Хоёр орны бүхий л салбарыг нягтаршуулсан өдрүүд

Монголын бараа, бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гарвал борлуулалт сайтай байх нь энэ цөөхөн хоногт болсон үзэсгэлэн худалдаанаас тод харагдлаа. Нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн бараа, таваарыг Хөх хотод авч очсон гэсэн албан ёсны дүн бий. Эхний хоёр өдөр зарим үйлдвэрлэгчийн лангуу шингэрч, Монголоос бараагаа дахин татжээ.

Хэдийгээр хөл хөдөлгөөн ихтэй, Монголын бүтээгдэхүүн эрэлттэй байсан ч танилцуулга, сурталчилгаа тал дээр анхаарах зүйлс ажиглагдсан юм. Манай худалдагч, хятадын худалдан авагчид хоорондоо хэл нэвтрэлцэхэд хүндрэл үүсч байв. Зарим нь бараа бүтээгдэхүүнийхээ танилцуулга бүхий гарын авлагыг хятад, монгол хэл дээр хэвлэж, лангуун дээрээ тавьсан харагдана лээ. Гэхдээ энэ нь тун хүрэлцээ муутай, тэнд цугларсан олонд хангалттай сурталчилгаа болж чадаагүй гэхэд болно. Худалдан авагчдын зүгээс ч ийм шүүмжлэлийг хэлж байв. Үзэсгэлэнд ирсэн зарим иргэний сэтгэгдлийг сонирхоход “Монголын бараа бүтээгдэхүүн, ялангуяа ноос, ноолуур, хивс, арьс ширэн бүтээгдэхүүнүүд чанартай гэдгийг дуулаад би 500 км-ийн холоос ирсэн. Үнэхээр сэтгэлд нийцэж байна. Цагаан идээ, өрөм, ааруул нь тун их амттай юм. Органик гэсэн бараа бүтээгдэхүүн болгоноос худалдаж авсаар таван мянган юанийн худалдаа хийсэн байна” гэлээ.

Манайхан энэ том зах зээлд хөл тавихын тулд цаашид бараа бүтээгдэхүүнийхээ тоог олшруулаад зогсохгүй чанараа сулруулж болохгүйг албаны хүмүүс сануулж байсан. Хятадын талын үзэсгэлэн худалдаанд бараа, бүтээгдэхүүний оргиналь эсэхийг шалгадаг бар код уншуулдаг төхөөрөмжийг байрлуулсан байна лээ. Манайхан дараа, дараагийн ийм том арга хэмжээнд оролцохдоо тэдний энэ мэт туршлагаас суралцахад худалдан авагчдын итгэлийг улам олж, тэр хэмжээгээр борлуулалт нэмэгдэх нь гарцаагүй юм.

Үзэсгэлэнгийн талбайд барьсан монгол гэрт манай үндэсний архи болоод хөөрөгний худалдаа болж байлаа. Хятад иргэд Монголын цагаан архийг ихэд сонирхож байгаа бололтой. Мөн сийлбэртэй хөөрөгнөөс ч мөнгө харамлахгүй худалдан авч буй нь нүдэнд туссан. Жишээлбэл, манай уран гартнуудын бүтээл болох сүүлийн үеийн хийцийн хөөрөг 10-13 мянган юанийн үнэтэй байв. Ойролцоогоор 3-4 сая төгрөг гэсэн үг. Мөн тэнд “Мөнгөний чулуу” гэж нэрлэгддэг судалтай жижиг чулуу 200-500 юанийн үнэтэй байсан. Хятад иргэд тэр чулууны “ид шид”-ийг ихэд мэддэг янзтай хэд хэдээр нь худалдан авч байв.

“Монгол, Хятадын анхдугаар экспо”-гийн олныг хамарсан бас нэг арга хэмжээ бол хоёр орны хувцас загварын шоу, урлагийн хамтарсан тоглолт байлаа. Тайзан дээр туяхан биеэ гайхуулан алхах үндэсний загварлаг дээл хувцастай монгол загвар өмсөгч бүсгүйчүүдийн өв тэгш бие хаа, гоо үзэсгэлэнг урд хөршийн харчуул магтан шагшиж байсан. Тэднээс бүр хаараагаа ч салгаж чадахгүй, гар утсаараа тасралтгүй бичлэг хийж байсан гээч. Мөн хоёр орны рок попын оддын тоглолт гайхалтай болов. Манай хамтлаг дуучдыг Хөх хотчууд андахгүй юм билээ. Дуу болгоныг нь даган дуулж, сэтгэл өндөр байгаа харагдсан шүү.

Ийнхүү Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол, Хятадын анхдугаар экспо” хоёр орны бүхий л салбарын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд том түлхэц болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *