Categories
мэдээ нийгэм

Монгол хүн НҮБ-аас үлгэр жишээ тариаланчаар шагнуулжээ

oyunchimegНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төв Дэлхийн хүнсний өдрийг Бангкок хотноо энэ сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүлэв. Тус арга хэмжээнд уламжлалт ёсоор Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн оролцсон бөгөөд Эрхэмсэг Гүнжийг ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих төслүүдийг Тайланд болон бүс нутгийн бусад улс оронд хэрэгжүүлж, өлсгөлөнг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг болохыг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өлсгөлөнгийн эсрэг “Zero Hunger” Тусгай Элчин сайдаар зарлав.

Арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр тодруулдаг Ази, Номхон далайн бүс нутгийн 42 улс орноос оновчтой, үр ашигтай, шинэ технологи ашиглан байгалийн хүнд хэцүү нөхцөлд үр тариа, жимс, хүнсний ногоо ургуулж буй үлгэр жишээ тариаланчдад шагнал гардуулах ёслол болов. 2016 оны үлгэр жишээ тариаланчаар Монгол, Вьетнам, Пакистан, Тайланд, Фижи зэрэг таван улсын иргэн шалгарч, шагналыг Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн гардуулав. Манай улсаас шагнал хүртсэн агрономч Ядамын Оюунчимэг нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 27 жилийн хугацаанд ажиллаж, байгалийн эрс тэс уур амьсгалд хүлэмжийн аж ахуйн нөхцлийг сайжруулах, үрийн шинэчлэл, хөрс цаг уурын байдал, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах, ургамалын агро-техник үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус шагналыг олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *