БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ. Тэдний хувьд дахин Монгол хэл, бичгийн шалгалт өгөх шаардлагагүй юм. Энэ сарын 23-нд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан уг шалгалтын тухай Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Монгол хэл, бичгийн шалгалтад энэ жил 18.500 шалгуулагч бүртгүүлсэн. Гэхдээ хүндэтгэх шалтгаантай шалгалтаа өгөөгүй элсэгчид бий. Энэ удаагийн шалгалтад босго оноо тогтоосноороо илүү давуу байлаа. Өмнөх жилүүдэд шалгалтыг босго оноогүй зохион байгуулж ирсэн. Тиймээс элсэгчид шалгалтын материалаа хоосон өгөх тохиолдол гардаг. Энэ удаагийн шалгалтаар ийм асуудал үүсээгүй. Шалгалтад сурагчдаас гадна өмнөх оны ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид оролцсон. Хамгийн өндөр настай нь 56 настай элсэгч байлаа. Монгол хэл, бичгийн шалгалтын дүнгээр 84.1 хувь нь босго оноонд тэнцсэнийг харахад эх хэлний мэдлэг сайн гэж харж байна. Шалгалтад тэнцээгүй 16.9 хувь бол тийм ч өндөр үзүүлэлт биш юм. Элсэгчдийн хувьд эх хэлээр найруулан бичих чадвар сайжирсан боловч монгол бичгээр уншиж, бичих түвшин муу байна. Шалгалтын үеэр элсэгчид монгол бичгийн асуултад буруу хариулах, алдаа гаргах нь их байсан” гэлээ.
БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж буйгаар онцлог. Учир нь энэ сарын 23-нд зохион байгуулсан шалгалтад тэнцээгүй Их дээд сургуульд элсэгчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Хэрэв дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй юм. Гэсэн ч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх эрх нь нээлттэйг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Дашрамд дурдахад, Монгол хэл, бичгийн шалгалтын босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Дахин шалгалтын бүртгэл энэ сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлж амжаагүй хоцорсон бол нэмж бүртгэх боломжгүй, дахин шалгалт өгөх эрхгүй юм байна.