“Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурал дөрөв дэх жилдээ боллоо. Хурлын гол зорилго нь тэдний намтар түүх, улс төрийн амьдрал, гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өвийн талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх явдал ажээ. Энэ сэдвийн хүрээнд түүхэнд нэрээ үлдээсэн Өлзийт Хун Гоо Бэйж, Эх дагина Дондогдулам, Сорхогтани бэхи, Есүй хатан нарын тухай судалгааны илтгэлүүдийг хэлэлцлээ.
“Монгол хатан судлал” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Майдэлгэр “Монголын хатдын тухай түүх, тэдгээрийн үлдээсэн сургаал, өвийг залуучууд, үр хойчдоо танин мэдүүлэх, дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол өргөн хүрээнд судалгааны шинэ ажил, шинэлэг мэдээллийг оролцуулж байгаагаараа онцлогтой” хэмээн ярилаа.
Доктор Л.Билэгт өөрийн илтгэлдээ “Нүүдэлчин ардын соёлд аян дайнаас олзолсон эрэгтэйчүүдээ боол болгож, эмэгтэйчүүдийг эхнэрээ болгон авдаг ёс байсан. Жирийн ард, цэрэг эрийн хувьд эхнэр авах нэг боломж нь энэ байсан аж. Өөр нэг ёс нь хулгайлж буюу богтолж авдаг заншилтай байсан. Их хаан нь байлдаанд ялалт байгуулсан тохиолдолд заавал ёслолын чанартай хурим хийж тухайн эзэлсэн орныхоо нэг эмэгтэйг хатнаа болгон авдаг цэрэг дайны хуультай байжээ” хэмээн эртүеийн нүүдэлчдийн гэр бүл болох ёсны тухай дурдсан юм.
Э.ЯНЖМАА