Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга,Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Казахстаны хэсгийн дарга, БНКазУ-ын Худалдаа, интеграцчлалын сайд Б.Султанов нар ахалж оролцжээ.
Хуралдааны үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам, тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна.
Талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, дээд, өндөр түвшинд ярьж тохирсон ажлуудыг урагшлуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Энэ хүрээнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн хүрээнд цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар ярилцаж, хоёр талын худалдааны хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийн явцын талаар мэдээлэл солилцож, хуралдааны дүнгийн тухай протоколд Монголын хэсгийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Казахстаны хэсгийн дарга, БНКазУ-ын Худалдаа, интеграцчлалын сайд Б.Султанов нар гарын үсэг зурсан байна.
Ээлжит Засгийн газар хоорондын комиссын IXхуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.