Categories
мэдээ улс-төр

Монгол, Камбожийн харилцааг сэргээхээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани, Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кхек Каймеали Сисода, Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлар, Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасарян нар ИЖБ барилаа.

ИЖБ хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдон ирсэн Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани уулзалтын эхэнд Парагвай Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа.

Уулзалтын үеэр хоёр талын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын салбарт сайн харилцаа хөгжиж байгааг дурдаж байв. Монгол, Парагвай хоёр орны хооронд адил төстэй зүйлс олон бөгөөд, тухайлбал, хүн ам тархуу суурьшсан, хөдөө аж ахуй сайн хөгжсөн, далайд гарцгүй, эдийн засгийн хөгжил сайтай орнуудаар хүрээлэгдсэн зэргээрээ ижил юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдад амжилт ерөөж, Парагвайн Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжлахыг хүслээ.

Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кхек Каймеали Сисодаг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Монгол, Камбожийн Вант Улсын найрсаг харилцаа цаашид бүх салбар чиглэлд сэргээн идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Камбож хоёр улс нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн бэрхшээлтэй ч боломжтой чиглэлээр хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалуудыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэж байв.

Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлартай уулзах үеэр Аргентин нь Латин Америкийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг гэдгийг онцолж байлаа.

Хоёр орны олон жилийн сайн харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхинй төлөө чармайж ажиллахаа Элчин сайд энэ үеэр илэрхийлж байв.

Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасаряныг хүлээн авч уулзах үеэр хоёр орон эртнээс найрсаг, сайн харилцаатай явж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдлаа. Тухайлбал, Армяныг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад соёл, боловсролын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, Монголын олон оюутан Ереван болон бусад хотуудын их, дээд сургуулиудад суралцан төгссөн байдаг.

Энэхүү сайн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллахаа Элчин сайд илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарын ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийлээд тэдэнд амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *