Categories
мэдээ нийгэм

Монгол инженерүүд анх удаа ачааны вагон угсарч, тээвэрлэлтэд шилжүүллээ

Зам тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, хувийн хэвшил хамтран Монголдоо анх удаа ачааны вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлж, Зүүн хараа дахь вагон засварын депод угсарсан таван вагоныг энэ сарын 9-ны өдөр тээвэрлэлтэд шилжүүллээ.

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, БНХАУ-ын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа талаар инженер техникийн ажилчид онцолж байв. Эдийн засгийн хувьд ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас орж ирэх ачааны вагоны үнэ 80-100 мянган ам.доллар, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны вагон ойролцоогоор 79,5 мянган ам.долларын үнэтэй байдаг байна. Тэгвэл манайд угсарч буй тус вагон нь 120 орчим сая төгрөгөөр босчээ.

Хоёр дахь шатанд вагоны эд ангийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судлах, зарим түхий эдийг хувийн хэвшлийн компаниудаас авах болон Монголдоо зөвхөн угсрах бус үйлдвэрлэх зорилтыг тавин ажиллана хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлж байв. Тэрбээр “Өнөөгийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт зарим нэг эд ангийг үйлдвэрлэх, улмаар Улаанбаатар төмөр замд нийлүүлэх бүрэн боломж бий. Мөн манай хувийн хэвшлийнхэн резинэн эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж байна. Иймээс ОХУ-аас оруулж ирэх резинэн эдлэлийн импортыг бүрэн зогсоох үүрэг даалгаврыг өглөө. Бид дотооддоо ажлын байрыг бий болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих тал дээр төр бодлогоор дэмжиж ажиллана. Зам тээврийн хөгжлийн яамны хувьд цаашид зөвхөн тээврийн салбарт гэлтгүй импортыг орлох, монгол хүний амьдралд үр өгөөжөө өгөх дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *