Categories
мэдээ нийгэм

Монгол, Германы археологичид 1200 жилийн өмнөх олдворуудыг нээж илрүүлжээ

Зургийн тайлбар: Хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай худаг

Монгол Германы хамтарсан археологичдын баг 1998-2007 онд эртний нийслэл Хархорум хотын нутаг дэвсгэр судалгааны ажлыг хийж байсан билээ. Харин 2007 оноос Уйгурын нийслэл Хар балгас хотыг судалж буй аж. Тус багийнхан өнгөрсөн зун судалгаа, хайгуулын ажлынхаа үр дүнд түүхийн хосгүй үнэт олдворууд илрүүлсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдэгдлээ.

Хар балгас хот нь VIII зууны үед үүсэн бий болсон бөгөөд 200-гаад жил оршин тогтнож байсан юм. Талбайн хувьд 30-аас илүү км2-аас илүү том хэмжээтэй байсан гэдгийг Германы археологийн хүрээлэнгийн ажилтан Кристина Франкен хэлэв. Судалгааны үеэр Хар балгасын ордон хотоос нарийн хийц, зохион байгуулалт бүхий худгийг нээн илрүүлсэн байна. Энэ талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн ажилтан Т.Батбаяр ярихдаа “Хааны ордон хотын их хэрмийн зүүн урд буланд 60х70 метрийн хэмжээтэй газрын гадаргаас 14-15 метр гаруй өндөрлөсөн хэсэг бий. Үүнийг “цидатель” хэмээн нэрлэж байгаа. Энэ байгууламж дээр бид сүүлийн дөрвөн жил төвлөрч судалгааны ажлаа явууллаа. Энэ хэсгээс эртний худаг илэрсэн. Энэхүү худаг нь боржин чулууг зургаан тал гарган өрсөн өвөрмөц хэлбэртэй. Нэг чулуу нь хагас тонн орчим жинтэй. 12 үе бүхий боржин чулуун өрлөг болон ус нөөцлөх тасалгаатай. 13 орчим метрийн гүнтэй. Хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай худаг байсныг урьдчилсан байдлаар тогтоосон” гэв.

Зургийн тайлбар: Зургаан хөг, найман аялгуу 10 тэнгэр дуурсахуйяа” хэмээх утгатай нангиад бичигтэй хүрэл хонх

Мөн малтлагын явцад эртний ховор, үнэт олдворуудыг олсон тухай археологийн багийнхан хэллээ. Тодруулбал, гантиг чулуун хос арслан, чий будагтай модон шонгийн хугархай, нангиад бичээстэй хүрэл хонх, том хэмжээний алтадсан хүрэл цоож, төрөл бүрийн шавар сав суулга зэрэг олдворууд олджээ. Чий будагтай шон нь өдийг хүртэл гялалзсан өнгөө алдаагүй байгаа ба үүний адил чий будагтай олдвор нь Монголд төдийгүй Азидаа ховорт тооцогдох олдвор гэдгийг МУИС-ийн багш, доктор У.Эрдэнэбат онцоллоо. Мөн малтлагын явцад нангиад бичгээр “Зургаан хөг, найман аялгуу 10 тэнгэр дуурсахуйяа” хэмээх утгатай нангиад бичигтэй хүрэл хонх олджээ. Тус хонхыг 1,200 жилийн дараа дуугаргахад хөг эгшиг нь алдагдаагүй байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *