Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх

ЭХЛЭЛ. ЖАРГАЛ ХААЧИВ?

Энэ хорвоод хэн жаргалтай вэ? Тэд нар л жаргасан харагдаад байхаас энэ хавьд нэг их жаргаад цэнгээд байгаа юм барагтайхан. Бодоод байхад дээр үед жаргаж байсан ч юм шиг, сайн мэрийвэл ирээдүйд нэг жаргаж болох ч юм шиг төсөөлөгдөнө.

Одоогийн жаргал нэг л гарт баригдаж өгөхгүй, амьдралын түг түмэн проблем дотор манантан алдрах бөлгөө. Хүүхэд насаа эргэн бодоход жаргалтай боловч яг хүүхэд байхдаа “өөртөө сэтгэл хангалуун байсан уу”гээд өөрөөсөө асуухаар их ондоо хариу гарна. Хэзээ дуусах нь бүү мэд 10 жилийн чилийсэн сургалт, багш нарын дарамт, гэрийн даалгавар нэг нэг бөөн лай, эцэг эх хүссэн мөнгө өгөхгүйн гачлан, биеэр жижгийн зовлон, том хүүхдүүдийн дээрэлхэлт, бушуухан том болоод авбал л нэг хамаг юм шийдэгдээд өгөх аятай төсөөлөгдөнө. Том болоодохсон чинь, хүссэн юм хүнийх байхаас эхлээд аятайхан хань ижил олох ажил гарна, хүсэл хүслээрээ байхдаа сайхан боловч хүзүүгээр татаад ирэхээрээ биш болоод явчихна.

Хүн байна даа, ядахнаа унадаг дугуй авчихмаар байдаг. Дугуй авсан чинь “хүмүүс ядаж мотоцикль унаж байхад ингэж ч явах гэж дээ” гэсэн шүү юм бодогдоно. Энэ үзэгдэл жижиг тэрэгтэй, жийптэй, амины онгоцтой уурхайтай болсон хойно ч үргэлжилж, “жаргахад нэг л жаахан юм дутагдсаар” байх ажгуу. Ийм зовлонгоос салсан хүн байгаа бол сайн хэрэг. Үнэндээ бол орчлонгийн хүрдэнд эргэлдэж төрсөн хэвийн эрүүл хүнд энэ үзэгдэл ямар нэгэн хэмжээгээр байх ба Будда түүнийг “хүсэхийн зовлон” гэж нэрлээд түүнээс холдохын хэрээр жаргалд ойртох тухай сургажээ. Будда Шагжаамунь бээр бид бүхэнд байдаг жаргах, жаргалдаа хүрэх эрмэлзлийг үнэлээд, хүн бүхэн үндэс угсаа, хөрөнгө чинээнээс үл хамааран аз жаргалдаа буюу гэгээрэлд хүрэх тэгш боломж, эрхтэй болохыг 2500 жилийн тунхаглан хэлж өгчээ. Буддагийнхаар бол хүн угаасаа л жаргах гэж төрдөг боловч жинхэнэ аз жаргалаа олж хардаггүй, бас өөрөө жаргахыг тулд өөр шигээ жаргахын хүссэн бусдад үгүйдээ л садаа хийж явдаг, ингэснээрээ өөрийн аз жаргалыг сүйтгэх төдийгүй харин ч ирээдүйдээ зовох шалтгаан бүрдүүлдгийг хэлээд “хамаг амьтан жаргаж байг, жаргах хэрээрээ сайн үйл бүтээж, дараа дараагийнхаа жаргалангийн үрийг тарьж байг” хэмээн ерөөсөн билээ. Энэ ерөөлийн уламжлалт орчуулга нь “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах болтугай” бөлгөө.

НЭГ. ДЭМЖЛЭГ БОЛ БАСАМЖЛАЛ

Манай зарим бүсгүйчүүдэд аз жаргалтай байхад жээндэрийн асуудал нэлээд дутагдаад байгаа бололтой. Энийгээ өөрсдийн хүслээ биелүүлэх гэхээсээ илүү “ардаа жаргаахад эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа” гэсэн утгаар ухуулж байна. Ер нь сэтгэл судлаачдын яриагаар бол нялх хүүхэд, галзуу хүн хоёр л үнэнээ шууд ярьдаг юм гэсэн. Энэ ч яахав. Хүүхнүүд жаргалтай амьдралынхаа төлөө тэмцэх эрхтэй ба тэднийгээ жаргах гэж байхад нь бид ч садаа болох учиргүй. Болтугай. Тэд тухайн намаас нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь гэргий нар байх учиртай гэсэн хууль төсөл өргөн барьсан билээ. 30-аас доошгүй байна уу, дээшгүй байна уу, надад ямар хамаа. Гэхдээ 30 болгоод харахад тэр бүгдээрээ сонгогдоод гараад ирлээ гэхэд бас л Жендер шийдэгдээгүй байна. Учир нь цаана нь эрчүүд 70 хувийг эзэлнэ. Ийм тэгш эрх гэж ямар юм байх билээ, 50:50 болгохоос нааш санаа амармааргүй юм болно. Ер нь эмэгтэйчүүд нь парламентын нийт гишүүний 70 хувийг эзэлж байвал л сая жээндэрлэг болох дараагийн дүр зураг харагдана. Энэ хүсэл биелэх боломжгүй шигээ тулах хязгаар байхгүй.

Уул нь тэгш эрхийн төлөө хөнгөлөлт гэж байдаггүй. Аливаа хөнгөлөлт, нийгмээс олгогдсон илүү боломжийн цаана “хүч чадлаар дорд үзэх” санаа нэвт байдаг. Аливаа хөнгөлөлт нь түүний дутуу дулимагийг бататгасан албан ёсны сертификат болдог. Өндөр настанд, ядууст тэтгэмж олгодог нь “эд бол бусад шигээ амьдрах чадваргүй” гэсэн нийгмийн үнэлгээ л шүү дээ. Хоёр хүн зодоон хийхэд нэгэнд нь муна бариулах байдлаар тэгшитгэж болох уу? Энэ нь рыцарь сэтгэхүйгээр бол шууд л доромжлол, илт ялагдал биз дээ.

Ахмад настанд суудал тавьж өгөхийн цаана энэ бол зогсох чадваргүй сул дорой болсон амьтан гэж үзэх үзэл бий. Хүүхдийн эрх ашиг гэдэг нэрийн цаана хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй, бусдаас дутуу учраас гэсэн санаа бий. Бас эмэгтэйчүүдийн нэр заавал дэвшүүлэх гэдгийн цаана “эд мөрөөрөө яваад гарах ирэх чадваргүй” гэсэн доод үнэлэмж байгаа. Төрөөс л тэтгэж гаргаж ирэхгүй бол ард түмэн эднийг хүн гэж үзэхгүй гэсэн дээрэлхүү санаа бас байгаа. Эртүүд “манай талын” нэг улстөрч тайлбарлаж байх юм. Эмэгтэйчүүд минь та нар өөрсдийгөө албадан байж 30 хүртэл хувь сонгуулах төсөл барьж яваа нь ингэхгүй бол бид гарч чадахгүй улс” хэмээн доошлуулан сурталчилж буй хэрэг бус уу? гэж байна. Бас “хүний тал”-ын нэг улстөрч хэлж байна.

“Эмэгтэйчүүдийн нэрийг маш олноор нь намаасаа дэвшүүлэх шиг амар юм уг нь алга. Даанч гэр бүлдээ хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс болох эмэгтэйчүүд нь өөрснөө хүүхэн-кандидатдаа саналаа өгөх нь бага шүү дээ. Иймээс улс төрийн хувьд намд хохиролтой болоод байгаа юм” гэнэ. Жирийн амьдралтай андын маань жив жирийн гэргий ярьж байна аа “Эртүүд зурагтаар нэг алдарт эмэгтэй гарлаа л даа. Зурагтын сурвалжлагч түүнээс “Та ийм их ажлынхаа хажуугаар гэр орныхоо ажлыг яадаг вэ” гэж асууж байна. Тэрээр “Өө би гэрийн ажилд хавьтдаггүй, Манай нөхөр л нухаж суудаг юм” гэж байна. “Өөрийгөө магтаж болно оо. Харин эр нөхрөө битгий доош нь хий” гэж захимаар санагдсан шүү” хэмээж байна.

ХОЁР. ГЭРЭЭ МЭДДЭГ ГЭРГИЙ НАР

Нүүдэлчин уламжлалт монголчуудын дунд өнөө ч гэсэн эхийн эрхт гэх нь хаашаа юм бэ, ямартаа ч атугай гэргийн эрх мэдэл ноёлсоор байгаа юм. Жинхэнэ эрх мэдэл бол эдийн засгийн эрх мэдэл гэдэг өнцгөөс харахад ийм байдаг. Хэвийн монголжуу амьдралтай, дундаж харчууд цалин, орлогоо эхнэртээ тушаадаг. Эхнэр нь аймаар шуналтай, нөхрийнхөө мөнгийг хурааж авдаг донтой ч юм биш. Гэр бүлийн төсвийг хамгийн зөв зохиож, ам бүлийнхээ менежмэнтийг хэнээс ч дутуугүй хийгээд явж чаддаг учраас л эрчүүл нь тэдэнд найддаг. Ихэнх харчуул эхнэрийнхээ зарцуулж буй мөнгөнд төдий оролцоод байдаггүй. Хэрвээ ингэх гэвэл ихэнх авгай нөхөртөө “Би энэ мөнгөөр чинь өөртөө юм авчихаагүй. Дуртай юм бол өөрөө энэ мөнгөө барихгүй юу” гэсэн түс тас хариу өгөх нь олонтаа. Цөөнгүй харчуул “өөрөө эдийн засгаа барих” гээд үзсэн байдаг. Гэвч тун удалгүй эхнэрийнхээ “төсвийн захирагчийн эрх”-ийг сэргээхэд хүрдэг. Учир нь гэргий нар бол гэр бүлийн хамгийн сайн менежер гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдгоос тэр. Ингээд эрчүүд нь төсвөө бүрдүүлэх, эхнэр нь түүнийг захиран зарцуулах маягтайгаар дундаж монгол айлын амьдрал явдаг.

Мэдээж эрчүүлд найз нөхөдтэйгөө идэж уух, идэхгүй уух гээд л мөнгөний хэрэг гарна. Энэ хөрөнгийг өрхийн төсвөөс гаргаж таарахгүй. Иймээс өөрийн олж буй мөнгөний өчүүхэн хэсгийг “шамшигдуулах” маягаар мөнөөх “нууц сан”-гаа бүрдүүлэхдээ тулна. Ингээд төсөв захиран зарцуулах эрхээр дамжуулан гэр бүлийн эдийн засгийн эрх айлын эхнэрийн гарт төвлөрдөг. Хүн амьтанд өгөх ойр зуурын бэлэг сэлтээс авахуулаад гэрийн төсвийн зарцуулалтад оролцдог эр хүнийг “тулга тойрсон юманд хошуугаа дүрдэг муу эр” гэж нийгэм нь үздэг тул эрчүүл төсвийн зарцуулалтыг хянаад байх ёс суртахууны эрхгүй болоод явчихна. Чухам ийм “төсвийн цоорхой” байдгийг ашиглан нас өндөр болсон хүмүүс хүүгээ бараадахаас илүүтэй, охиноо бараадаж насныхаа сүүлийг үдэх нь элбэг ээ. Хүүгийн талыг дагахаар “бэрийн царай харах” хэцүү гэдэг. Хатуухан гартай төсөв захирагчийн гарт орно гэсэн санаа л даа.

Айлын эхнэрийн санхүүгийн гол эрх мэдэл авгайдаа байхыг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, эрчүүл хоорондоо хийсэн наймаа тохироогоо буцахад хэцүү байдаг. Энд ганц аминд ордог юм бол “Хөгшөөн намайг уучлаарай, ийм наймаа хийнэ гэсэн чинь авгай дургүйцээд ямар ч арга алга” гэхээр хэн ч ойлгон хүлээн авдаг. “Авгай нь тэгж байгаа бол ямар ч аргагүй” гэсэн үг хэмээн хүлээн авдаг даа.

Монгол бүсгүйчүүд “өөрийхөө гэрийг бариач, өрхний чинь оосрыг татъя” хэмээн дуулдаг. Энэ нь “Чи минь өрх тусгаарлаж өөрийн гэр орон, төсөвтэй болооч, би аж ахуйг чинь амжилттай хөтөлнө шүү” гэсэн л санаа шүү дээ.

Монгол гэргий нөхөртөө хүндлэн цайныхаа дээжийг барьдаг уламжлалтай. “Жээндэрлэг” өнцгөөс харахад нөхөртөө зарцлагдаж, аягачин шивэгчин хийж байгаа мэт. Хэрэг дээрээ нөхөртөө хэдийнэ ямар цай өгөхийг мэддэг шийддэг хүн л байхгүй юу даа. Эхнэрийнхэ өгсөн цай хоолыг муу муухай гэж голж буй эр хүн тусгүй харагддаг даа.

Харин санхүүгийн эрх мэдлийг эхнэр нь авлаа гээд айлын эр хүний байр суурь суурь унах нь үгүй. Эр хүн төсвөө захирахгүй байлаа гээд хүндлэлээ алдахгүй. Гэр бүлийн голлох шийдвэр нүүж суух, ажил төрөл солих гээд айлын эр хүний мэддэг юм олон байна аа. Яг л үндсэн хуульт хаант орны төрийн тэргүүн шиг. Хаан төсөв захирдаггүй боловч үлэмж хүндэтгэлтэй ба улсаа төлөөлөх, дайн зарлах эрхтэй байдаг лугаа адил харагддаг. Олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн нэгэн эмэгтэйг би таних юм. Тэрээр “ядаж хөл дээрээ босоод нөхрөө ирэхэд цайг нь чаначихаад сууж байдаг юмсан” гэж мөрөөдөнгүй ярьж байсан. Энэ нэг өрнөдийн жээндэрлэг өнцгөөс харвал “нөхөртөө бушуухан зарцлагдах”-ыг хүсч буй хоцрогдсон бүдүүлэг эмэгтэйн дүр зураг. Харин бидний уламжлалт өнцгөөс харах юм бол төсөв захирагчийн мэдэлдээ бушуухан эргэж очих хүсэл мөрөөдөл юм аа. Учир нь тэр нөхрийнхөө цайг чанахын тулд цайны орцыг өөрөө бэлдэнэ, ямар цай хэдийг өгөхөө шийднэ. Тэгээд нөхрийнхөө хоол унд хувцас хунарыг, улмаар өрхийн төсвөө мэдэж эхэлнэ шүү дээ.

Мэдээж авгай нь хамаг мөнгөөрөө архи уугаад, эсвэл аав ээждээ өгөөд явуулчихвал тэр айл хэцүүдэж нөхөр нь хөндлөнгөөс оролцоход хүрнэ. Ингэх нь тун ховор учраас мянга мянган монгол айл хэвийн жирийн амьдралтай болж бүтээд явж байгаа юм.

Бас муу эхнэр байдгийн нэгэн адил муу нөхөр хаа сайгүй л байгаа хэрэг. Наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд олшроод байгаа нь муу. Энэ нь эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа юу гэвэл тийм. Гэхдээ монгол уламжлалт гэр бүлийн талаас харж үзвэл эрэгтэйчүүдийн санаа илүү зовох зүйл мөн. Учир нь манай эмэгтэйчүүд төсвийн захирагчаас, төсөв бүрдүүлэгчийн эгнээнд орж, монгол эрчүүл гэр бүлээс илүүдэж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Их мөнгө олдог, алдар хүндтэй эхнэртэй байх нь сайн хэрэг. Гэхдээ ийм айлыг хүмүүс өрхийн тэргүүнийх нь нэрээр биш, авгайнх нэрээр дуудаад сураад эхэлдэг юм билээ. Хаалга тогшоод, тохиолдлоор өрхийн тэргүүн Дорж нь үүдээ нээхэд “энэ Цэцэгмаа гуайнх мөн үү” гэж асуудаг болчихдог юм л даа. Ухаандаа Оросын ерөнхийлөгч Путин манайд ирлээ гэж бодъё. Тэгээд онгоцны буудал дээр манай Ерөнхийлөгч асан Энхбаяр түүнийг угтлаа гэж саная. Тэгтэл Путин түүнээс “ учлаарай, Ерөнхий сайд Баяр хаа байна” гэж асуугаад зөрөөд явчихвал ямар байхсан билээ.

ГУРАВ. ТӨР МЭДЭХЭЭР ЭРЭЭ МЭД

Ардын уламжлал, үндэсний филисофи дуу хуурандаа илрэх нь бий. Монгол ардын дуу шүлэг Өүлэн эх, Мандухай цэцнээсээ авахуулаад гайхамшигт бүсгүйчүүдээ магтан, эхийгээ ачлан хайрлахыг ятган сэнхрүүлнэ. Хүүхдүүд анх дуу сурахад “бөөрөнхий биеийг минь өсгөсөн ээжийнхээ ачийг яанам бэ” гэж асууна. Мэдээ ормогц бурхан шашны номлол сонсох ба хамгийн түрүүнд “Молон тойн эхдээ ач хүргэсэн нэр судар” судална. Эцгийн тухай дуу шүлэг тун ховор. Хааяа нэг тааралдах боловч “аав ээж хоёр мину” гэхчлэнгээр “эхийн хавсарга” маягаар орно.

Ийм сэтгэлгээтэй ард түмэн улс төрд цойлон орж ирсэн бүсгүйчүүдийг үнэн халуунаар дэмжин өргөдөг. Одоо ч гэсэн энэ Оюун, Ганди энэ тэрээс авахуулаад массаараа хүлээн зөвшөөрдөг улстөрч бүсгүйчүүл бишгүй л байна шүү дээ.

Монгол эмэгтэйчүүд хэдийгээр өөрсдөө илээр төрд орж ирдэггүй ч гэсэн улс төрдөө хамгийн их нөлөөтэй улс шүү. Ухаалаг улс төрчид сонгуулийн үеэр айл гэрийн эзэгтэй рүү чиглэсэн, тэдний итгэлийг олж авахыг эрмэлзсэн сурталчилгаа хийдэг. Гэргий нар нөхрийнхөө саналыг эсэргүүцэхгүй, илт буруушаахгүй боловч нэг л мэдэхэд нөхөр нь “авгайн санал”-тай сууж байх нь олонтаа. Өрх тусгаарлаагүй хүүхдүүд нь эхийн саналыг л ер нь гол болгоно. Ингээд бодохоор цэцэн цэлмэг улстөрчийн зөв болоод ирдэг.

Өөр нэг өнцгөөс харахад эрчүүл төр барих боловч төр баригчийн гэргий үнэн чанартаа “улсын нууц ноёнтон” болох нь түгээмэл элбэг. Бүр ийм уламжлал ч бий. “Нууц товчоо”-гоо эргэн санацгаая. Хар багадаа өнчирсөн хөвүүн Тэмүүжингээ хаан болтол нь менежмэнт хийсэн хүн бол ээж Өүлэн үжин нь. Өүлэн ээжийн орыг аажмаар хатан Бөртэ эзэлдэг. Чингис хаан түүний “түвэгшээсэн”-ий мөрөөр ажиллан даварсан бөө Тэв тэнгэрээс нэгмөсөн сална. Улмаар нэг л гэгээн өглөө хааны өвөрт хэвтэж байсан Бөртэ хатан нь “Жамухыг мурих цаг болсон” гэдгийг ойлгуулж, түүнээ ч хийлгэж байна. Мөн Чингис хаан алс газар дайнд мордохын өмнө хайртай хатныхаа зөвлөсөн дагуу “өв залгамжлагчаа” зарладаг. Их Чингис хааны гол гол шийдвэр, алхам түүний цэцэн мэргэн ээж, ухаант хатадын санаанд эхлээд боловсорч байсныг “Нууц товчоо” бидэнд хэлдэг. Чухам эндээс монгол хүүхнүүдийн “төрөө мэдье гэвэл эрээ эхлээд мэд” гэсэн философи урган гарч байна.

ТӨГСГӨЛ. ЖАРГАЛ

Хүн бүр жаргаж яваг гэж Будда ерөөсөн юм. Хувь хүний аз жаргал улс нийгмийн үнэт зүйлст гэхээсээ илүү гэр оронд нь, сэтгэл зүрхэнд нь байдаг билээ. Ажил алба хичнээн амжилттай, эх орон нь хичнээн хөгжилтэй байлаа ч авгай ууртай, өөрийн бие нь өвчтэй байвал яахин жаргах билээ. Будда цааш нь сургахдаа “Аливаа зүйлийн сайн муу, сайхан муухай, хүчир хийгээд хялбар нь цаад юмныхаа мөн чанараас хамаарахгүй. Харин чи түүнд яаж хандаж байгаагаас хамаарна” хэмээн захижээ.

Өөрийн хүүхэд хойморт шээвэл өхөөрдмөөр билээ. Харин айлын хүүхэд ингэвэл зэвүү их хүргэнэ. Уул нь гарч байгаа зүйл нь ав адилхан мочевин билээ л.

2009.11.17

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *