Монгол-Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан Монгол-Францын найрамдлын нийгэмлэг, Монголын Үндэсний номын сан хамтран нэгдүгээр сарын 30-нд “Номын баяр”-ыг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Францын зохиолчдын бүтээлээс, нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат, Ахмад дипломатч, орчуулагч Т.Төмөрхүлэг, Д.Лхамсүрэн нарын монголын тухай франц хэл дээр хэвлэгдсэн түүх, соёл шинжлэх ухааны судалгааны үнэ цэнэ бүхий номын цуглуулгаас, түүнчлэн багш нарын бүтээлээс дээжлэн нийт 250 гаруй номоор үзэсгэлэн дэлгэж үзүүллээ.
Тодруулбал, дэлхийн сонгодог бүтээлд зүй ёсоор багтдаг А.Дюма, Ж.Верн зэрэг алдартай зохиолчдын уран бүтээлүүдээс гадна Франц хэл дээрх толь бичиг, үндсэн хууль, түүх, хэл шинжлэлийн зэрэг уншигчдын хамгийн эрэлт хэрэгцээтэй номууд дэлгэгджээ. Номын баярын арга хэмжээнд БСШУ-ны дэд сайд Б.Тулга оролцож “франц хэл сонирхогчид, суралцагсад, орчуулагч, уран бүтээлчид оролцсон энэ баяр нь МҮНС-ийн гадаад харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо” гэдгийг онцолсон юм.