Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтэд шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал” өнөөдөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлтээр эхэллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, академийн харьяа хүрээлэн, их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэд оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үзэсгэлэнг нээж хэлэхдээ, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа дурдаад, инновацын тэргүүлэх чиглэлийг Засгийн газраас тогтоож, гарааны компаниудыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Мөн инновацын бүтээгдэхүүн, мэдлэгийн шинэ төрлүүдийг бий болгож, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлснээр хүрээлэн, их, дээд сургуулиудын дэргэдэх гарааны компаниудыг бойжуулж, өргөжүүлэхэд түлхэц болно гэв.

Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниас бүрдсэн 45 байгууллагын 350 орчим бүтээл, бүтээгдэхүүн дэлгэжээ. Тухайлбал, хоолойн махны үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл, Агаарын чанарыг мэдээлэх систем, Эрүүл мэндийг өдөр тутам хянах зүүдэг төхөөрөмж, Цомцогт бэр цэцгээс гарган авсан бактерийн эсрэг ам зайлагч, Экскаваторын зарим эд ангийг үйлдвэрлэх технологи, Угаадасны нүхний бохирыг цэвэрлэх бэлдмэл зэрэг монгол эрдэмтдийн бүтээсэн шилдэг бүтээл, бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Тухайлбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд давирхайтай тос, давирхайтай сүүлний тос, өтгөн барагшун, үсний тэжээлийн тос, ванны давс, гэдэс цэвэрлэх эрдэст цай зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн дэлгэсэн байлаа. Мөн тус хүрээлэнгийн гарааны компаниуд хуурай шар сүү, чацаргана, шар сүүн ванны бөмбөлөг, малын тэжээл, цэвэрлэгээний нунтаг, ус цэнгэгшүүлэгч, гумины бордоо, үнэр дарагч бэлдмэл зэргийг танилцуулж байв.

Тус үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд маргааш үргэлжлэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *