Монгол улсын эдийн засаг өдрөөс өдөрт тэлж буйн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөх болсон. Тиймээс эрчим хүчний салбарт хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний хангалт сайжирна гэж эдийн засагчид үзэж байна.
Багануурын станцыг концессийн гэрээгээр барина
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах “Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгааны ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох, бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх аж. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800-900 сая ам.доллар.
Бөөрөлжүүтийн станц жилдээ 35.5 сая долларыг татварт төлнө
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг хэрэгжүүлэх болсон. Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад жилд 35.5 сая ам.доллар, төсөл дуусах хүртэл нийт нэг тэрбум ам.долларын татварыг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой аж. Мөн 300 гаруй Монгол иргэдийг шууд ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр Монголын аж ахуйн нэгжийг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.
Тавантолгойн станцын санхүүжилт нэг тэрбум доллар
Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчаар Японы Марубени компани шалгарсан. Цахилгаан станцын урьдчилсан санхүүжилт нэг тэрбум орчим ам.доллар. Энэхүү төсөл нь 30 жил үргэлжлэх юм байна. Барилга угсралтын үед 2000-3000 хүнийг ажлын байраар хангах гэнэ. Уг цахилгаан станцыг 2019 онд станц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжсэнээр улсад жил бүр 50 гаруй сая ам.долларын орлогоор урьдчилсан тооцоо бий. Тус станцад Оюутолгой компани баталгаа гаргаж өгсөн.
“Шивэ Энержи”-д 11 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ
Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь “Шивээ Энержи” төсөл юм. “Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр төлөвлөгдөж байгаа юм. Төслийн хүрээнд Говьсүмбэр болон Дорноговь аймгаар дамжин нийтдээ 1300 километр шугам тавигдахаас гадна Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортолохоор төлөвлөөд буй. Төслийн хүрээнд 9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц баригдах бөгөөд энэ нь Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэж байгаа цахилгаан станцуудтай харьцуулбал бараг 10 дахин илүү хүчин чадалтай байх гэнэ. Энэхүү эрчим хүчний аварга том “мангас”-т жилдээ 34 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой аж.