Энэтхэгийн Засгийн газрын Соёлоор харилцах зөвлөл, Жавхарлал Неругийн нэрэмжит их сургууль, “Энэтхэг сан” болон Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яам хамтран Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны II бага хурлыг Шинэ Дели хотноо 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулав. Жавхарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн хурлын төвд болсон бага хурлын үеэр Монголын тухай сүүлийн хоёр жилийн хугацаанд Энэтхэгт хэвлэгдсэн ном товхимол, сэтгүүл, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлэв. II бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Монгол судлалын холбооны Дэд тэргүүний хувиар ивээн тэтгэсэн юм.
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яамд, хоёр улсын Их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудын оролцоотойгоор “Чингис хаан, түүний өв, Монгол, Энэтхэгийн соёлын харилцаа” сэдэвт анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулах үеэр ээлжит бага хурлыг Энэтхэг Улсад зохион байгуулахаар II бага хуралд шийдвэрлэсэн билээ.
ШУТИС-ын Бизнес удирдлага, хүмүүнлэгийн Их сургуулийн багш, Дэд професор Б.Пүрэвсүрэн, Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал, Профессор Д.Пүрэвжав, Боловсролын Их сургуулийн багш, Профессор А.Оюунтунгалаг, Элчин сайд, Профессор Пунчок Стобдан, Жавхарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн Ази судлалын тэнхимын захирал, Профессор Шарад Сони зэрэг эрдэмтэн, судлаачид оролцон “Монгол, Энэтхэгийн харилцаа,Монголын бичиг, соёлын түүхэн дурсгалууд” сэдвийг хэлэлцэв.
Монгол, Энэтхэгийн харилцааны II бага хурлыг нээж Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Ганболд, Соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн ерөнхийлөгч В.Сахасрабудде, Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн захирал Ж.Кумар, “Энэтхэг сан”-гийн захирал хошууч генерал Д.Каточ нар үг хэлэв.
Эртний Энэтхэгийн самгарьд хэлнээс монголчуудын уламжлан авч нутагшуулан хэрэглэсэн, шинээр зохиосон бичиг үсгүүд дорно дахины мэдлэгийн их өвийг Монгол нутагт түгээн дэлгэрүүлэхэд хүчтэй нөлөөлсөн. Эрдэм соёл, оюун санааны ойр дотно харилцаатай явж ирсэн. Монгол, Энэтхэгийн ард түмний уламжлалт хэлхээ холбоо шинэ агуулга, хэлбэрээр баяжин хөгжихөд үе үеийнхний хүчин зүтгэл, түүний дотор Монголчуудын дунд “Элчин багш” хэмээн хүндлэгдэн өнөө жил мэндэлснийх нь 100 жилийн ой нь тохиож буй БНЭУ-ны Элчин сайд асан Кушок Бакулагийн идэвх чармайлт чухал үүрэг гүйцэтгэсэн. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модийн 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал Монгол, Энэтхэгийн харилцаанд тэмдэглэлт үйл явдал болсон бөгөөд тэрхүү айлчлалын үеэр яригдсан асуудлууд амжилттай хэрэгжиж байгааг үг хэлсэн хүмүүс цохон тэмдэглэв.
Түүнчлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн дараагийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хэлэлцэн тогтов.