БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Отгоны дело (хэрэг) 1980. МАХН-ын намын боловсон хүчнийг бэлддэг МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль гэж байсан. Тэнд намын боловсон хүчин бэлдэж сургадаг ч ихэнх суралцагчид нь намын доод шатны байгууллагын дарга, ажилтан, албан хаагч байдаг, Хоёр сараас нэг жил хүртэл мэргэжил дээшлүүлэх курс дамжаанд явдаг байлаа. Мөн ихэнх суралцагсад хөдөө орон нутгаас ирнэ. Тус сургуулийн бүх хичээл орос хэлээр орно. Хичээлийн танхимд багшийн амнаас ганц ч монгол үг гарч болохгүй гэж сургуулийн захиргаанаас шаардана. Гэтэл нас нэлээд хэлбийсэн, урьд нь дээд сургуулиар явж байгаагүй, ихэнх нь хөдөөнөөс ирсэн хүмүүсийн дунд орос хэлтэй нь өдрийн од шиг. Тус сургуулийн эдийн засгийн багш Отгон хурал дээр энэ асуудлыг тавиад эдгээр суралцагсад хичээл огт ойлгодоггүй болохоор ярилцах асуух юм ер гардаггүй, тэгээд ч нас нь явчихсан болохоор цоо шинээр орос хэл суралцах бололцоо байхгүй байна гэж шүүмжилжээ.
Үгийнхээ төгсгөлд “эд хөдөөнөө эргэж очоод хонь малтайгаа оросоор ярилцах юм уу!” гээд аваад хаяж. Энэ нь томоохон асуудал болж намын бодлогыг эсэргүүцсэн хэрэгт оров. Отгон багшийг намаас нь хөөж, ажлаас нь халсан төдийгүй оюуны хөдөлмөр хийх бололцоог нь бүрмөсөн хаажээ. Өөрөөр хэлбэл боломжийн цалинтай ажилд орох бололцоог нь хаасан гэсэн үг.
Гочоогийн дело (хэрэг) 1981. Хөдөө аж ахуйн яамны харьяа ургамлын хортон шавьжтай тэмцэх газарт Гочоо хэмээх нэлээд зальжин сүйхээтэй эр ажилладаг байжээ. Түүний хариуцсан ажил нь хортон шавьж устгахын тулд хордуулсан тариа будааг тариалангийн талбайд цацах. Тиймээс ч хөдөө их явна. Хотоос гарахдаа машиныхаа номерыг дарга нарын улаан номероор сольж чухал том даргын дүрд хувилна. Ажил нь амархан бүтэхээс гадна хаа явсан газраа хүндлэл хүлээж дайлж цайлуулахын тулд. Сайдынхаа машиныг унаад алга болчихсон тохиолдол ч бий, гэхдээ зальдаад аргалаад өнгөрөөнө. Дээдэс дарга нарын нэр барина. Гадаад эхнэртэй, тэр нь уран эмэгтэй бололтой гэртээ хувцас оёж зарна, хувиараа аж ахуй хөтлөх нь хориотой боловч огт сэжиг төрүүлэхгүй, баригдахгүй. Нэг үгэндээ Монголын Остап Бендер. Үнэндээ хуулийн үүднээс авч үзвэл гэмт хэрэг хийсэн явдал үгүй. Гэтэл нэг удаа хөдөө томилолтоор явахдаа ачиж явсан хордуулсан будаагаа эзгүй газар булж нуужээ. Залхуурсан юм болов уу. Энэ нь баригдлаа. Түүнийг шүүхээр оруулж 12 жилийн ял өгсөн. Энэ бол хүн амины хэрэгт өгдөг онцгой ял. Захиалга эсвэл даалгавар, магадгүй тушаал! Мэдээж зальтай нөхөрт дургүй дарга нарын зүгээс. Хашрааж байгаа юм болов уу?
Акимын дело (хэрэг) 1996. “Ил товчоо” сонины эрхлэгч Готовын Аким сониндоо бичсэн нэгэн өгүүлэлдээ “Махан овоо цусан далай бий болгосон Монгол ардын хувьсгалт нам” гэсэн өгүүлбэр оруулжээ. Үүний төлөө МАХН шүүхэд хандан түүнээс 80 сая төгрөг нэхэмжлэв. Прокурор асуудлыг шүүрэн авч шүүхэд шилжүүлсэн төдийгүй “Ил товчоо” сонинд улсын нууцтай асуудал хэвлэгдсэн гэдэг өөр нэг гомдолтой нийлүүлэн гурван жилийн хорих ял төлөвлөжээ. Аким шүүх хуралд МАХН-ын өөрийнх нь хэвлүүлсэн түүхийн ном, сурах бичгийг үзүүлж “ийм олон хүн алахаар цус гарах уу, тос гарах уу?” гэсэн асуулт тавьсан нь шүүгчдийг мохоосон төдийгүй тэд бүгдээрээ инээлдэж байв. Улсын нууц задруулсан асуудлыг үүрэг хүлээсэн тодорхой хүмүүс хариуцлага хүлээх болохоос шинэ иргэн болгон улсын нууц хадгалах үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримтлан авч хэлэлцээгүй. Акимыг шүүх цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Энхсайханы дело (хэрэг) 1996. Дөнгөж Ерөнхий сайд болоод байсан Мэндсайханы Энхсайхан, гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон дарга С.Зориг нар зөрчилджээ. Шалтгаан нь Тагнуулын газрын даргыг хэнээр тавих тухай. Аль алинд нь энэ хэрэгт оролцох, саналаа үгээ хэлэх эрх бий. Ерөнхий сайд өөртөө хамаарах Тагнуулын газрын даргаар генерал Баатарыг дэвшүүлж албанд нь дөнгөж тавьсан байв. Харин Аюулгүй байдлын хороон дарга энэ албанд Баатар тэнцэхгүй гэж үзжээ. Гол нь Тагнуулын даргыг тавихдаа Аюулгүй байдлын хороотой зөвшилцсөнгүй гэдэгт уурласан.
Ийм маргаан болсныг гишүүн Ц.Нямдорж олоод сонсчихжээ. Баатар нь Ерөнхий сайд Бямбасүрэнгийн үед Тагнуулын газрыг толгойлж байхдаа Нямдоржийг Хятадын тусгай албадтай холбогдож байсан баримтыг олж түүнийг мөрдөх ажиллагаа зохиосон гэдэг. Иймээс Нямдоржийн ясны дайсан, тэгээд ч Баатар дахин тэр албандаа эргэж орвол Нямдоржийн тухай улам их юм ухах болно.
Иймээс Аюулгүй байдлын байнгын хороон даргыг гуйн Тагнуулын албанд шалгалт оруулъя гэж шалсан гэдэг. Шалтгааныг түүнд тайлбарлахдаа Ерөнхий сайд Энхсайхан гишүүдийг мөрдөж, утсыг нь сэм чагнаад байна, энэ талаар тагнуулын шударга ажилтнууд надад дуулгалаа гэжээ. Удтал шалсны эцэст Аюулгүй байдлын хороон дарга зөвшөөрч комисс байгуулан шалгасан. Баатар дөнгөж шинэ албаа хүлээж авангуутаа Ерөнхий сайд асан Жасрайг мөрдөж, утсыг нь байнга чагнаж байсан гэсэн дүгнэлт тэндээс гаргуулсан. Энэ бол худал дүгнэлт байсан, учир нь тэр үед дөнгөж зах зээлд нэвтэрч эхэлж байсан гар утсыг тагнах, сонсох төхөөрөмж Тагнуулын газарт байгаагүй. Юутай ч Нямдорж үүнийгээ түмэн янзаар тайлбарлан зүтгэсэн учир Энхсайханыг сая төгрөгөөр торгох шийдвэр шүүхээр гаргуулж дөнгөсөн. Хамгийн гол нь Баатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаас нь халуулах шийдвэрийг УИХ-аас гаргуулж чадсан. Тагнуулын даргаар төдөлгүй Энхнасан томилогдсон.
Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.
2020.5.17