Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол “ДЕЛО” (3)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Монгол тээхийн тагнуулын дело (хэрэг) 1939. Хорлон сүйтгэх ажиллагаа бүлэглэн үйлдсэн хэргээр олон хүнийг баривчлан буудан хороожээ. Нарийвчилсан баримт олддогүй, 1950 онд Хилийн цэргийн архивыг устгахад алга болсон бололтой.

Ерөнхий сайдыг орлогч Жамсран, Доржпүрэв нарын дело (хэрэг) 1940. Жамсранг Ерөнхий сайдын орлогчоор томилоод ердөө ганц сарын дараа гэнэт баривчлан тагнуулын хэрэг тулгаж буудан хороожээ. Энэ делогийн учир олддоггүй, баримт бичиг үлдээгүй, 1950 онд хилийн цэргийн архив устгахад алга болсон бололтой.

Эрүү шүүлт тулгах тухай дело (хэрэг) 1941. Хэдийгээр баривчлагсдыг хүний санаанд оромгүй аймшигтайгаар тамлан хэрэг хүлээлгэдэн практик Монголд гүн нэвтэрсэн, энгийн үйлдэл болсон байсан авч үүнийг зөвшөөрсөн хууль журам байгаагүй юм. Үүнийг нууц тогтоолын дагуу зөвшөөрч албажуулсан бичиг баримтыг 1941 онд үйлдэн хүчний байгууллагуудад тараасан байна. Эрүү шүүлт тулгахыг зөвшөөрсөн актад Чойбалсан, Цэдэнбал нар гарын үсэг зуржээ.

Баасанжавын дело Баасанжав, Сэнгэдорж, Пунцагдорж 1940. Намын Х их хурлын өмнө намын цэвэрлэгээ явагдав. Намын их хурлын өмнө Баасанжавыг баривчлан алахыг Зөвлөлтийн Дотоод хэргийн сайд Берия өөрийн амаар Чойбалсанд даалгасан байдаг. Нам талаасаа ганц үлдсэн том дарга нь Баасанжав байсан юм. Баасанжав болон түүний бүлэг гэгдэх хүмүүсийг баривчлан тамлан зовоосны эцэст тэрээр цус алдан үхжээ. Биечлэн хороосон хүн нь Дотоод яамны сайд Жамбалдорж.

“Харилцаа” хэмээх сүлжээний дело (хэрэг) 1942. 1942 онд 11 малчныг баривчилж Японы тагнуулын “Харилцаа” хэмээх сүлжээнд холбоотой байсан гэж яллажээ.

“Урвагч” хэмээх сүлжээний дело (хэрэг). 1943. Японы тагнуулын сүлжээнд хамаарч байсан хэмээн 1943 онд Сүхбаатар аймгийн хил орчмын энгийн ардууд, малчдыг олноор нь баривчлан эрүү шүүлт тулгажээ. Нэлээд нь эрүү шүүлт даалгүй шоронд үхсэн байна.

Мэргэн жаалын дело (хэрэг) 1943. Хэнтий аймгийн Биндэр суманд Хүүхэн хутагтын хойд дүрээр Ламаадан хэмээх бяцхан хүүг тодруулжээ. Жаал хүү Цэдэнбалын тухай муу зүйл төлөглөсөн бололтой. Ламаадангийн багш Норовын баривчилж буудан алав. Хүүг бас баривчлан Улаанбаатарт авчирав. Хүүгийнхээ араас ирсэн малчин ард Гомбо, эх Янжмаа нарыг шүүхийг тогтоолгүй буудан хороов. Хүүг Дотоод яамны ажилтан Болд өрөөндөө буудан хороосон гэх.

Өвөрмонголчуудын дело (хэрэг) 1945. Дэлхийн II дайны дараа Монгол Улсад дүрвэн ирсэн 500 орчим барга голдуу өвөр монголчуудыг тагнуул хэмээн шийтгэв.

Өмчийн эсрэг дело (хэрэг) 1947. Улс олон нийтийн өмчийг хамгаалах тухай “Жамбалдоржийн хар хууль” гэж нэрлэгдсэн хууль гарчээ. Улсын өмч тун өчүүхнээр дутаасан болон хардагдсан бол олон жилээр хорих, цаашилбал цаазаар авах ёстой аж. Энэ хуулийн дагуу огт гэмгүй 342 хүнд маш хүнд ял тулгаж нэлээдийг нь цаазаар авчээ.

Баяр, Лувсангийн дело (хэрэг) 1950. Улсын бага хурлын нарийн бичгийн дарга Баярыг улсын өмч гэрийн гадуур бүрээс дутаасан хэргээр баривчлав. Шоронд нас барсан. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Лувсан хивс хулгайлсан хэрэгт орсон тул хоёуланг нь хатуу шийтгэхийг Чойбалсан тушаажээ. Гэвч Цэдэнбалын хүсэлтээр Лувсанг тушаал бууруулан БНХАУ-д элчин сайдаар томилов.

Порт-Артурын тагнуулын дело (хэрэг). 1948 он 1948 онд Чойбалсангийн амь насанд халдахаар завдсан хэмээх хэрэгт 100 гаруй хүнийг баривчилж 40 гаруйг нь буудан хороожээ. Хэргийг санаачлагч нь Цэдэнбал.

Дэмчигдонровын дело (хэрэг) 1950 он. Өвөр Монголын удирдагч Дэмчигдонровыг 1949 онд Монголд урьжээ. Ирэхгүй болохоор нь Улаанбаатарт суудаг хүүгээр нь захидал бичүүлж батламжлуулсан аж. Ирснээс нь хойш тун удалгүй 1950 оны хоёрдугаар сарын 27-нд цэрэг-улс төрийн хүнд гэмт хэрэгтэй хэмээн баривчлав. Япон, Америк, Гоминдааны тагнуул гэсэн ял тулгав. Минжааны жанжин штабын дарга асан Буяндэлгэр, генерал асан Линши нарын хамтаар мөн оны 10 дугаар сард саяхан коммунист болсон Хятадад хүлээлгэж өгөв. Хүү Дугарсүрэнг тагнуулын хэрэгт гүтгэн буудан хороов. Эхнэр, нялх хүүхдүүдийг нь хөдөө цөллөө.

“Ноос алт” дагасан дело (хэрэг)

Малын тоог 200 сая хүргэх төлөвлөгөөг дагасан дело (хэрэг)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *