БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
АНХНЫ ЗАСГИЙН ГАЗАР
1911 оны хувьсгалын голлон санаачлагч удирдагч оролцогч дэмжигчид нь Богд Жавзандамба, Бадамдорж, Чагдаржав, Ханддорж нар ба Баргаас ирсэн Хайсан гүн, Удай гүн, Дамдинсүрэн, Халимгаас ирсэн Дамбийжаа нар байсан аж.
Үзэл санааны удирдагч нь Богд байсан боловч эрх чөлөөний төлөөх тэмцлийн анхны инстүүцийг хошой чин ван Чагдаржав толгойлж байжээ. Анхны Засгийн газрын бүрэлдэхүүнд Дотоод яамны сайдаар Цэрэнчимэд, Сангийн сайдаар Чагдаржав, Шүүх яамны сайдаар Намсрай, Гадаад явдлын яамны сайдаар Ханддорж, Цэргийн яамны сайдаар Гомбосүрэн нар томилогдсон. Засгийн газрын тэргүүний үүргийг Цэрэнчимэд гүйцэтгэж байв. Засгийн газрын гишүүд хар шараараа хуваагдан маргаж эхэлсэн тул харын төлөөлөгч Намнансүрэнг дараа нь албан ёсны Ерөнхий сайдаар тохоон томилсон.
1912 оны Орос Монголын гэрээний Монголын талыг удирдаж байсан Цэрэнчимэд Оросын төлөөлөгч Коростовичтой байнга маргаж тэдний “дайснаар” тодорчээ. Цэрэнчимэд 1914 онд Улиастайн Оросын консулынхантай уулзсаны дараа хорлогдож үхсэн. 1915 оны Хиагтын гэрээнд Монголын талыг толгойлж байсан Чагдаржав цаад талуудтайгаа байнга маргалдаж, ялангуяа Хятадын төлөөлөгчдийн дургүйг ихээр хүргэсэн учир тэдний гомдлоор эгүүлэн татагдаж, тун удалгүй сэжигтэйгээр нас барсан. Ханддорж хэтэрхий Оросын талыг баримтлагч нэгэн байлаа.
Тэрээр 1915 онд үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн. Туулын эрэгт мориндоо чиргүүлдсэн байхыг нь маргааш нь олсон байна. Хожмын түүхчид болон уран зохиолчид түүнийг Богд хаанд хорлогдож үхсэн мэтээр бичсэн нь цэвэр гүтгэлэг юм. Гомбосүрэн, Намсрай нар 1920 онд залуугаараа өөд болсон. Ерөнхий сайд Намнансүрэн 1919 онд Орос орж Эрхүүгийн большевикүүдтэй уулзжээ. Буцах замдаа гүн хордож гэртээ хүрэлгүй одоогийн Өвөрхөнгайн Есөнзүйлд бие барсан.
Хайсан, Удай нар зөрчлийн улмаас Монголоос хөөгдсөн, Дамдинсүрэн гамингийн шоронд үхсэн. Дамбийжааг Улиастайд оросууд баривчлан авч одоод шоронд хорьсон.
БАРОНЫ ГЭГДЭХ ЗАСГИЙН ГАЗАР
1920-21 оны үйл явдал буюу Монгол орны гамингаас чөлөөлөх тэмцлийн гол үйл явдлын санаачлагч оролцогч манлайлагч нар нь барон Унгерн, Богд хаан, Цэвээн тэргүүн, Хатанбаатар Магсаржав, Баргаас ирсэн Найдан гүн, Баяр гүн, Оросоос ирсэн Сипайло, Шинжаанаас ирсэн генерал Бакич, Алтайн халимаг Кайгородов, Буриадаас ирсэн Ванданов нар байсан аж.
Унгерний цэрэг 1921 оны хоёрдугаар сард Хүрээг чөлөөлж, улмаар Монгол орноор нэг тарсан байсан гаминг даран сөнөөсөн юм. Тэрээр Богдыг эргэж хаан ширээнд нь залсан. Хоёр жилийн завсарлагатайгаар Монголын Засгийн газар дахин шинээр ийнхүү эмхлэн байгуулагдав. Үүнийг хожим нь Унгерний засаг хэмээн гүтгэх болсон ч монголчууд өөрснөө хааныхаа ивээл дор хэний ч шахалт тулгалтгүйгээр байгуулжээ.
Ерөнхий сайдаар, Ерөнхий сайд бөгөөд Дотоод явдлын яамны сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг, Гадаад явдлын яамны сайдаар Дашжавыг, Цэргийн яамны сайдаар гүн Доржцэрэнг, Сангийн сайдаар Цэвээн тэргүүн гэгдэх Лувсанцэвээнийг, Шүүх яамны сайдаар бэйс Чимиддоржийг тус тус томилов. Хатанбаатар Магсаржавыг Бүх цэргийн жанжнаар тохоон томиллоо. Дамдинбазар тун удалгүй Баруун аймгийг тохинуулах сайдаар томилогдон нутаг явсан тул Ерөнхий сайдаар манзшир хутагт Цэрэндоржийг тохоон томилсон бөлгөө. Цэрэндоржийг 1930 онд цаазаар авсан. Лувсанцэрэнг Бодоогийн хэрэгт оруулан 1922 онд буудсан. Дамдинбазараас бусад нь бүгд цаг бусаар нөхчсөн. Барон Унгернийг цэрэгт нь алба хааж байсан Сундуй гүн гэгч гэнэдүүлэн баривчилж улаантнуудад тушаажээ. Түүнийг Новониколаевскэд шүүхээр оруулан буудан хороосон.
АРДЫН ХЭМЭЭХ ЗАСГИЙН ГАЗАР
1921 оны ардын хэмээх хувьсгалын голлон санаачлагч удирдагч оролцогч дэмжигчид нь Богд хаан, цэцэг хэмээх Чагдаржав, Бодоо, Данзан, Сүхбаатар, хутагт Дамдинбазар, Магсар хурц, Магсаржав ван, Сумъяа бээс, Буриадын Ринчино, Цэвээн Жамсрано, Оросоос Сороковиков, Кучеренко, Шумяцкий, Борисов, Баторун, нар байсан аж.
Ардын засгийн Ерөнхий сайдаар Бодоо томилогдов. Тэрээр Гадаад явдлын яамны сайдыг хавсарч байсан. Засгийн газрыг эвслийн маягаар байгуулсан тул Бодоо Ардын намыг төлөөлсөн бол Түшмэдийн бүлгийг төлөөлсөн Данзан Сангийн сайдад, Сүхбаатар Цэргийн яамны сайдад тус тус очжээ. Ноёдын намыг төлөөлж хурц бээс Магсаржав Шүүх яамыг, Да лам Пунцагдорж Дотоод яамыг авч сайдаар томилогдсон. Үндсэн хууль болох Тангаргын гэрээгээр Богд хаанд шашины асуудлыг даатгаж хэмжээт эрхт хаан болгов. Бодоо, Пунцагдорж нар 1922 онд, Данзан 1924 онд цаазлуулсан бол Сүхбаатар 1923 онд, Богд хаан 1924 онд сэжигтэйгээр өөд болжээ.
ДЕЛО ТӨРСӨН НЬ
Энэ үеэс монгол хэлэнд “хэрэг” гэх ухагдахуун орж иржээ. Энэ нь “дело” гэсэн орос үгийн орчуулга бололтой. “Дело” гэсэн үгэнд олон утга буй боловч хууль зүй болон улс төрийн утга нь “цуглуулсан материал дээр тулгуурлан тусгайлан шийдвэрлэх хэрэгтэй гэж эрх барьж буй хэсгийнхнээс үзсэн хэрэг явдал”-ыг нэрлэнэ.
Материал бүртгэлийг мөн Дело гэх ба монгол хэлээр “дело хавтас”, “хэрэг нээх”, “боловсруулах” гэх болжээ. Зохиомол хэрэг бүрдүүлэн яллах ажлыг удирддаг байсан Зөвлөлтийн “Боловсронгуй сургагч” нарын нэрээс “боловсруулах” гэдэг хэллэг гарсан байх магадтай. БНМАУ-ын үед энэ хавтас ном бичгийн хэрэглэлийн худалдааны лангуу дүүрэн байсан нь Аюулаас хамгаалахаас гадна нам эвлэл, пионерийн шугамаар хүн бүхэнд “дело” нээх хэрэгцээ шаардлага байсантай холбогдоно.
Сонирхолтой нь энэ үгийг англи, герман хэлээр ч “delo” гэх ба энэ нь тухайлбал англи хэлний “case”-ээс ялгаатай.
Саж ламын дело (хэрэг) 1921. Үүнийг 1921 оны 11 сард большевикүүд үүсгэсэн ба орос нэрээрээ “дело тибетцов”. Богдыг гамингийн шоронгоос чөлөөлсөн Жамъянданзан тэргүүтэй 50 орчим хүнийг баривчилж ихэнхийг нь буудан хороожээ. Зорилго нь Богд хааны нэр сүрийг “урвагч” болсон төвдүүдтэй холбон бууруулах, шарын шашны нөлөөг багасгах. Хожим нь Монголыг яаралтай Бүгд найрамдах улс болгон өөрчлөх шаардлагаар Богд хааныг хорлосон байх магадлалтай.
Бодоогийн дело (хэрэг) 1922. Зөвлөлтийн большевикүүд Ардын нам болон Ноёдын нам хэмээх бүлэглэлд итгэл алдарсан учир Засгийн газрыг өөрчлөх хэрэгтэй гэж үзээд зохиомол хэрэг үүсгэн Бодоо болон Дотоод яамны сайд Пунцагдорж, Түр Засгийн газрын Ерөнхий сайд Чагдаржав тэргүүтэй олон хүнийг 1922 онд баривчлан цаазалжээ. Тэдний орос сургагч Сороковиков байцааж хэргийг “боловсруулан” бүрдүүлсэн. Ардын намын анх долоогоос “дело”-гүй үлдсэн хоёрхон хүний нэг Сүхбаатар. Гэхдээ, Зөвлөлтийн орж ирсэн улаан цэрэг дээрэм тонуул хийгээд байгаа учир Монголын нутгаас яаралтай гаргах шаардлага тавьсан учир 1923 онд Сүхбаатарыг хорлосон байх магадлалтай. Үхэхээс нь өмнөхөн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны албанаас нь гэнэт чөлөөлжээ.
Данзангийн дело (хэрэг) 1924. Зөвлөлтүүд Түшмэдийн нам хэмээгдэх бүлэгт итгэл алдарч өмнөөс нь Бошгыг халах залуучуудын эвлэлийг сөргүүлэн тавьжээ. Тэдний тусламжаар Бүх цэргийн жанжин Данзан, туслах Баваасан нарыг баривчилж буудан хороов. Ажиллагааг гардан хийгч нь буриад Ринчино, Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч Васильев нар.
Xудоньская фракция-ын дело (хэрэг) 1928. Монголын удирдлага бие даах гэж оролдох болсныг номхотгохоор 1928 онд Коминтернээс удирдан төрийн эргэлт зохион байгуулав. Үүндээ тэд Москва дахь коммунист их сургууль гэгчийн суралцагсад, Тверийн морин цэргийн сургуулийн сонсогчид, Улаанбаатарын намын сургуулийн оюутнуудыг нийлүүлэн оросоор “Худоньская фракция” гэх МАХН-ын доторх залуучуудын бүлэг байгуулан ашиглажээ. Хуралд Шмералиар удирдуулсан Коминтерний 13 төлөөлөгч гэнэт ирж нам төрийн удирдлагыг бүрэн өөрчиллөө. Тухайн үеийн удирдагч нарыг Москва руу томилон явуулсан ба тэд удалгүй баривчлагдан бүгд буудуулсан. Хэргийн гол гүйцэтгэгчид нь Гэндэн, Элдэв-Очир, Лааган, Шижээ, Бадрах, Жигжиджав гэх мэт.
Шижээ, Бадрахын дело (хэрэг) 1930. Увснуур, Ховд аймгийг Тува, Шинжааны Жунгартай нийлүүлэн чадвал тусгаар улс, ядвал автономи байгуулах төлөвлөгөөг Коминтернээс сэдэж үйл хэргийг хэрэгжүүлэхээр Шижээ, Бадрах нарыг томилжээ. Үүнээс болж Монголын удирдлага халх, ойрдоороо талцан хуваагдав. Хүний олноор халх тал ялсан. Энэ үед халхын Гэндэн-Дэмидийн гэх бүлэг үүссэн бололтой. Монголын асуудлыг Коминтерн хариуцахаа больж большевик нам гардах болсны дараа Шижээ, Бадрах нар баривчлагдан Москвад ачигдав. Тэднийг буудан хороосон.
Эрэгдэндагвын дело (хэрэг) 1930. Эрэндэндагва тайж хэмээхээс 1930 онд Банчин богдод бичсэн гэх захидал олджээ. Олдсон, олдсон байдлаар зохион байгуулсан эсэх эргэлзээтэй. Энэ нь Монголд ажиллаж байсан зөвлөлтийн сургагч нарын хувьд том олз болов. Үүгээр далимдуулж толгой лам нар болон Монголын язгууртнуудыг цөм цохих ажиллагааг сургагч нар хөгжүүлэв. Егүзэр хутагт Галсандаш, Манзшир хутагт Цэрэндорж, Дилав хутагт Жамсранжав, баатар гүн Гомбо-Идшин нарын долоон хүнийг буудан хороов. Дилав хутагтыг сэмээр өршөөж Хятад руу тагнуулаар явуулсан.
Эсэргүү бослогын дело (хэрэг) 1932. Монголд коммунизм байгуулахаар ард иргэдийн мал хөрөнгийг хураах, хүчээр хамтрал байгуулах, бурхан шашиныг хориглох арга хэмжээ авсан нь нийт ардын санаа, сэтгэлийг алдагдуулж улмаар бослого хөдөлгөөн, гадагш дүрвэлт болж иргэний дайнд тулжээ. Гол төлөв бороохой, ангийн буугаар зэвсэглэсэн ардын эсрэг танк, их буу, нисэх онгоцоор зэвсэглэсэн байнгын цэрэг дайчлан оруулж сөнөөн дарав. Бослогод оролцогсдыг толгой дараалан устгасан. Бүрэн бус мэдээгээр 7500 гаруй өрхийн 30 мянга орчим ард хил гаран зугтаж дүрвэжээ. Тэднийг пулемёт буугаар шүршин үй олноор нь устгаж байсан баримт ч бий. Бослого дэгдээгчдийн 70 гаруй хувь нь нам эвлэлийн гишүүд байлаа. Тэдний дунд цэргийн офицер, урьд нь цэрэгт алба хаасан ардууд, хамтрал хоршооны дарга, идэвхтэн, сэхээтэн боловсролтой хүмүүс ч нэлээд байв. Тэр байтугай төрийн дээд эрх барих Улсын бага хурлын гишүүн тав байсан. Хожим энэ хэргийг “Лам нарын эсэргүү бослого” гэж албан ёсоор нэрлэсэн авч бослогод үнэндээ лам нарын оролцоо бараг байгаагүй юм. Гүйцэтгэгч нь МАХН, Монголын Засгийн газар, Монгол ардын журамт цэрэг.
Лхүмбийн дело (хэрэг) 1934. Сталинаас “Нармай Монголын хэрэг” гэгчийг үүсгэн буриадуудыг хядаж эхлэв. Үүнд Ленинградын, Эрхүүгийн, Улаан-Үдийн бүлэг гэгчийг зохиожээ. Энэ ажиллагаа хил даван Монголд Улаанбаатарын, Хэнтийн, Дорнодын бүлэг гэгчийг буй болгон гол төлөв Зөвлөлтийн хамтралжуулалтаас зугтан Монголд дүрвэж ирсэн буриад нарыг хамруулав. Бүх бүлгийн толгойлогчоор Өвөрхангайн халх Лхүмбийг сонгож авсан ба тэрээр буриад эхнэртэй байв. Нөгөө нэг шалтгаан нь Халх Ойрд удирдагчдын зөрчилдөөнд тэрээр ойрдын талд орсонд, Ерөнхий сайд болсон халх Гэндэн их хорсож байсан нь түлхээс болжээ. Хэдэн зуун буриадыг баривчилж 56-г цаазалж, олныг нь шоронд хорьсноос гадна 260 хүнийг ССС-рт хүргэж өгсөн. Лхүмбийг цаазлан хороосон.
Гэндэн Дэмидийн дело (хэрэг) 1937. Лам нараа устга гэж Сталин удаа дараа шахсан боловч Гэндэн хуурч аргалаад байв. Зөвлөлтийн цэргийг Монголд оруулахыг шаардахад нь Дэмид зэвсэг техникээ өгчих бид өөрсдөө аргалъя гээд байж. Ингээд Дэмидийг Москвад уриад замд нь хордуулж алав. Гэндэнг Ерөнхий сайдаас нь хусч Москва руу авч одлоо. Түүнийг арваннэгдүгээр сарын 26 буюу Улсын Бага Хурлын даргаар сонгогдож төрийн номинал тэргүүн болсон тэр өдрийн ойг нь тохиолдуулан буудан хороожээ. 1937 оны есдүгээр сарын 10-нд Монголын нам төрийн голлох удирдлага болох 13 хүнийг шүүхийн тогтоолоор буудан аллаа. Цаашлаад гол төлөв Японы тагнуул хорлон сүйтгэгч байсан хэмээх зохиомол хэрэг тулган нам төрийн удидлага, ажилтан сэхээтэн 1100 орчим хүнийг цаазалсан. Гол гүйцэтгэгч нь Зөвлөлтийн Дотоод хамгаалахын орлогч Фриновский, Батлан хамгаалахын орлогч Смирнов, Монголд суух төлөөлөгч болон Дотоодын хамгаалахын зөвлөх Таиров, Миронов, Чопяк, Голубчек, Монголын талаас Чойбалсан болоод Дотоод яамны нэр бүхий ажилтнууд.
Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугаарт үргэлжлүүлье.
2020.3.8