Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж буй Монгол Улсын 23 дахь аварга Намсрайжавын Батсуурьтай өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадамд Н.Батсуурийг түрүүлж аварга болно гэж таамаглаж байсан бөх сонирхогч ховор байсан. Заалны барилдаануудад Хөвсгөлийн Х.Бөхбаяр, Ховдын Б.Сосорбарам нарын сумын заануудад өвдөглөчихөөд байсан болохоор тэр л дээ. Харин улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нарыг түрүү бөхөөр нэрлэж байсан юм. Өнөө жилийн наадмаар таавар эвдэж Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Намсрайжавын хүү Батсуурь ес даван түрүүлж ард түмнээ баясгалаа. Тэрээр 2014 онд улсын харцага цолтой улсын наадамд зодоглож аварга Ч.Санжаадамба, гарьд Ш.Жаргалсайхан нарыг өвдөг шороодуулан түрүүлж улсын арслан цол хүртсэн юм.
Монгол бөх удам дагадаг гэдэг. Тэгвэл улсын аварга Н.Батсуурь гурван үеийн бөхийн удамтай. Түүний өвөө Жотойн Гэлэг 1950 оны улсын их баяр наадмаар улсын аварга Шаравын Батсууриар тав давж улсын начин цол хүртсэн юм. “Миний хөгшин аав 1950 онд нутгаасаа нэг сар гаруй шуудангийн машинаар явж улсын наадамд зодоглосон юм байна лээ. Долдугаар сарын 11-ний өглөө стадион дээр ирж. Цэргийн дарга нар бүртгэл хаачихсан, барилдуулах боломжгүй гэж л дээ. Би баруун хязгаараас зорьж ирлээ гээд учирлан гуйсан юм билээ. Нэг дарга нь бодсоноо хоёр цэргийг дуудаж авчраад “Та хоёрын хэн нь хаядаг юм бэ” гэж асууж л дээ. Тэгээд нөгөөдөө унадаг гэсэн цэрэгт нь хандаж “Энэ хүнийг оронд нь оруулъя” гэсэн шийдвэр гаргаж хөгшин аавын минь магнайг баярлуулсан гэсэн.
Ингээд анх удаа улсын наадамд зодоглож, улсын аварга Шаравын Батсууриар тав давсан юм” гэж шинэхэн аварга өвөөгийнхөө талаар хуучилсан. Увс нутгаас төрсөн анхны улсын цолтон Ж.Гэлэг зургаагийн даваанд “Дэрэн бор” хэмээх улсын арслан Самданжигмэдтэй хүч үзсэн байна. Арслан нүд рүү нь гараа хийчихэд нүд нь бүлтрээд гараад ирсэн байна. Улмаар нүдээ гарын алган дээрээ нааж байгаад буцаагаад хийчихсэн аж. Барилдах гэсэн боловч эмчийн магадлагаагаар хасагдаж уналгүйгээр начин цолны тэмдэг зүүжээ.Мөн Батсуурийн аав нь 1988 оны улсын их баяр наадмаар зургаа давж улсын харцага цол хүртэж байжээ. 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Равдангийн Даваадалай шинэхэн аваргын ээжийнх нь ах гэнэ. Ардын хуьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын өглөө цэнгэлдэлэхэд ир бяр нь тэгширсэн нутаг нутгийн хүчтэнүүд цугларч байв. Арслан Н.Батсуурь улаан дээлээр гоёж том хар цүнх үүрсээр цэнгэлдэхэд орж ирэв. Түүний хамгийн дотны зөвлөх аав нь хүүгээсээ алхам ч холдолгүй дагаж яваа нь харагдсан. Наадмын өмнө “Увс нуур” галынхаа наадамд түрүүлсэн болохоор ч тэр үү, өөртөө итгэлтэй тайван байх аж.
Эхний даваануудад арслан ам бөхчүүдээ гарынхаа үзүүрээр сэгсрээд явчихсан. Харин дөрвийн даваанд Хөвсгөлийн Шинэ-Идэрийн аймгийн арслан Ц.Сандагдоржтой оноолтоор таарчээ. Арслан өнгөрсөн жил энэ даваанд халтирсан болохоор ч тэр үү, алдаа гаргасангүй. Тавын даваанд тэрээр Булганы Д.Амарсайхан начинг амлажээ. Улсын цолны төлөө зүтгэж буй залуусын зовлонг биеэрээ мэдэрсэн учраас залуусаас амлаагүй талаараа тэрээр ярьж байсан юм. Ам бөхөө бариа зөрүү дээр л малгай шигээ чулуудчихаад хамгийн түрүүнд туг тойрохоор гүйв. “Булганы “жижиг” Амараа ч ингэж гарын үзүүрт явчих хүн биш дээ. Арслангийн бэлтгэл онцгой сайн байна” гэж наадамчид өөр хоорондоо ярилцаж байв. Зургаагийн даваанд тэрээр аймгийн хурц арслан Ц.Бямба-Очирыг мөн л бариа зөрүүн дээр эгэм тахим хийгээд л туг тойрсон. Өндөр даваанд бөхчүүдийн бие хүндэрсэн байдаг учраас барилдаан нэлээн удааширсан. Энэ зуур арслан маань дугхийгээд авч буйгаас харахад их тайван байгаа нь ажиглагдсан юм.
Долоогийн даваанд тэрээр заан цолны төлөө зүтгэж буй Баянхонгор аймгийн хурц арслан Н.Золбоог амлажээ. Барилдааны эхэнд хурц арслан Н.Золбоо Н.Батсуурийг зайлж гуд татаж дөрвөн хөллүүлээд толгойг нь уургалаад ававГэсэн ч залуу хурц арслан хутгах гээд барьцаа алдчихав. Улмаар барилдаан удааширч барьц сонгосонд хүрэхэд Н.Батсуурийн аз нь шовойх нь тэр. Хашир арслан ч хавираад дороо хийчих нь лээ. Их шөвөгт арслан маань нэг дэвжээний хүчтэн улсын заан Н.Жаргалбаяртай тунажээ. Барилдахаар гарахын өмнө нь улсын арслан Б.Ганбат, харцага Г.Намсрайжав нар Н.Батсуурьт “Давхар золгооноос өмнө барилдаанаа шийдвэрлэх”-ийг зөвлөөд гаргав. Аралтай заантай таарсан арслан ч барилдааны эхнээс санаачилгыг авч зүүн золгооноос мөргөж дамжиж ард нь гарсан ч хараахан гүйцээж чадалгүй барьцаа алдчихав. Дараахан нь зааны баруун хөлд нь суйлж тэнцвэр алдуулсан ч даваагүй. Барилдааны төгсгөлд Жаргалбаяр заан баруун талдаа мордоход нь арслан Батсуурь талаа солиод сунгаж татаад өнхрүүлчихсэн дээ. Түрүү бөхийн тааварт яригдажбайсан Жагаа заан ч ногоон дэвжээгээ нүдэндээ нулимстай орхиж байна лээ. Түрүү байрын төлөө барилдахаар шалгарсан арслангаа Увсын улсын цолтнууд бүгд шахуу бүчиж авчээ. Их шөвгийн барилдааны явцад арслангийн баруун хөлний шөрмөс нь татчихжээ. Улсын заан Ж.Ганболд массаж хийж хийж тайвшруулж байв. Түрүү байрын төлөөх барилдаан төд удалгүй эхэлж 512 хүчтэнээс шалгарсан хоёр хүчтэн бие биенийхээ алхаа гишгээг анхааралтай ажиглаж байв. Энэ зуур арслан Батсуурь өмнө давааны амьсгаагаа дараад авчээ. Барилдааныг нүд салгагүй анхааралтай харж зогссон арслан П.Бүрэнтөгс, Н.Жаргалбаяр нар “цаад чинь өхийлдөнө гээд гарсан даа. Талаа солиод баруунаас хийх байх шүү” гэж хэлж дуусаагүй байхад нь арслан ганцхан өхийлдчихөөд тугны зүг гүйчихэв. Тэндээс Намсрайжав харцага хөл нь газар хүрэхгүй шахуу гүйж ирж хүүгийнхээ баярыг хуваалцаж байгаа харагдав. Өнөө өвдөг шороодоод харуусч зогссон Жаргалбаяр дэвжээний ахынхаа аварга болсонд нь баярлаж медалиас нь адис авч байна лээ. “Даваа болгон хүнд байлаа. “Увс нуур” бөхийн галынхны надад өгсөн эрч хүч дотор минь буцалж байлаа. Бие минь ядарч байсан ч сэтгэлээр ядарсангүй” гэж шинэ аварга хэлнэ лээ.
Н.Батсуурийн монгол бөхийн оргилд хүрэх зам цэх, шулуун байсангүй. 2007 онд Ховд аймгийн наадамд хорьж болохгүй 20 насандаа зодоглож дөрвийн даваанд өөрийн аав улсын харцага Г.Намсрайжавтай оноолт таарч даваа авсан байна. Харин цолны төлөөх хариуцлагатай даваанд тунаж барилдаад аймгийн начин болж байжээ. Улсын их баяр наадамд 10 удаа түрүүлсэн дархан аваргаХорлоогийн Баянмөнх Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн цолны босгоор алхжээ.
Аймгийн начин Н.Батсуурь цол ахихаар хэд хэдэн наадамд зодоглосон ч “ганзага хоосон” буцаж байжээ. Аймгийн арслан цол горилж Дорноговийн наадамд очиж зодоглоод нэгийн даваанд уначихаад уйлаад буцаж байсан үе ч түүнд бий. Завханы наадамд ногт ганзагалж очиход нь гурвын даваанд улсын гарьд Ш.Жаргалсайхан амлаж гомдоож байсан гэдэг. “Завханы наадмаар би амьхандаа аймгийн арслан цол горьдож очсон юм. Тэгсэн гурвын даваанд Жагаа ах амлаж аваад тасалчихдаг юм. Би уйлаад. Тэгээд л наашаа гараад 2000 км замын турш барайгаад л дотроо Жагаа ахад жигтэйхэн гомдсон хүн ирж байсан. Бид хоёр чинь тэгээд хөгжилтэй. Дараа нь Жагаа ах надаас уучлал гуйгаад ”за, ахын дүү зүгээр үү” гэж байсан. Бөхийн амьдрал хатуугэдгийг тэгэхэд ойлгосон шүү” гэж ярьж байсан юм. Цолоо ахиулж хараахан амжихгүй байсан тэрээр улсын наадмын дэвжээнд анх зодоглохдоо улсын харцага Д.Батболдод тахим өгч байжээ. Харин дараа жил нь дөрвийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодож байсан аж. “Х.Мөнхбаатар арсланг өмнө нь хоёр ч удаа давсан болохоор өөртөө их л итгэлтэй гарсан. Гэхдээ улсын том цолтой бөх чинь наадмаар хий зай нь арилчихсан байдаг юм билээ. Наадмын дэвжээнд яарч түргэн шийдвэр гаргаж болохгүйг тэр барилдаанаас ойлгосон шүү” гэж дурссан нь бий. 2011 онд дахин зодоглосон ч оноолтын даваанд До.Ганхуяг арсланд унасан байна. “Улсын наадамд гурван удаа доогуур даваанд уначихаар чинь “Би улсын цол авах учиргүй юм болов уу ч гэж бодогдож байсан шүү. Гэхдээ цаг хугацаа хүний хүч хөдөлмөр, бэлтгэл сургуулилтыг үнэлдэг юм билээ” гэж ярьж байсан юм.Тэрээр 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд зодоглож улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж олон жил хүлээсэн аймгийн арслан цол хүртсэн байна. Цол дагаж бяр нэмсэн залуу арслан Н.Батсуурь 2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмаар зургаа давж улсын харцага цолд хүртсэн юм. Бусад залуу бөхчүүд шиг нутгийн ах цолтнуудын дэмжлэг, татаас яриа хөөрөө хийх шаардлага бэлтгэл сургуулилтаа сайтар базаасан Батсуурьт байсангүй. Бөхийн барилдааны гурвын даваанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат улсын харцага Б.Одгэрэл (тухайн үед аймгийн хурц арслан байсан)-тэй тунаж барилдаж давсан байна. Оноолтын даваанд өмнөх наадмын түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй нугарч дархан бусгаагаараа хазайлгаж анх удаагаа улсын цолны даваанд боссон юм. “Тэр жил Бүрнээ маань аварга болохбодолтой байхад нь дөрвийн даваанд би таарч хаясан юм. Хамт бэлтгэл сургуулилт хийдэг болохоор хэн хэнийхээ арга барилыг сайн мэддэг. Энэ нь надад амар байсан л даа” гэж энэ барилдааныхаа талаар ярьж байсан юм. Начин цолны төлөө тэрээр нутгийн бөх Ө.Бат-Оршихтой барилдаж гар таллаж дамжиж ард гарснаар мэхээ даалгаж улсын цолтнуудын өнөр бүлд багтжээ. Начин болсон Батсуурь харцага цолны даваанд Говь-Алтайн өсөх идэр начин Лувсандоржийн Цэрэнтогтохтой тунаж уран сийрэгхэн барилдаан үзүүлж туг тойрчээ.
Аавынхаа цолонд хүрсэн Н.Батсуурь бөхийн өргөөнд зохиогдсон улс аймгийн цолтнуудын барилдаанд тогтмол амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэж шөвгөрч байсан юм. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэлжилтийн формоо амжилттай хадгалсан Н.Батсуурь Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баярнаадамд одтой сайхан барилдаж Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолны болзол биелүүлсэн юм.
Уяачдын наадам дээр төрийн наадмын түрүү бөх хүчит аварга Намсрайжавын Батсуурьтай уулзлаа. Тэрээр сэтгэл ихэд тэнэгэр, ёстой л нэг Монгол бөхийн дээд цол аварга цолонд хүрсэн бөх ийм байдаг байхдаа гэж бодогдохоор харагдана. “Улсын аварга хэмээх хүндтэй эрхэм цолонд хүрлээ. Их баяртай байна. Намайг дэмжиж ирсэн ард түмэндээ баярлалаа. Цолондоо эзэн болж бөхөд хайртай монгол түмнээ хүндэтгэн барилдах болно. Монгол Улсын дархан аварга хэмээх дээд цолонд хүрэхийн төлөө өөрийгөө дайчлан зүтгэх болно” гэж бахтайхан хэлсэн. Уяачдын наадам дээр уламжлал ёсоор төрийн наадмын түрүү үзүүрт шалгарсан хүчит бөхчүүдэд шагнал гардуулдаг. Увс аймгийн нутгийн зөвлөл шинэхэн аваргадаа шагнал гардуулах мөч ирэхэд Батсуурь аварга наадмын торгон асраас инээмсэглэсээр гарч ирсэн юм. Монгол төрийн наадамд 10 удаа түрүүлсэн 100 жилийн бөхийн од Баянаа аварга “Манай Намсрайжав буянтай сайхан хүн юм. Монгол Улсын аварга цолтой бөх төрүүлсэн байна” хэмээн уярангуй хэлээд шинэхэн аваргаа дахин дахин үнсэж харагдсан.
“Түрүүлэх хэмжээний арслангуудтай дөрвийн даваанд оноолтоор таарч олон ч удаа унасан. Түрүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн бөхчүүдээс илүү сайжирч байж анх эхлүүлсэн зорилгодоо хүрэх хувьтай байсан юм билээ” гэж Батсуурь аварга ярьсан.
“Тэр жил наадмын нээлт 11:00 цагаас эхлэх байсныг би мэдэлгүй өглөө 9:00 цагт төв цэнгэлдэхэд очсон. Хоёр цаг орчим хүлээсэн дээ. Тэр үед наадмын түрүү бөхийг “Тоёота” машинаар байлах анхны уламжлал эхэлж байж л дээ. Өнөөхийг нь “Төв цэнгэлдэх”-ийн үүдэнд “сойчихсон” байсан юм. Хараад хамт очсон хүргэн ахдаа би тоглоомоор “Түрүүлчихээд наадмын талбайгаа “Тоёота” унаж тойрох юм биш биз дээ. Ер нь авч яагаад болохгүй гэж” хэмээн хэлж байсан юм. Одоо бодоход өөртөө итгэлтэй байсан ч юм шиг санагддаг юм. Эхний өдөр хоёр давчихаад маргааш нь гэрээс гарахдаа эхнэртээ “Би том цол авна шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэж захиад арслан болоод харьсан даа” хэмээн шиэнэхэн аварга төрийн наадамд анх түрүүлсэн дурсамжаасаа хуваалцсан юм.