Categories
мэдээ нийгэм

Монгол болон казах хэлний боловсролын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ

Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм. Ирэх оноос төслийн дөрөв дэх шат хэрэгжих аж. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас төслийн дараагийн шатанд бага ангийн хүүхдүүдийн монгол хэл болон казах хэлний боловсролын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх саналыг төсөл хэрэгжүүлэгчдэд тавьсан байна.

“Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр” нэрээр хэрэгжсэн төслийн эхний гурван шатанд тус аймгийн 42 сургуульд 211 сая төгрөгийн үнэ бүхий хөгжмийн зэмсэг, дугуйлангийн хэрэгслүүд, физик, хими, математикийн сургалт явуулах лабораторийн хэрэглэгдэхүүн, номын шүүгээ, тавиур, 36 сургуульд STEM сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлж байжээ.

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн удирдагч Рабиа Али тэргүүтэй ажлын хэсэг энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм. Тэрээр аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзан санал солилцож, сургуулийн удирдлагуудыг хамруулан зөвлөлгөөн зохион байгуулсан байна. “Энэ удаагийн зөвлөлгөөнөөр төслийн хэрэгжилтийн тайланг сонсож, дөрөв дэх шатны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдвал ямар зорилтот бүлэгт чиглэсэн төсөл хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлаар зөвлөлдсөн” гэдэг мэдээллийг аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Аяужан өглөө.

Тус газрын хувьд сурагчдын монгол хэл болон казах хэлний боловсролын түвшинг дээшлүүлэх замаар аймгийн боловсролын чанарыг сайжруулах боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд энэ саналаа төсөл хэрэгжүүлэгчдэд уламжлаад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *